ҮНДЭСНИЙ КОМПАНИ

compaЭх оронч үзэл үгээр бус, үйлдлээр илэрдэг. Манай улсын ДНБ-ний 70 хувь, хөдөлмөрийн зах зээлд ажиллагсдын ихэнхийг хувийн хэвшлийнхэн бүрдүүлдэг бодит байдлаас тэдний эдийн засаг, нийгэмд үзүүлдэг өгөөжийг төсөөлж болох юм. Хямралын хүнд үед гадныхан дүрвээд гарчихсан бол хувийн хэвшил дийлэнх үндэсний компаниуд бий болгосон ажлын байраа хадгалж үлдэхийн төлөө чадлаараа хичээж байна. Эдийн засгийн суурь ажиллах хүчний чадварт оршдог болохоор ингэхээс ч аргагүй. Хямрал айл өрх, байгууллага бүрийн хаалгыг тогшиж байгаа энэ үед татвар төлөлт, ажлын байрны хадгалалт, нийгмийн хариуцлагын хэрэгжилт зэрэг нийгэмд түшигтэй үзүүлэлтээр үндэсний компаниуд ялгарч байна. Үүнийг Монголоо гэх өөриймсөг чанар гэж тодорхойлж болох талтай.

Тэгвэл ер нь үндэсний компани гэж ямар компанийг хэлэх вэ? Ямар шалгуур тавих вэ?

Эхний жишээ. Сүүлийн жилүүдэд гадаадаас хамгийн том хөрөнгө оруулалт татсан Оюутолгой  компанид 7700 орчим хүн ажилладаг. Ажиллагсдын 96 хувь нь үндэсний боловсон хүчин гэж тус компанийн албан ёсны вэб сайтад бичжээ. Монголын талын эзэмшил 34 хувь. Ийм сайн үзүүлэлттэй Оюутолгой үндэсний компани мөн үү?

Удаах жишээ. Улсын төсвийн томоохон хувийг дангаараа бүрдүүлэгч Эрдэнэт үйлдвэр 5900 орчим ажиллагсадтай. Ажиллагсдын 95 хувийг үндэсний боловсон хүчин эзэлдэг. Монголын талын эзэмшил 51 хувь. Эрдэнэт хотыг үүрч явдаг тус үйлдвэр Монгол компанийн жишиг болж чадсан уу? Хувь эзэмшил нь үндэсний компанийн шалгуурт хүрэхгүй юм бол саалийн үнээ- Эрдэнэт үйлдвэр маань хаанахын компани болж таарах вэ?

Гуравдахь жишээ. Хувийн хэвшлийг тэргүүлэгч М Си Эс группт 7600 гаруй хүн ажилладаг. Бүгдээрээ монголчууд. Компанийн удирдлага, хувь эзэмшигчид нь монголчууд. М Си Эс компани Монгол компанийн шалгуурт бүрэн дүүрэн нийцэж байна уу?

Уг нь бол манай улсад бүртгэлтэй, татвараа төлдөг, хөрөнгөө шингээдэг байхад л үндэсний компанийн шалгуурт нийцэх нь зүй. Тэр утгаараа дээрх компаниуд бүгд үндэсний буюу Монголын компани юм. Гэтэл зарим “эх орончид” том компаниуддаа түшиглэж хөгжсөн дэлхийн жишгийг сөрж, тэдний бүтээснийг олж харж чадахгүй, өөнтөглөж дайрч давшлахаа урьтал болгодог. “Эх оронч”-ид үндэсний компани гэдгийг манай улсад бүртгэлтэй байхаас гадна компанийн удирдлагад нь бүхэлдээ монголчууд ажиллах, ажиллагсадыг нь нийтдээ монголчууд бүрдүүлэх, хувьцааг нь монголчууд 100 хувь эзэмших зэргээр явцууруулан асуудлын мөн чанарын утгыг алдагдуулдаг. Ийм нөхцөлд гадаадын хөрөнгө оруулалт, шилдэг менежмент, ноу хау орж ирэхгүйн дээр үндэсний компани олон улсын зах зээлд гарах хэмжээнд өсч хөгжих боломж хумигдана.

Шалгуур үзүүлэлтүүд бүгд 100 хувьтай байх үнэхээр гоё. Гэхдээ ийм байх боломж бий юу? Олон улсад ямар байдаг вэ?

Өмнөд Солонгос улсаар жишээ авья. Тухайлбал, Самсунг компанийн нийт хувьцааны 20 хүрэхгүй хувийг л солонгосууд, үлдсэн 80 гаруй хувийг гаднын буюу олон улсын хөрөнгө оруулагчид эзэмшдэг. Ийм атал Самсунгийг Солонгосын компани биш гэвэл солонгос хүн гомдоно. Хьюндай Моторс гэж бас нэг компани бий. Тус компанийн Солонгосын талын эзэмшил 53 хувь. Харин үндэсний боловсон хүчний харьцааг 50 хувиас доошгүй байлгахыг зорьдог. Мөн л Өмнөд Солонгосын компани гэж солонгосчууд бахархдаг. Энэ жишиг хөгжилтэй бусад оронд ч үйлчлэнэ.

Үүнээс үзвэл нэг талаас, эдийн засгийн хамаг өгөөжөө Монголдоо өгдөг үндэсний томоохон баялаг бүтээгчдээ төрөөс тууштай дэмжих, нөгөөтэйгүүр, улс орны эдийн засагт чухал ач холбогдолтой, ирээдүйтэй хөгжлийн төслүүдийг хэрэгжүүлэх тэдний үйл ажиллагааг улс төрчид хуйвалдан санаатай гацаах явдал гаргахыг хуулиар хориглох шаардлагатай болжээ. Даяаршсан дэлхийд, их хөрөнгө оруулалт татаж хөгжих зорилготой л бол үндэсний томоохон компанийн бүх үзүүлэлт зөвхөн Монголд хамаарах боломжгүй гэдгийг ойлгож хүлээн зөвшөөрөх цаг үе иржээ. Манай улс томоохон хөрөнгө оруулагчид, баялаг бүтээгчид, татвар төлөгчдийг даллаж дуудахын оронд үндэсний компани биш хэмээн гадуурхаж хөөж туугаад байх баян орон мөн үү?

Б.Батхүү

 


URL:

Сэтгэгдэл бичих