Хяналт, хариуцлага үгүй бол мянган Оюутолгой байгаад нэмэргүй

oyutolgoi0006041Монгол Улс дараагийн Катар болох уу? “Financial times” цахим сонины шинжээч Дэвид Пилинг энэ асуултад “Одоохондоо үгүй” гэж хариулж байна. Тэрээр “Монголыг “Дараагийн Катар” гэж нэрлэхэд эрт байна” хэмээх нийтлэлдээ яагаад ингэж дүгнэх болсноо тодорхой бичжээ. Тэрээр нийтлэлийнхээ эхэнд “Кувейт 1950 он. Абу Даби 1970 он. Катар 1995 он. Монгол 2012 он?” хэмээн асуусан өгүүлбэр оруулжээ. Энд байгаа нэрнүүд нь баян тансгаараа зартай улс, нийслэл хотын нэр. Харин он нь хөгжлийнхөө түлхүүр болсон хөрөнгө оруулалтыг татаж чадсан “онгодтой жил” нь юм. Манай улсын хувьд ч гэсэн гаднаас зургаан тэрбум ам.доллар татаж, дэлхийн томд тооцогдох алт, зэсийн уурхайг ашиглалтад оруулж байгаа билээ. Энэ бол бидний хувьд том амжилт. Гэвч гаднын хүний нүдээр харахад ямар байгааг Дэвид Пилингийн энэхүү нийтлэлээс олж харахыг хичээсэн юм.

Түүний нийтлэлээс эш татъя. “Монгол бол ашигт малтмалаар баялаг, эдийн засаг нь 2011 онд 17 хувиар өссөн орон. Улаанбаатарт ирсэн уурхайчин, банкир, хуульчид бүгд л энэ орныг “дараагийн Эльдорадо (Өмнөд Америкийн алтаар баялаг нутаг. Алт газар дээр зүгээр л хэвтэж байсан гэлцдэг) хэмээн итгэхийг хүсч байна. Энэ өгүүлбэрт монголчуудын урьж залаад байгаа хөрөнгө оруулагчдын дотор ямар бодол эргэлдэж байгааг илүү дутуу зүйлгүй онож тодорхойлжээ. Монголын банк санхүүгийн салбарт удирдах албан тушаал хашиж байсан Ж.Фаниган нэгэнтээ “Катар улс 1995 онд найман тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт олж авсан. Одоо ДНБ нь 174 тэрбум болж, нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээгээрээ дэлхийд хоёрт жагсаж байна. Монгол яагаад ийм болж болохгүй гэж. 10 том уурхайгаа ашиглахад л Монголын 2.7 сая хүн бүгд саятан болно” хэмээн ярьсныг ч дурдсан байна. Дэвид Пилинг түүнийг “супер өөдрөг үзэлтэн” гэж тодорхойлсон бөгөөд ардчилал, шударга ёс, сайн засаглалгүйгээр энэ бүхэн хий хоосон мөрөөдөл болохыг сануулжээ. Түүний нийтлэлийн гол анхааруулга нь энэ юм.

Нийтлэл рүү эргээд орьё. “Монгол Катар шиг болохоор зүтгэж байгаа ч Нигери шиг болох боломж бас байгааг анхаарах хэрэгтэй. Хүн ам сийрэг суурьшсан, Францаас гурав дахин том газар нутагтай зэрэг бол том давуу тал. Гэхдээ л энэ тухай бодох хэрэгтэй. Одоогоор нэг хүнд 3000 ам.доллар ногдож байгаа ДНБ-ий хэмжээг сая ам.долларт хүргэж болно. Ингэж болно оо. Гэхдээ ингэхийн тулд дөрвөн зүйл шаардлагатай. Нэгд, Төрийн хяналт. Хоёрт, Шударга ёс. Гуравт, Эдийн засгийн хяналт, Дөрөвт, Геополитикийн оновчтой бодлого. Энэ  дөрвийн аль нэг нь үгүй бол 1000 Оюутолгой байгаад ч нэмэргүй. Эдгээрээс хамгийн чухал нь хяналт. Энэ улс ЗХУ-аас салсны дараа /Энд зохиогч алдаа гаргасан байна. Монгол Улс хэзээ ч ЗХУ-ын бүрэлдэхүүн хэсэг байгаагүй юм/ ардчиллын замаар замнаж, 1992 оноос эхлэн анхны парламент, Ерөнхийлөгчөө сонгож ирсэн. Гэвч 2008 оны сонгуулийн үед хүчирхийлэл гарчээ. Монголчуудын 95 хувь нь бичиг үсэгтэй. Бусад улстай харьцуулахад гадаадад боловсрол эзэмшсэн гайхмаар сайн боловсон хүчинтэй. АНУ, Европын улсууд руу боловсрол эзэмшихээр одож байгааг нь харвал яг л Япон улс “Хөшгөө нээснийхээ дараа” Баруунтай танилцах гэж хэрхэн тэмүүлж байсан үе санаанд орно. Тэд “баялгийн хараал”-д өртөхгүйн тулд Персийн булангийн орнууд  Чили, Норвеги, Канадын хөгжлийн загварыг нухацтай судалж байна. Гэвч мэдээж сөрөг үзэгдлүүд байна. Сард 800 ам.долларын цалинтай парламентын гишүүн болохын тулд бүгд үхэн хатан зүтгэж байна.

Энэ бүхэн парламентын гишүүний өмнө нээгддэг эрх мэдэл, боломжийг атгахыг хүссэнийх юм. “Transparency International” олон улсын байгууллагаас гаргасан авлигагүй орнуудын жагсаалтад Монгол Улс 120 дугаарт жагсчээ. Ерөнхийлөгч байсан хүн авлигын хэргээр шоронд хоригдсон нь үүний жишээ” гэжээ. Бичигч авлигын тухай хөндсөнөөрөө Монголд хөгжлийг авчрах дөрвөн гол хүчин зүйлийн нэг болох шударга ёс үгүй байгааг хэлсэн байна. Тэрбээр Монголын улстөрчдөд “Эхлээд баялгаа хэрхэн хуваарилах вэ гэдгээ шийдэх хэрэгтэй. Дотооддоо хэрхэн хуваарилах вэ, гаднынхантай яаж хамтрах вэ гэдгээ шийдэх ёстой” гэсэн зөвлөгөөг өгчээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монгол Улс өмнө нь тэнэг сүйт бүсгүй шиг байсан. Одоо харин маш боловсролтой, үзэсгэлэнтэй болсон. Хөрөнгө оруулагчид манай баялгийг олборлох гээд дугаарлаж байна. Газар доор баялаг байсан цагт тэд хэзээд Монголд хөрөнгө оруулахдаа л оруулна. Тэгэхээр, монголчууд баялгаа хэрхэн хуваарилах вэ гэдэг нь хамгийн гол асуудал. Сонгуулийн өмнө хэдэн зуун ам.доллар хүн бүрт тараах нь асуудлыг шийдэх зам биш” хэмээн хэлснийг тэрээр эшлээд, гурван сая монголчуудын 500 000 нь нүүдлийн мал аж ахуй эрхлэн гэрт амьдарч, зуд ирэхэд хэзээ ч алга болж болохоор баталгаагүй хөрөнгө эзэмшиж байгааг дурджээ. Түүний хэлснээр бол, монголчууд эхлээд баялгаа хэрхэн хуваарилахаас цаашдын үр өгөөж нь шалтгаалах аж.

Одоохондоо дарга нар “Оюутолгой хөдөллөө”, “Бодит үр ашгаа өгч эхэллээ” гэх мэтээр ярьж байна. Улс орныхоо хөгжлийг хоёрхон уурхайд даатгаад хэдэн жил хэрэлдсэн шиг санаа амар сууж байсан хүмүүс нэг ч гэсэн уурхай нь ашиглалтад орсонд баярлах нь мэдээж л дээ.

“Супер өөдрөг үзэлтэн”-ий хэлснээр бол Катар найман тэрбум ам.доллараар эдийн засгаа тэтгэж чадсан. Харин Монгол яах нь одоогоор мэдэгдээгүй байна. Эрх баригчид бондын зарцуулалтыг хамгийн үр ашигтай байх хувилбараар олгосон гэж баталдаг. Эндээ хэн, яаж ярих нь чухал биш, “Чингис бонд”-ын эхний болон үлдэгдэл төлбөрийг асуудалгүй цаг хугацаанд нь шилжүүлэх явдал л хэний зөв байсныг нотолно. Дэвид Пилингийн хэлсэн, хөгжилд хүргэх дөрвөн хүчин зүйл болох хяналт, шударга ёс, эдийн засгийн хяналт, геополитикийн оновчтой бодлого Монголд байгаа эсэхийг ч харуулах юм.

Х.БАТСАЙХАН

Ардын Эрх сонин


URL:

Сэтгэгдэл бичих