Газрыг нь ухсанаас тэнгэр хилэгнэж хур бороо татарлаа гэв

5-25-4_700x700Малчин сумын Баянхайрхан багийн уугуул Ц.Дамиран гуай Дорнодын Тамсагийн ордын жишээг чухалчлан ярив. “Дорнодод ажиллаж байсан жолооч нар нефть хайхад газарт маш их суулт өгдөг гэж байсан. Тэдний ярьснаар бол нутаг орон сүйдэх юм билээ. Намайг өрмийн талбай руу орж үзэх гэхээр хамгаалалтын залуус “Та орж болохгүй. Таныг юм цохиод алчихна” гээд халгаадаггүй. Тийм хамгаалалт дунд юу ч хайж, олж авч байгааг хэн мэдлээ. Хөгшид бид хэлээд нэмэр болж чадахгүй, залуус хүчтэй хориг тавьж чадахгүй байна. Аймгийн даргаас асуухад “Гол мөрөнд огт нөлөөлөхгүй. Өвс ургамал ургадгаараа ургаж, гол мөрөн байдгаараа байна” гэсэн” гэв. Энэ зуур тэднийд хүүхдүүд цугларч цай, цүй болонгоо саахалт айлын хэртэй харагдах улаан хөх өнгийн өрмийн машин, техникээр өнгөрсөн жил газрын тос хайсан тухай сонсч дуулснаа ам уралдан ярих.

 

Тэд “Газраа ухаж сэндийчих ажлыг аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэн зохион байгуулж байгаа. Сумууд газраа ухуулахыг эсэргүүцдэг. Д.Цэндсүрэн өөрийн сумаас танил хүмүүсийн хүчээр л эхлүүлсэн”, “Тэсийн залуучууд эдний барааг харвал бослого гаргана гэнэ лээ. Тэднийх ч аатай, омогтой сум. Тийм юм болж мэднэ шүү”, “Хятадууд Дорнод аймагт газрын тос хайхад нутгийнхан хөөсөн гэсэн. Хөөгдсөн хятадууд тоног төхөөрөмжөө ачиж ирсэн” гэж дор бүрнээ өөрөө болон бусдаас сонссоноо хэлэв. Зарим нь “Манай аймгийн Засаг дарга АН-ынх. Тэр “Нөхдүүд суманд сайхан юм хийж байна. Хориг тавьж болохгүй” гэсэн. Тос гарчихвал том үйлдвэр бариад бид их мөнгө рүү л орох юм байх. Өмнөговьчууд 100 жийпийн баяр хийсэн гэсэн. Түүнтэй адил манай сумынхан Арабын баячууд шиг л амьдрах бололтой” гэж басамжилж, бухимдахыг хослуулан өгүүлэх.

Цооногийн дэргэд гэрийн буйрын чинээ газар эвдэрч, хөрс нь гэмтжээ.  

 

“Увс-1” талбайд газрын тосны хайгуулыг эхлүүлсэн Малчин сумын Баянхайрхан багийн Хар азаргын сайд зөвхөн багийн малчдаас гадна зэргэлдээх Тэс, Наранбулаг сумын малчид гурван улирал дамнан нутагладаг аж. Баянхайрхан багийн хамгийн өвс ургамал сайтай, баянбүрд болсон газар учраас мал, малчин гэлтгүй хахир өвлийн ядаргаагаа тайлж зоо тэнийдэг гэсэн. Энэ хавар ч Тэсийн таван баг, Наранбулагийн хоёр багийн малчид нүүдэллэн ирж Баянхайрхан багийнхантай айл буужээ. Гэвч зуны эхэн сар шувтрах дөхсөн энэ өдрүүдэд бороо хурын бараа харалгүй, савсагануур салхи өдөр шөнөгүй балбаж ямаагаа самнах, хурга ишгээ засахад ч хүндхэн байгааг малчид дуулгаж байв.

 

Хөгшид, хүүхэд гэлтгүй гар хөдлөх хүн бүр том, жижиг сам барин илүү гэртээ чихцэлдэж ямаа самнаж байгаа айлд оров. Малчин сумын нэгдүгээр багийн харъяат, таван хошуу малыг ижилсэн өсгөж яваа залуу малчин Б.Цогоогийнх аж.  Тэдний зуншлагын буйр өнгөрсөн жил хүртэл өрмийн нэгдүгээр талбайд байж. Цооног өрөмдөх болсноос буйраа сэлгэжээ. Харин мал нь яалт ч үгүй хуучин буйраараа эргэлдэж идээшилсээр байдгийг тэрээр ярьсан. Газрын тосны ажил сумын гуравдугаар багийн нутаг дэвсгэрт хийгдэж байгаа учраас нэгдүгээр багийн харъяат Б.Цогоогийнд хамааралгүй гэж багийн дарга нар ярьсан гэнэ. Тиймээс энэ талаар байр сууриа илэрхийлсэн ч эс тоодгийг хэлэв. Малчин залуу цаг агаар өөрчлөгдөх болсон, өнгөрсөн намар өрөмдлөг хийсний дараа гурван өдөр үргэлжилсэн шороон шуурга болж хүн, малгүй сандарсан тухай ярина лээ. Бас Шиньжян руу нутгийн хүмүүсийг авч явж газар үзүүлж, үйлдвэртэй танилцуулсан тухай ч тэрээр сонсчээ. Тэндээс ирсэн хүмүүс малчдад газрын тосны хайгуул, олборлолт байгаль орчинд халгүй, том бүтээн байгуулалт босдог, цаашид малаа орхиж газрын тосоор тэжээгдэж амьдрах боломжтой зэргээр ярих болжээ. Б.Цогоо удахгүй хайгуулын ажил эхлэвэл мал нь бэлчээрлэхэд хүндрэлтэй болохыг ярианы төгсөлд хэлэв.

 

Өрмийн нэгдүгээр талбай тэднийхээс холгүй харагдана. Урд өдөр кемпэд ойртуулаагүй хамгаалагчид энэ удаа арай зөөлөрч, дотогшоо нэвтрүүлэхгүйгээр холоос зураг авахыг л зөвшөөрлөө. Хоёр давхар барилгын хэртэй өндөр тавцанг аварга том бүрхүүлээр газарт тулжээ. Өрөмдлөгийн цооног бололтой. Тавцангаас тал бүр рүү бууж ирсэн шат, төмөр баганатай юм. Цооногийн нэг талд хүнд даацын хоёр автомашин зэрэгцүүлж зогсоосон мэт том хэмжээний зүйлийг ногоон бүрхэвчээр хучжээ. Бас хоёр тал руу нь хий гаргагч олон арвын метрийн урттай төмөр шугам хоолойг газартай бэхэлсэн байна. Байгууламжийн зүүн талд торон хашаан дотор хар өнгөтэй шингэнээр дүүргэсэн том хэмжээний нүх байна. Нүхнээс холгүй гэрийн буйрын чинээ газар хагарч, хөрс нь гэмтжээ. Ямар нэгэн химийн бодис асгарсан бололтой. Түүнээс холгүй бас л ийм газар харагдав. Кемп дээр хамгаалагчдаас өөр тайлбар мэдээлэл өгчихөөр хүн байсангүй.

 

Кемпийн ойролцоох айлууд тэнгэр газар аашаа ингэж өөрчилсөн нь өнгөрсөн жилээс газар нутгийг хэдэн зуун метрийн гүнд өрөмдөж газрын судлыг гэмтээснээс болсон гэж нутгийн өвгөчүүл шинжилж сууна. Харин албаны хүмүүс, дарга даамлууд “Газрын тос хайхад байгаль орчинд нөлөөгүй. Харин ч хөгжил авчирна. Мал маллах шаардлагагүй, газрын тосоор Увс аймаг тэжээгдэнэ. Их хэмжээний хөрөнгө оруулалт орж, малчид иргэдэд сайхан амьдрал авчирна. Цаашид манай аймаг нефтиэр гадаадын улсаас хараат болно” гэж ярьж хэлдгийг нутгийнхан ярьж байна.

 

Нутгийнхны дунд хэрэв газрын тос илэрчихвэл нээрээ л хөгжил ирж, мөнгө төгрөгөөр дутагдахгүй, үйлдвэр бүтээн байгуулалт босч ажилтай орлоготой залгаж мэдэх нь гэж ярилцах хүмүүс байхад нөгөө талд уул уурхай Монголд хөгжил авчирсан нь үгүй, бас л алтыг нь аваад авдрыг нь хаядгийн үлгэр болно, нутаг орноо хамгаална гэсэн хоёр хэсэгт хуваагдаад байгаа аж. Харамсалтай нь газрын тосны хайгуул, олборлолтоос нутаг орон хөгжиж, бүтээн байгуулалт энд тэндгүй өрнөн нутгийн иргэдэд ажиллаж, амьдрах тав тухтай орчин бүрддэг гэх хуурай амлалт биеллээ олсон эсэхийг Дорнодын Тамсагийн орд бэлхэнээ харуулах билээ. Газрын тосны салбар манай оронд олон жилийн түүхтэй ч ажил хэрэг болж үр дүнгээ өгсөн нь бүрхэг. Тамсагийн ордын дараа орох томоохон талбайг хамарсан хайгуул судалгааны ажил “Увс-1” талбай юм. Хэдийгээр Увсын иргэд газар нутгаа хамгаалж, сайн цагийг мөрөөдөж суугаа ч зөвхөн бүдүүн баараг мэдээлэл, амнаас ам дамжсан яриагаар газрын тосны тухай төсөөлцгөөж байна. Учир нь тэдэнд энэ чиглэлийн нарийн мэргэжлийн хүмүүсийн яриа, тайлбар дутмаг, зөвхөн гадаадын том хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт гэх хоёр холбоо үгээр орон нутгийн удирдлагууд тэнгэрт гартал магтсаар байдаг нь сурвалжлагын явцад ажиглагдав.

 

Газар нутгаа хамгаалж эсэргүүцсэн хүмүүсийг албан тушаал, хамаатан садангаар нь айлган сүрдүүлж, эсвэл нэг хэсэгт нь мөнгө тарааж гадагшаа аялуулж ирээд нутгийнхны толгой угаах ажиллагаа явуулж байгаа дүр зураг ч харагдсан.

 

Өнгөрсөн намар Малчин сумын хэсэг иргэдийг Шиньжян руу аялуулсан гэдэг. Зорилго нь тэндхийн газрын тосны олборлолтын үйл ажиллагаатай танилцаж байгаль орчинд халгүй, бүтээн байгуулалт, үр өгөөж өгдөгийг харуулах гэсэн хэрэг. Аяллын багт сум, багийн Засаг дарга нар, малчнаас гадна бизнесмен зэрэг янз бүрийн анги давхаргын, ажил мэргэжилтэй хүмүүс багтаж. Нутгийнхны яриагаар аяллын багт багтсан хүмүүст компанийн зүгээс нэг, нэг сая төгрөг өгсөн гэх. Энэ тухай уулзсан хүн бүр ам уралдан яриад зогсохгүй албаны хүн ч баталсан билээ.

 

Ямартаа ч энэ яриа хэр үнэний ортой болохыг мэдэхээр аялалд явсан малчин Б.Доржготовыг зорьж очив. Тэрээр өнгөрсөн оны зургадугаар сард Шиньжян руу аялжээ. Түүнийг ирснээс хойш газраа хятадуудад худалдаад ирсэн хэмээн нутгийнхан гадуурхаж, дарамтлах болсон гэнэ.

Түрүүч нь http://www.polit.mn/content/80657.htm

Үргэлжлэл бий

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Б.ЭНХЗАЯА

 


URL:

Сэтгэгдэл бичих