АН нэр дэвших хүмүүсээ З.Энхболд даргынхаа үзэмж, фракциудынхаа “шахалт”-аар тодруулав

1464566668574b838cd6a4fСонгуулийн тухай хуулийн дагуу энэ сарын 27-ны 00.00 цагаас өмнө намууд УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвших эрхмүүдийг нэрсийг тодруулсан. АН, МАН, МАХН-ын эрх барих дээд байгууллагуудаа хуралдуулж 23 цагийг үед нэр дэвшигчдээ тодруулж батламжилсан юм.

МАН-ынхан Бага хурлынхаа өмнө Удирдах зөвлөлөө хуралдуулж хэнийг хаана нэр дэвшүүлэхийг шийдвэрлэсэн. Тэгвэл АН-ынхан ҮЗХ-ны хурал дээрээ асуудлыг эцэс болгов. Төрийн ордны хурлын танхимд болсон уг хурал нэлээд ширүүн уур амьсгал дунд өрнөсөн талаар эх сурвалжууд мэдээлж байв. Төрийн ордны хаалга бүрд хамгаалалт гаргаж ҮЗХ-ны хурал болсон танхимд гар утас болон интернэтийн сүлжээ унагагч байршуулсан талаар мөн мэдээлж байлаа.

Тэгвэл ҮЗХ-гоор тойргийн хорооноосоо сонгогдсон хүмүүсийн дунд нэлээд хэдэн өөрчлөлтийг хийсэн. Тодруулбал, Л.Цандэлэгийг Сэлэнгийн намын хорооноос нэр дэвшүүлээд байсныг Г.Эрдэнэтунгалагаар солив. Дуучин бүсгүйг хэн ч сонгуульд нэр дэвшинэ гэсэн таамаггүй байлаа. Тэр ч байтугай АН-аас түүнийг Сэлэнгэд нэр дэвших талаар зарим хүмүүсээс бусад нь зүүдэлсэн ч үгүй явсан. Мөн ҮЗХ-ны хурлын үеэр АН-ын энэ цаг үеийн хамгийн нуруутай улстөрч гэх үнэлгээг иргэдийн зүгээс хүртээд буй УИХ-ын гишүүн Р.Амаржаргал нэр дэвшихээс татгалзаж өөрийн нэрийг татаж авах нь тэр. Түүний оронд УИХ-ын гишүүн М.Батчимэг нэр дэвшинэ. Р.Амаржаргал гишүүн эмэгтэйчүүдэд боломж олгох үүднээс энэ шийдвэрийг гаргасан гэх.

Энэ мэтээр АН-ынхан дотроо нэлээд хагаралдаж байж арай л гэж нэр дэвшигчдээс хуулийн хугацаанд нь багтааж тодруулсанаа зарлав. ҮЗХ-нд бүртгэлтэй саналын эрх бүхий 228 гишүүн бүгд Төрийн ордны хурлын зааланд цуглачихаад З.Энхболд даргыг бараг 22 цаг өнгөртөл хүлээсэн. Шалтгаан нь тэрбээр олон фракциудтайгаа хэл амаа амархан ололцож чадахгүй байсантай холбоотой гэнэ. Фракциудын дарга нартайгаа хэд хэдэн удаа хуралдаж байж нэр дэвших гишүүдийнхээ нэрсийг тодорхой болгожээ.

Мөн АН-ын нэр дэвшигчдийг дарга нарынх нь хүрээнд шийдсэн бөгөөд ҮЗХ-ны гишүүдээрээ зөвхөн дэмжүүлэх “ажлыг” л хийлгэсэн гэнэ. Энэ хурлын ҮЗХ-ны хурлын үеэр АН-ын даргын нам доторх байр суурийг илтгэсэн гэхэд болно. Жишээлбэл, фракциуд нь өөрсдийн хүссэн хүнээ нэр дэвшүүлэхээр хурлыг хангалттай хойшлуулж цагийн тулгасан. Хоёрдугаарт, оффшор данстай нөхдүүдтэй тэмцэл хийхээ мэдэгдэж сонгуульд нэр дэвшүүлэхгүй байхыг бусад намуудаасаа уриалж байсан З.Энхболд дарга өөрийн намынхаа оффшортнуудыг тойргуудад хувааж илгээх нь тэр. Хамгийн том жишээ нь С.Баярцогт байв. С.Баярцогтыг нэр дэвшүүлэхгүй гэж суусан АН-ын дарга хэдхэн хоногийн дараа Сэлэнгээс С.Баярцогтыг нэр дэвшүүлэхээр “зоож” орхив. Ингээд АН-аас нэр дэвших хүмүүс даргынхаа үзэмж, нөхдийнхөө “шантаажаар” тойрогт өрсөлдөх эрхээ “өвөртөлж” өөрт оноогдсон аймаг, нийслэлээ зорьлоо.

Ч.Ган /ZALUU.COM/

 


URL:

Сэтгэгдэл бичих