Түүхий улстөр, төвөгтэй сонголт

527-146491603655

Он цаг улирч, дэлхий нийтийн хөгжил хурдасч байна. Эрх мэдэлтнүүдийн ярьж байгаагаар бол монголчууд олон улсын хөгжлөөс хоцрохгүйн тулд байдгаараа хичээж, зүтгэж байгаа юм, уг нь.
Түүнтэй адилхан сонгуулиас сонгуулийн хооронд Монголын улстөр, төр засаг төлөвшиж, чанаржих ёстой, хөгжих ёстой. Гэтэл  УИХ-д нэр дэвшигчдийн талаар олон түмний ам хэл ямар байгаагаас үзвэл манай улстөр түүхийгээрээ байгаа бололтой.  Нэг ёсондоо улстөрийн намууд, улстөрчид  долоо дахь сонгуультайгаа учирч байгаа хэрнээ сонгогчдоосоо сэтгэл ханамжийн баталгаа авч чадахгүй л байна.
Мэдээллийн нэгэн сайтын шууд санал асуулгаас харвал уншигчдын  дийлэнх нь нэр дэвшигчдэд сэтгэл дундуур, бүр “УИХ  урлаг, спортын тайз болжээ” гэж “магтсан” байгаа юм.  Олон түмэнд таалагдахгүй хүн гараад ирэхээр энэ улстөр ямар байх вэ? Улстөр нь урагшаа явахгүй болохоор улс орны хөгжил хойшоо суух нь гарцаагүй биз дээ? Эдийн засгийн хямрал гүнзгийрч, өр зээл хоолой боож, хүндхэн сорилт тулгарсан ийм үед мэргэжлийн чадварлаг баг л Монголын аврал, гарц байх учиртай гэж захын чавганц үглэж сууна.
Түүнээс гадна үзэл бодол, итгэл үнэмшилдээ эзэн байх нь хувь  хүний хамгийн чухал үнэт зүйл.  Угаасаа хүний мөн чанар нь түүнд оршдог гэж олон удаа уншиж сонсч байлаа. Гэтэл ердөө л УИХ гэдэг алтан боломжоос шүүрэхийн тулд, албан тушаал, эрх мэдэлд хүрэхийн тулд нэр төр, хүн чанар, ер нь  юугаа ч золихоос буцахгүй хүмүүсийг бид харлаа. Ах, дүүс халз өрсөлдөхөөр боллоо л гэнэ, тойргоос болж тангараг тасрахдаа тулсан л гэнэ…
Өнөөдөр нэг намаас нэр дэвшихээр санаархаж явснаа бүтэлгүйтэнгүүт маргааш нь огт өөр үзэл баримтлалтай нам руу орчих юм. Нөгөөдүүл нь ч ахиухан суудал авахын тулд хувь хүний төлөвшил, үзэл бодол, үнэлэмж, боловсрол мэдлэгийг нь харгалзана гэж ёстой гонжийнжоо болж дээ, хөөрхий. Хатуухан хэлэхэд тэдэнд өөрсдийг нь тэтгэх, намыг нь тэжээх мөнгө л чухал. Ийм арчаагүй, хог шиг эрх ашгаас болоод монголчууд хэчнээн жил хохирох ёстой юм бэ?
Уг нь улстөрийн нам гэдэг чинь үзэл бодлын нэгдэл биш билүү?  Үзэл санаа, сэтгэл зүрх нэг хүмүүс зорилгоо тодорхойлж, бодлогоо боловсруулна биз дээ?  Ингэхийн тулд боловсрол, туршлага, ёсзүй  л хамгаас чухал санагдана. Цагийн өмнө, минут, секундын өмнө намаа сольж байгааг, “архагшсан” бүлэглэлүүдийн бохир түлхээсээр мэдлэг, боловсролоо үл тоон нэр дэвшиж байгаа хүмүүсийг яаж ойлгох вэ?
 Ер нь улс орны дампуурал, ард түмний ядуурал нэг нэгнээ хулгайч, худалчаар нь дуудсан дампуу, хулхи улстөрчдөөс үүдэлтэй гэж хүмүүс ярьж, цөхөрч сууна. Ард түмэн хамгаас ухаантай, ард түмэн хамгаас хүчтэй билээ.
Дажсүрэнгийн Лхагвадорж

URL:

Нэр: zochiin Огноо: 3 June 2016

uls tur gj songogdood l boldog ed munvv ..vneheer uls tur medehgvi tvvhii hvmvvs yuni tuld uls turlvv ulairan zvtgene we

Нэр: Anonymous Огноо: 3 June 2016

yum yumnii l tsugluulaga boloh geed bna daa. ah dvv, hamaatan sadan, sport, urlag geed bvtehgvi ee

Сэтгэгдэл бичих