“Эх орноосоо урвасан” гэх хэргийн цаана…

4000

Эх орноосоо  урвах нь  уучилж болохгүй үйлдэл мөн

Сүүлийн жилүүдэд “эх орноосоо урвасан” гэх  нэр томъёо  олон нийтэд сонсогдох болсон төдийгүй Эрүүгийн хууль дэх эл зүйл ангиар нэг бус хүмүүс шийтгэгдсэн тухай мэдээлэл гарсан. Харамсалтай нь энэ үйл хэргийн “жинхэнэ” эзэд нь магадгүй  эрх мэдлийн “сүр хүчин дор нуугдаж”, тэдний үүрэг даалгаврыг биелүүлсэн бусдад ял оноох байдал ажиглагдах боллоо гэж хардахад хүргэж байна. Ингээд уншигчиддаа зориулан “Эх орноосоо урвасан” гэх  гэмт хэрэгтэй холбоотой мэдээллийг хүргэе.

 

Урвагчдыг  шийтгэж байсан түүх

27_ce68fee7Монголчууд бид хэзээнээс урваач шарваачидад таагүй хандаж ирсэн. “Монголын нууц товчоо”-оос шүүн үзвэл Чингис хаан эзэндээ үнэнчээр хандагсдыг хэзээд өргөмжлөн хүндэлдэг, эзнээсээ урвагсдыг ямагт хатуу цээрлэдэг байжээ. Монголын нууц товчооны 149-р зүйл: “…Ширээт өвгөний хөвгүүд болох Алаг, Наяа хоёр Тайчуудын ноён Таргудайг барьж Чингис хаанд хүргэж өгч болох байсан ч зам зуур хэлэлцэн харсаар байж Хан эзнээ харийн хүний гарт хэрхэн өгөх хэмээн хэлэлцэн тавьж явуулаад өөрсдөө танд хүчээ өргөхөөр ирлээ хэмээсэнд Чингис хаан ихэд сайшааж:

“Хан эзэн Таргудайг

Халдаж авчирсан бөгөөс

Хандаа халдсан харц ардад

Итгэж үл болох тул

Харин та нарыг

Хамаатан садны

Хамт алах бүлгээ

Хан эзнээ хайрласан

Халуун сэтгэл чинь

Харин зөв” хэмээн Их хаан Нааяа ноёныг дотночилөн өршөөв” хэмээжээ.

Тэгвэл Монголын нууц товчооны 200-р зүйлд: ” Гүр хан Жамух Чингис хаантай байлдан ядаад дутааж явахад түүний шадар таван нөхөд нь Жамухыг гардан барьж Чингис хаанд авчирч өгсөнд хаан ихэд хилэгнэж: “Хаан эзэндээ халдсан хүнийг яаж орхих вэ, ийм хүнтэй нөхөрлөж үл болох, ураг төрлийг хүртэл устга” хэмээн зарлиг болгосон байдаг.

Мөн Монголын нууц товчооны 179-р зүйлд: “Чингис хаан Алтан, Хучир нарт хандан Та хоёр намайг тэвчих шууд урвах гэв үү, мэхлэн урвах гэв үү.., урьд та хоёрыг хан бол гэхэд та хоёр үгүй гэсэн атал одоо юунд миний эсрэг болно вэ,  одоо тануус Ван хаанд очжээ. Хан эцэгт минь үнэнчээр нөхөрлөж явтугай,  Та нарыг буцамтгай гэдэг билээ. Битгий дахиж урваж одохтун” хэмээсэн байдаг.

IMG_9259Түүхийн шарласан хуудсыг дахин дахин сөхөн үзвэл Чингис хаанаас хожим XVI зуны сүүлээр Цогт хунтайжийн даалгавраар Төвдийн хаантай холбоо тогтоож, Үй болон Цанг эзлэхээр цэрэг захируулан явуулсан түүний хөвгүүн Арслан тайж шарын шашны талд орж, эцгээсээ  урван V Далай ламд мөргөснийг Цогт хунтайжийн шадарууд эцэгт нь ирж мэдүүлсэнд, тэрбээр ихэд бухимдан  урвагч хүүгээ егүүтгэх зарлиг болгосныг шадар хиа нар ёсоор болгосон байна.

Энэ бүхнээс үзэхэд Монголчууд бидний дунд түр зуурын ашиг хонжоог эрхэмлэн эзнээсээ урвах явдал цөөн биш гэсэн байсан байна. Харин тэдэнд хандах хууль цаазхатуугаас хатуу байсан ажээ.

Тэгвэл өнөө цагт  “урвагч” гэж хэнийг хэлэх вэ?

Монгол хэлний тайлбар тольд “урвах” гэдгийг “дайсан этгээдийн талд орох, тэрслэх, шударга биш явах” хэмээн тайлбарлажээ. Дэлхийн 200 гаруй  улс орнуудын дунд Монгол хэмээх тусгаар тогтносон, бүрэн эрхэт улс оршин буй. Тусгаар улсын хувьд бид хүсэл зорилготой, эрх ашигтай, мэдээж бас төрийн нууцтай. Эх орны эрх ашиг хэмээх хамгийн чухал зүйл бий. Тэрхүү эрх ашгаас урвахыг л урвагч, эх орноос урвагч хэмээн нэрлэдэг байлтай.

Өнөө цагт үзэл бодол, итгэл үнэмшлээсээ урваж буцах явдал жирийн үзэгдэл мэт түгээмэлжлээ. Тэр байтугай улс төрийн хүрээнийхэний дунд  “хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзаганд” хүргэсэн намаасаа урвах явдал байх ёстой хэвийн үзэгдэл мэт боллоо. Урвалтын цаад шалтгаан юу гэдэг нь сонирхолтой. Инхэндээ маш энгийн бөгөөд тэд зөвхөн амин хувийн эрх ашиг, өөрийн карер байр сууриа батжуулах, улс төрд үргэлжлүүлэн аль болох удаан “оршин  тогтнох” гэсэн хувь хүний ядмагхан сонирхолд хөтлөгдөх нь олонтоо.

Ийм сонирхолд автсан хүмүүсийг монголчууд бид  өөрт нь ашигтай бол “Чөтгөртэй ч нөхцөж мэдэх хүн” гэж нэрлэж байсан уламжлалтай.

Эхнэр хүүхдээсээ, итгэл үнэшлээсээ, үзэл бодлоосоо, дарга даамалаасаа, дэмжиж байсан намаасаа урвахыг байж болох нийгмийн үзэгдэл гээд түр орхие гэж бодоход Эх орноосоо уравсан хэргийг яавч зүгээр орхиж боломгүй санагдана. Монголчууд бидэнд эх орноос маань эрхэм зүйл үгүй. Эх орноосо урвана гэдэг бол урвалтын хамгийн адаг, хамгийн  хортой, хамгийн тэвчиж болшгүй зүйл. Энэ үйл хэргийн хохирогч нь Монгол улс, Монголын төр, Монголын ард түмэн байдаг. Тийм ч учраас  эх ороноосо урвах үйлдлийг  Эрүүгийн хуулийн 79-р зүйлд Үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг гэж томьёолон, Эх орноосоо урвах зүйл анги хэмээн хуульчилж, ийм гэмт хэрэгтэнд 16-25 жилийн ял оноохоор хуульчилсан байдаг.

 Нэн шинэ үеийн  “эх орноосоо урвагчид”-ын түүх

1990  оны цагаан морин жилийн ардчилсан хувьсгалаас хойш өнөөдрийг хүртэлх 26 жилийн түүхийн цаг хугацааны сүүлийн жилүүдэд Эх орноосоо урвасан, гадны байгууллагын “мэдээлэгч” байсан гэх яриа нэг бус удаа яригдаж, хэргийн “эзэд” нь  хууль шүүхийн байгууллагын хаалга татах болсон. Энэ талаарх товч мэдээллийг хүргэе.

jargalsaihan OHUЦ.Жаргалсайханы “хэрэг” – 2010 онд ахмад дипломатч Д.Цахилгааны хүү Ц.Жаргалсайхан тухайн үедээ  УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн зөвлөхөөр ажиллаж байхдаа Төрийн нууцтай холбоотой мэдээллийг гадаадд улсад дамжуулсан буюу эх орноосоо урвасан хэргээр яллагдаж, түүнд анхан шатны шүүхээр 17 жилийн ял сонсгосон байдаг. Тухайн үед ТЕГ-ын албаны хүн “Ц.Жаргалсайхан нь Төрийн нууцад хамаарах бичиг баримтыг бусдад задалсан нь хөдөлшгүй баримтаар тогтоогдсон. Тэрээр амар хялбар аргаар ашиг олох гэсэн шунахайн сэдлээр гадаадын тусгай албатай хамтран ажиллаж байсныг тогтоосон” хэмээн мэдэгдэж байв. /Эх сурвалж. ТЕГ-ын сайт. 2011.01.25/

Хожим нь эл хэргийг Улсын дээд шүүх хянан үзээд  Ц.Жаргалсайханыг эх орноосоо урваагүй, зөвхөн төрийн нууц задруулсан гэж үзээд оноосон шийтгэлийг нь 5 жил хорих ял болгон өөрчилснөөр энэ хэрэг эцэслэгджээ. Хэргийн уг чанар нь  Ц.Жаргалсайхан нь Төрийн нууцад хамааралтай баримт бичиг гэж гэж мэдэлгүйгээр  цахим шуудангаар төрийн өндөр хэмжээний айлчлалын хөтөлбөртэй холбоотой мэдээллийг гадаадын байгууллагад дамжуулсныхаа төлөө ийнхүү 5 жилийн ял авсан байдаг.

nyamhand CHINAВ.Нямхандын “хэрэг” – Үүний дараа  1997-2009 оныг хүртэл ТЕГ-ын Сөрөх тагнуулын албанд ажиллаж байсан хурандаа В.Нямханд мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 79-р зүйл ангид заасан гэмт хэрэг буюу эх орноосоо урваж, төрийн нууцад хамаарагдах баримт бичгийг задруулсан гэх хэрэгт шалгагдаж эхэлсэн байдаг. Түүнийг Монголд уул уурхайн чиглэлээр ажилладаг, Хятад эзэнтэй компанийн хэд хэдэн ажилтантай хоёр жил гаруй хугацаанд харилцаа холбоотой байсныг илрүүлсэн гэдэг. Үүнтэй холбоотойгоор ашигт малтмалын орд газартай холбоотой нууцад хамаарах мэдээллийг урд хөршийн иргэдэд дамжуулж  өгсөн гэсэн үндэслэлээр шалгагдаж байж болзошгүй тухай хэвлэлүүдээр гарч байсан ч холбогдох байгууллагуудаас түүнийг бүтэн хоёр жилийн туршид шалгаж, гурван ч удаа мөрдөн байцаалтад буцаан байж шалгасан гэх хэрэг нь эцэстээ гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй хэмээн шүүхээр шийдвэрлэгдэн хурандаа В.Нямханд цагаатгагдсан байна.  В.Нямхандын хэргийг цагаатгахад улс төрийн маш том дэмжлэг орсон гэх яриа тухайн үед нэлээд гарсан байдаг. Хэрвээ энэ нь үнэний ортой бол чухам яагаад улсын нууц задруулсан хэргийн нотлох баримт цуг­луулсан байхад түүнийг цагаатгав гэдэг нь эргэлзээтэй хэвээр үлдсэн гэдэг.

temka USAХ.Тэмүүжингийн “хэрэг” – Эх орноосоо урвасан “байж мэдэх” гурав дах жишээ УИХ-ын гишүүнтэй холбогддог ч энэ асуудал хууль шүүхийн байгууллагаар шалгагдалгүй өнгөрсөн.  Учир нь эл хэрэг  Хууль зүйн сайдтай холбоотой байснаас тэгсгээд “дарагдсан” гэж хэлж болох. УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин 2009 оноос эхлэн  /тэрээр 2008 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон/  АНУ-ын Элчин сайдын яаманд тус яамны ажилтан мэт  дуртай цагтаа чөлөөтэй нэвтэрч, Монгол улсын дотоод хэрэгт хамааралтай мэдээллийг дамжуулж байсан гэх мэдээллийг Wikileaks  сайтыг  үндэслэгч  Жулиан Ассанж өөрийн сайтдаа байршуулан олон нийтэд хүргэсэн байдаг. Дашрамд дурьдахад иймэрхүү төрлийн уулзалтыг Америкууд флоп уулзалт гэдэг бөгөөд эл уулзалтын талаарх мэдээлэл  шууд АНУ-ын төрийн департмент болон Холбооны мөрдөх товчоо, SIA болон бусад байгууллагад  тусгай сүлжээгээр илгээгддэг байна.

Х.Тэмүүжингийн АНУ-ыд элчин сайдын яаманд очин тэдэнд мэдээлж байсан мэдээллийн агуулгаас  хүргэе

MP TEMUUJIN DISCUSSES LEGAL REFORM IN MONGOLIA

УИХ-ын гишүүн Тэмүүжин МУ-ын хууль зүйн шинэчлэлийн талаар ярилцлага хийлээ

Date: 2009 August 20, 00:26 (Thursday) 2009 оны 08 сарын 20-ны өдөр

Canonical ID:

09ULAANBAATAR240_a

–  Poloff 2009.08.14-ний өдөр УИХ, АН-ын гишүүн Тэмүүжинтэй уулзаж МУ-ын хууль зүйн салбарын шинэчлэл, өршөөлийн хуулийн талаар ярилцлаа. Тэрээр шинэчлэлийн талаар илэн далангүй ярилцахдаа Ерөнхийлөгч Элбэгдоржийн сонгон авсан хуулийн зөвлөхийг шүүмжилсэн юм.  /Тэрбээр Монгол улсын Ерөнхийлөгчийн бодлогыг Монгол улсын иргэнд биш, АНУ-ын элчин сайдад шүүмжлэн ярьдаг нь ямар учимртай вэ/

–  Тэмүүжин хууль зүйн системийн босоо тогтолцоог олон удирдлагатай байдаг тул хөндлөн хэвтээ тогтолцоонд оруулах тухай дурьдсан юм.  /Монгол улсын Хууль зүйн сайд нь  хууль зүйн системийн тогтолцоог шүүмжлэн, улсын дотооддоо шийдвэрлэх асуудлыг  гадаад улсын төрийн байгууллагад очиж мэдээлэх нь байж болох зөв үйлдэл үү/

– Тэмүүжин Ерөнхийлөгч Элбэгдоржийг улс төрийн маш том эрсдэл хийж байгааг нийтэд зарласан. Тэрээр poloff-той ярилцахдаа Г.Ганзоригийг Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөхөөр томилогдсоныг ихэд харамсаж байгаа тухай дурьдсан байна. Ганзориг өмнө нь Дээд шүүхийн ерөнхий шүүгч байсан. Тэрээр 1993 онд Монголоос АНУ-д гарч мэргэжил боловсролоо дээшлүүлэхээр 15 жилийг өнгөрөөсөн нэгэн. Элбэгдоржийн хүсэлтээр 2009 оны 7 сард Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллахаар Монголд буцаж ирсэн. Тэмүүжин бодохдоо Ганзориг хууль зүйн шинэчлэлийг хийх хүн биш, тэрээр хуучны үзэл бодолтой хүн гэсэн. /Монгол улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд томилсон зөвлөхийг нь шүүмжилж, түүнийг  авгай хүүхний хов мэтээр АНУ-ын Элчин сайдад очиж мэдээлж байгаа төрийн өндөр албан тушаалтан гадны байгууллагад төрийн бодлоготой холбоотой мэдээллийг хүргээгүй гэж үзэх үү/38hqk9s4gnr5t5gbmc4162ijtr4ipdaabbak0o7b5ikordubv6ft

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинг олон нийт сайн хуульч, АН-ын шилдэг боловсон хүчний нэг гэж үнэлдэг. Тэрбээр анх “Эх орон” намын дарга  Эрэлийн Б.Эрдэнэбатын зөвлөхөөс улс төрийн  карераа эхлүүлсэн гэдэг. Дараа нь тэрбээр эл намаас, бас Б.Эрдэнэбат даргаасаа  “урван” АН-д элссэн байдаг. Хожим нь тэр хувийн өчүүхэн эрх ашгийн төлөө төрсөн үрээ бусдад “үрчлүүлж” байсан нэгэн. Бас Төрийн сайд байхдаа хар тамхины хэрэгт холбогдсон охины “Сайн ах”-аар тодорсныг Монголчууд андахгүй мэддэг болсон.

… Гэхдээ Х.Тэмүүжингийн хувийн шинжтэй дээрх үйлдлүүдийг уучилж болох юм гэж бодоход түүний гадны АНУ-ын Элчин сайдын яамныханд мэдээлэл дамжуулсан, тэр тусмаа Монгол улсын Ерөнхийлөгч өөрийн зөвлөхөөрөө Г.Ганзоригийг сонгосон нь буруу мэтээр гадаадын байгууллагад хандсан үйлдлийг нь яавч зөвтгөж болохооргүй санагдана.

Түүний энэ үйлдлийг нэг талаас АНУ-ын төрийн байгууллагад мэдээлэл дамжуулсан байж болох, нөгөө талаас “харанхуйгаар” бусдад ашиглагдсан үйлдэл гэж үзэхэд хүргэж байгаа юм.

Хууль зүйн  талаас авч үзвэл УИХ-ын гишүүн, Монгол улсын Хууль зүйн сайд хүн төрийн өндөр албан тушаалтны тухай болон  Монгол улсын хууль зүйн салбарт хэрэгжүүлэх бодлогынхоо тухай  гадаад улсын Элчин сайдыын яам буюу гадаадын төрийн тусгай байгууллагад өөрийн биеэр очиж ингэж ярих нь байж болох энгийн үзэгдэл мөн гэж үү.

Магадгүй Хууль зүйн сайд Х.Тэмүүжин дээрх асуудлыг Монгол улсын иргэн Дорж, Дулмаа, Баабар,  Элбэгдоржид ярьсан бол асуудлын ингэж хурцатгах шаардлагагаүй биз.

Монгол улсын Эрүүгийн хуулийн  79.1-д: “Монгол Улсын иргэн тус улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадалд хохирол учруулах зорилгоор гадаад улсын тагнуулын албанд элссэн, төрийн нууцыг гадаад улс, түүний тагнуулын албанд шилжүүлэн өгсөн, Монгол Улсын эсрэг дайсагнасан үйл ажиллагаа явуулдаг гадаад улсын байгууллагатай хамтран ажилласан, дайны байдалд буюу дайн бүхий байдал зарласан үед дайсны талд шилжин орсон бол арван зургаагаас хорин таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг.

Тэгэхлээр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн АНУ-ын Элчин сайдын яаманд “хаалтгүй” нэвтэрч орж, мэдээлэл дамжуулсан гэх үйлдэл нь  дээрх хуулийн заалтад лавтай хамаарах ёстой мэт.

Ямар боловч эл хэргийг шалгах ёстой байсан нь тодорхой харагдаж байна. Гэвч  тэрбээр төрийн өндөр албан тушаал хашиж байсан учраас түүний эл хэргийг хууль шүүхийн байгууллагынхан шалгаж нягтлалгүй орхисон гэдэг.

batchimeg chinaМ.Батчимэг гишүүний зөвлөхийн хэрэг – УИХ-ын гишүүн М.Батчимэгийн зөвлөх З.Пагмажав, түүний хамсаатан Д.Чинбаяр нарыг Эрүүгийн хуулийн 79.1-д заасан  зүйл ангиар яллан хуулийн хариуцлага хүлээлгээд байгаа. Товчхондоо бол тэднийг “төрийн нууцыг гадаад улсын тагнуулын албанд шилжүүлэн өгсөн гэм буруутай” хэмээн үзэж шүүхээс ял оноосон байдаг.

Өнгөрсөн намар буюу 2015 оны 9-р сард УИХ-ын гишүүн М.Батчимэг “Манай туслахуудтай холбоотойгоор гарсан мэдээллийг би сайн мэдэхгүй байна. Сайн асууж, тодруулах хэрэгтэй байна.  Ямар ч байсан хувийн журмаар Тайваньд хийж байсан орчуулгатай нь холбоотой юм шиг байна лээ. УИХ-ын гишүүний албатай ямар ч холбоогүй. Хувийнхаа зүгээс хийж байсан орчуулга.  З.Пагмажав, Д.Чинбаяр хоёртой би олон жил ажиллаж байгаа. Стратеги, судалгааны хүрээлэнгээс эхлээд хамтарч ажилласан…” /http://www.wikimon.mn/content/63723.shtml/ хэмээн ярьж байсан байдаг. харин саяхан Хяналтын  шатны шүүхээр  тэдэнд холбогдох хэргийг хэвээр нь үлдээж З.Пагмажавт 16 жил, Д.Чинбаярт 17.6 жилийн ял оногдуулсан байна.

Тэрбээр дээрх үгээрээ  “уснаас хуурай гарах”-ын үлгэрээр өөрөөгий буруутгалгүйгээр “цэвэрхэн” гарсан болтой юм.

Хэдхэн хоногын өмнө  УИХ-ын  гишүүн М.Батчимэг “Тагнуул хэмээх тусгай ажиллагаа” нийтлэлийг бичиж сайтуудад гаргажээ.  /http://www.news.mn/r/303157/ Тэрбээр энэхүү нийтлэлдээ: “Төрийн нууц гэдэг хаа сайгүй ширээн дээр хөглөрч байдаг эрээн цаас биш ээ. З.Пагмажав төрийн нууцтай харьцдаггүй. Миний хувьд ч хуулийн дагуу Ерөнхийлөгчийн зөвлөх байхдаа ч, УИХ-ын гишүүний хувиар ч улсын нууц бичиг баримттай шаардлагатай үед гарын үсэг зурж танилцахаас бус нууц бичиг баримт хадгалдаггүй…” гэжээ.

Энэ туйлын үнэн үг, мэдээж З.Пагмажав төрийн нууцтай харьцаггүй атал түүний гарт төрийн нууцад хамаарах мэдээлэл хэрхэн орж ирэв гэдэг асуудал яах аргагүй олны сонирхолыг татаж байгаа юм.  Үүнийг эрхэм гишүүн өөрөө тайлбарлах буй заа.

Мөн тэрээр нийтлэлдээ: “…”Бөөсний онигоо” гэдэг шиг “З.Пагмажав… гэж эхлээд М.Батчимэг Тайваньд ажиллаж байсан” гэж дуусдаг тагнуулын тухай цуврал үлгэр харин З.Пагмажавыг биш, намайг онилсон миний эсрэг улс төрийн кампанит ажиллагаа. Үүнд эргэлзэх зүйл үгүй…” гэжээ.

Тэгвэл монголын  шүүхийн байгууллага  гурван шатны шүүхээр дамжин эрхэм гишүүний зөвлөхийг яллаж байгаа нь  УИХ-ын  гишүүн М.Батчимэгийн хувьд “зүгээр л түүнийг онилсон  “бөөсний онигоо” шиг улс төрийн хэрэг төдий зүйл гэж үү?”

Эсвэл анхан, давах, хяналтын шатны шүүхийн шийдвэр нь ямар нэгэн нотолгоо, баримтгүй, зөвхөн улс төрийн зорилгоор иргэн З.Пагмажавыг яллачихлаа гэж М.Батчимэг гишүүн хэлдэх гээд байна уу…,  М.Батчимэг гишүүний хэлсэн дээрх үг, үйлдлийг УИХ-ын гишүүн М.Батчимэг шүүх засаглалд итгэхгүй байгаа хэрэг гэж ойлгож болох уу.. г эсэн асуултуудыг гишүүнээс асуумаар санагдлаа.

Үнэндээ энэ хэргийн учрыг хөөвөл эрхэм гишүүн ч бас эхний үндэслэлээр холбоотой байж мэдэх. Харин тэрбээр одоо энэ бүхнийг аанай л сонгууль, улс төрийн өрсөлдөгчөө  дарах гэсэн PR хэмээн бусдад ойлгуулахыг хичээсэн нь харамсалтай.

Төгсгөлийн оронд…

Монголчууд бидний ихэнхи олны амьдрал зүдүүхэн, амьжиргаа гундуухан байна. Эдийн засаг хямарч, өрийн даац хэтэрч, төгрөгийн ханш буурч, цэцэрлэг, сургуулийн хүрэлцээ багадаж, эмнэлэг эрүүл мэндийн асуудал санаа зовоож байгаа эл бүхнийг шийдвэрлэж болно гэдэгт бид итгэдэг.

Харин өвөг дээдсийн минь цусаа урсган, хөлсөө дуслуулан, нулимсаа цувуулан байж  бүрэн бүтэн үлдээсэн газар нутаг, тусгаар тогтнол, эх оронд маань заналхийлэх аливаа үйлдэл, эс үйлдэхүйг  бид хэрхэвч  өмөөрч болохгүй.

Мөн эрх баригч нам улс төрийн хүчнүүд өөрийн нам дэх “ийм хүмүүсээсээ намаа цэвэрлэхгүй” бол намын карерт нь ихээхэн сөрөг үйл хэрэг болох болно гэдгийг эрх биш анхаарна буй заа.

Хэрэв улс төрчдийн дунд эх орон, тусгаар тогтнолын эсрэг гэмээр ийм үйлдэл “гаргасан” бол, тэд УИХ-ын гишүүний дархан эрхээр халхавчлан “гэмт үйлдлээ нуун дарагдуулсан” бол  ард түмэн та бид одоо улс төрийн хариуцлага ноогдуулах учиртай. Энэ бол тэднийг дахин сонгохгүй байх явдал юм.

Эх орноо эд хөрөнгө, эрх мэдэл, албан тушаалын төлөө “худалдахаас сийхгүй” хүмүүс та бидний итгэлийг хүлээж сонгогдон ажиллаж чадна  гэдэгт та итгэх үү…

А.Тамир 

Tashuur.mn


URL:

Сэтгэгдэл бичих