ОРЕС: Ойрхи Дорнодын фронтод онцын өөрчлөлтгүй

Picture 045-originalНефть экспортлогч орнуудын байгууллага ОРЕС дахиад л нефтийн олборлолтоор тохиролцож чадсангүй. Гэхдээ ерөнхий нарийн бичгийн шинэ даргатай болов. Тус байгууллага нефтийн олборлолтыг зохицуулах ямар нэгэн шийдвэр гаргаж чадахгүйд хүрсэн бололтой. Зах зээл нь өөрөө үнээ зохицуулан уг байгууллагаас хамааралгүй болж байна.

Нефть экспортлогчдын байгууллага Венийн уулзалтаараа шинэ даргаа сонгосон нь Нигерийн Мохаммед Баркиндо байв. Тэрбээр өмнө нь “Нигерийн Nigerian National Petroleum Corporation” компанийг толгойлж байжээ. Баркиндо албан тушаалдаа ирэх наймдугаар сарын 1-нд орно. Өнөөгийн ерөнхий нарийн бичгийн дарга Абдалла Салем аль-Бадри (Ливи) ОРЕС-ийг 2007 оноос хойш удирдаж иржээ. Мохаммед Баркиндо ОРЕС-ийн захиргааны ерөнхий удирдагчийн асуудлыг өмнө нь ярих үед Венесуэлийн болон Индонезийн хоёр нэр дэвшигчийг гарах магадлалтай гэж байлаа.

Ерөнхий нарийн бичгийн даргыг сонгох нь ОРЕС-ийн дээд хэмжээний уулзалтын цорын ганц асуудал байсан бөгөөд үлдсэн асуудлуудыг тэд зоргоор тавин урсгажээ. Ер нь ОРЕС өөрөө зургаадугаар сарын 2-нд олборлолтын квотын талаар ярихгүй гэсэн юм. Уулзалтын үеэр үйлдвэрлэлийн түвшний талаар ярилцана гэсэн мэдээ гараад унтарсан юм. Нэгдүгээрт, Ираны олборлолтоо нэмэгдүүлэх хувийнх нь квотын асуудлыг ярих ёстой байв. Гэвч энэ нь яригдсангүй өнгөрлөө.

Үүний зэрэгцээ Саудын Араб гэнэтийн санал дэвшүүллээ. “The Wall Street Journal” сонины мэдээгээр, саудууд ОРЕС-ийн орнуудын 32.4 сая баррелийн хоногийн олборлолтын квот тогтоох санал тавиад тэд энэ тохиолдолд олборлолтоо хэмжээнд нь барина гэжээ. Албан ёсоор ОРЕС-ийн квот нь хоногийн 30 сая баррель байгаа. Өнгөрсөн оны сүүлчээр ОРЕС олборлолтыг 31.5 сая баррелийн түвшинд барихаар шийдсэн билээ. Тэр шийдвэр нь хэрэгжээгүй юм. Саудын Арабын энэ санаачилга нь зөвхөн өнөөгийн түвшинг барих санал байсан ч явсангүй. “Уралсиб” компанийн шинжээч Алексей Кокин тэмдэглэхдээ өнгөрсөн арванхоёрдугаар сард квотын хэмжээг болиулаад харин одоо саудууд түүндээ эргэн орох санал дэвшүүллээ гэжээ.

ОРЕС зарчмын хувьд дотоод зөрчлийнхөө улмаас ямар нэгэн шийдвэр гарган олборлолтод хязгаарлалт хийж чадахгүйд хүрээд байна хэмээн Оросын Нефть үйлдвэрлэгчдийн холбооны шинжээч Рустам Танкаев сануулж байна. Одоогоос 2.5 жилийн өмнө тус байгууллагад хагарал гарсан бөгөөд нефтийн олборлолтын өөрийн өртөг багатай орнууд нь бага үнийг тэвчин зах зээлийн хувийнхаа төлөө зогссон бол олборлолтын өртөг ихтэй орнууд нь зах зээлийн хувийн төлөө биш өндөр үнийн төлөө зогссон.

“ОРЕС-ийн дотоод зөрчилдөөний улмаас сүүлийн хоёр жил хагасын дотор тус байгууллага ганц ч бодит шийдвэр гаргаагүй. Тус байгууллага удалгүй оршин тогтнож чадахгүй болно” хэмээн Танкаеев дүгнэлтээ хэлжээ.

Нефтийн олборлолтыг нэгэн хэмжээнд барих санал хоёрдугаар сарын дундуур гарч түүнийг Орос, Венесуэль, Саудын Араб, Катар дэмжсэн юм. ОРЕС-ийн орнууд, картельд багтдаггүй бусад нефть олборлогчид нефтийг 2016 оны нэгдүгээр сарын түвшин барин дэмжинэ гэж найдаж байлаа. Эрэлт нэмэгдэж байгаа үед энэ нь зах зээлийн илүүдэл нефтийг бууруулж, үнийг урагш түлхэнэ гэж үзсэн юм. Гэтэл дөрөвдүгээр сард Доха хотноо явагдсан энэ асуудлын талаарх хэлэлцээр бүтэлгүйтжээ. Иран дөнгөж нэгдүгээр сард нефтийн хориг арга хэмжээнээс салаад байсан учир түүнийг дэмжээгүй билээ. Ираны дараа саудууд бас олборлолтоо барихгүй гэлээ. Тэд хязгаарлалт бүгдэд үйлчлэх ёстой гэж зүтгэв.

Энэ асуудлаар Оросын байр суурь бас сонирхолтой. Оросын Ерөнхий сайдын орлогч Аркадий Дворкович пүрэв гарагт мэдэгдэхдээ, хэрэв ОРЕС олборлолтоо барина гэж шийдвэл түүнийг дэмжинэ гэсэн юм. Түүнээс өмнө Оросын Эрчим хүчний сайд Александр Новак олборлолтыг нэгдүгээр сарын хэмжээнд барих асуудал чухал биш болсон гэжээ. Оросын сайд үнийг “хангалттай хэмжээгээр” өссөн гэж үзэв.

Нефтийн зах зээлийн байдал сайжирч, муу үе ард хоцорсон гэж Абдалла Салем аль-Бадри пүрэв гарагт хэлээд “Сайн үнийг би хүлээж байна” хэмээн мэдэгдэв. Нефтийн үнэ үнэн хэрэгтээ оны эхнээс мэдэгдэхүйцээр өсч, одоо торх нь 50 ам.долларын түвшинд байгаа юм. Нэгдүгээр сард торх хар алт 29 ам.доллараар үнэлэгдэж байлаа. Гэхдээ зах зээл сэргэж байгаа гэж хэлэхэд эрт байна.

ОРЕС-ийн дээд хэмжээний уулзалтын өмнө Венесуэлийн Нефть, уул уурхайн сайд Эулохио дель Пино мэдэгдэхдээ, гурав дөрвөн сарын дотор дэлхийн нефтийн өнөөгийн үнэ нь нэмэгдээд, тэнцвэржих хандлагатай боллоо гэсэн юм. Сайд Канадын ойн түймэр, Кувейтийн нефтьчдийн ажил хаялт, хэт даврагчдын довтолгооны улмаас Нигерийн нефтийн нийлүүлэлт тасалдсан зэрэг хүчин зүйл байсныг санууллаа.

Энэ бүгд нь дэлхийн олборлолт хязгаарлалт шаардалгүйгээр өөрөө буурлаа хэмээн дель Пино хэлэв. Венесуэлийн сайд одоо дэлхийн эрэлт хоёр сая баррелиар нэмэгдэнэ гэж үзжээ. Гэсэн ч байдал өөрчлөгдөхийг үгүйсгэхгүй гэсэн юм. “Ирэх өвөл гэхэд нефтийн үнийг сэргээхийн тулд бид юу хийх ёстой вэ?” гэж сайд дель Пино асуудал тавьжээ. Алексей Кокин тэр сайдыг зөв хэлсэн гэж үзээд саяхан үнэ хэтэрхий хурдан өссөн учир түүнд засвар хийгдэх шаардлагатай гэжээ. “Канад, Кувейтад олборлолт сэргээгдэж байна. Нигерийн байдал ч сайжрах тал руугаа орж байна. Дээр нь Ирак олборлолтоо нэмэгдүүлэхээр төлөвлөөд байгаа” хэмээн Кокин тайлбарлав.

Үүнтэй холбоотойгоор баррель нефтийн үнэ 45 ам.доллар хүртэл доошилно гэж шинжээч үзжээ. Гэхдээ дэлхийн хэмжээний олборлолт буурах, мөн нөөцлөгдсөн нефтийн хэмжээ багасах хандлага хэвээр байгаа учраас 2016 оны сүүлч 2017 оны эхээр нефтийн үнэ 50 долларын түвшинд буцан орно гэж Кокин хэлж байгаа.

Хойд тэнгисийн Brent нефтийн (түүнд нь Оросын Urals хольцын үнэ уялдсан болно) баррелийн үнэ ОРЕС-ийн уулзалтыг хүлээн 50 ам.доллараас илүү үнээр зарагдаж байснаа дахин доошлов. Дараа нь Лондоны ICE бирж дээр дахин үнээ нэмэн баррель нь 50.07 (+0,699% арилжааны эхнээс) ам.доллараар зарагджээ.

Эх сурвалж:

 


URL:

Сэтгэгдэл бичих