Цэргийн цол наймаалцаж, үнэгүйдүүлэх явдал ОБЕГ-т газарт ердийн үзэгдэл болжээ

298cc822ce91aad6845558baa1a9ca4cЦэргийн байгууллагын цол, дүрэмт хувцас, цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийг зөвхөн цэргийн албан хаагч нь хэрэглэдэг, нэр хүндтэй байх ёстой юм.

Харамсалтай нь сүүлийн үед цэргийн цол, түүний дотор генерал цолыг энгийн хүмүүст ямар ч болзол, шалгуургүйгээр өгдөг болжээ. Цэргийн цолыг шалгуур хангаагүй хүмүүст өгөх, танил тал харах, наймаалцах зэргээр нэр хүндийг нь унагаж, үнэгүйдүүлэх явдал Онцгой байдлын ерөнхий газарт ердийн үзэгдэл болжээ.

Онцгой байдлын байгууллагын даргаар цэргийн сургууль төгсч цэргийн анги байгууллагад ажиллах нь байтугай цэргийн алба ч хаагаагүй, хувийн компанид ажиллаж байсан хүнийг томилсноор төрийн алба, мэргэжлийн байгууллага, цэргийн цолны нэр хүндийг унагаж эхэлсэн.

Хүнд хэцүү, түвэгтэй нөхцөл байдалд маш богино хугацаанд зөв шийдвэр гаргах урлагийг эзэмшсэн, удирдахуй ухаанд суралцсан, төрийн албанд шат дараатай бэлтгэгдэж, тодорхой хэмжээгээр туршлагажсан хүн хэлж ирдэггүй, хийсч ирдэг гамшиг осолтой тэмцдэг энэ байгууллагыг удирдах учиртай боловч салаа цэрэг ч командалж үзээгүй 4000 хүнтэй цэргийн байгууллагыг удирдуулаад явж байгаа нь эмгэнэл гэлтэй.

Энэ бол зөвхөн онцгой байдлын байгууллагад хамааралтай асуудал биш ард иргэдийн амь нас, эд хөрөнгийг хэн, яаж хамгаалахтай холбоотой асуудал. Тонгойгоод гутлаа үдэж чадахгүй болтлоо гүзээ суусан офицер, галын машиныхаа шатанд гар нь хүрэхгүй ахлагч нар иргэдээ яаж хамгаалах вэ?

Ард иргэдээ гамшгаас хамгаалах үүрэгтэй төрийн тусгай байгууллагын дарга нь мэргэжлийн бус, намын харьяалал, улс төрчийн ивээл татаасаар томилогдсон тул албандаа намын ажилтан, эсвэл хувийн компаний эзэн шиг ханддаг байна.

Үүний жишээ нь Онцгой байдлын ерөнхий газар болон аймгуудын онцгой байдлын газрын дарга нарыг намын харьяалал, улс төрчдийн захиалгаар томилдог болсон явдал.

Өнгөрсөн онд Хөвсгөл аймгийн төвд айлын гэрт гарсан галд бага насны 3 хүүхэд нас барсан эмгэнэлтэй явдал болж  тухайн аймгийн Онцгой байдлын газрын даргыг хариуцлага алдсан хэмээн ажлаас нь чөлөөлсөн. Гэтэл оронд нь тус байгууллагад сайдын хэвлэлийн төлөөлөгчөөр ирээд Хэвлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга, Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын даргаар “суга” дэвшин ажиллаж байгаад ноцтой зөрчил дутагдал гаргасны учир 2011 онд “өөрийн хүсэлтээр” ажлаа  өгч байсан Г.Нэргүй гэгчийг томилсон төдийгүй хурандаа цол шагнасанд албан хаагчид нь эгдүүцэж, ард олон гайхаж байх жишээтэй.

Яруу найрагчид дүрэмт хувцас өмсгөөд цэргийн цолоор бэлэг барих нь үүгээр дуусахгүй аж. Архангай аймгийн Онцгой байдлын газрын даргаар  мөн л нэг яруу найрагчийг томилсон боловч өнөөх нь шүлгээ бичээд ажилдаа ирдэггүй тул арга буюу чөлөөлж оронд нь нэгэн бөхийг томилсон байх юм. Энэ мэтийн жишээ ОБЕГ-ын харьяа анги салбарууд, Дархан-Уул, Говь-Алтай аймаг гээд урт жагсаалт болно.

Засгийн газрын 2014 оны 12-р сарын 15-ны өдрийн 387-р тогтоолоор агентлагуудын орон тооны дээд хязгаарыг тогтоосон байдаг. Энэ тогтоолд зааснаар Онцгой байдлын ерөнхий газар нь 105 албан хаагч, 1 дэд даргатайгаар ажиллах ёстой байтал 2015 онд 1 дэд даргын орон тоо нэмж 2 болгосон бол энэ онд дахин 1-ийг нэмж одоо 3 дэд даргатай болчихсон засгийн шийдвэрийг завхруулж байна.

Дээрх орон тоонуудыг шинээр нэмэх ажлын шаардлага байхгүй, зөвхөн хувь хүнд зориулагдсан “бялуу” буюу наймаа, тохиролцоо юм. Жилийн өмнө Ц.Ганзориг гэдэг залууг дэд дарга болгож хурандаа цолоор мялаажээ. Залуу дарга гэрлийн хурдаар буюу 4 жилийн дотор дэслэгчээс хурандаа болсон.  Саяхан тэргүүн дэд дарга болсон хурандаа П.Баттогтохыг наадмаар генерал болгохын тулд тэргүүн дэд дарга гэсэн байхгүй орон тоог бий болгон томилжээ.

Засгийн газар, Сангийн яамнаас тогтоогоод өгсөн орон тоо, хамгийн гол нь цалингийн сан нь нэмэгдээгүй байхад даргын орон тоо нэмэгдэнэ гэдэг ард иргэдийг авран хамгаалах  аврагч, гал сөнөөгчийн орон тоо хасагдана гэсэн үг.

Энэ бол зөвхөн удирдах албан тушаалтны жишээ, доогуураа бол замбараагаа алджээ. Эмчийн орон тоонд эрх зүйч мэргэжилтэй хүн ажилладаг гэхээр баргийн хүний санаанд багтахгүй дээ. Таныг аврахаар цагаан халаад өмсөөд  чагнуур зүүсэн эрх зүйч оччихоод танд эмийн нэр ч хэлж чадахгүй гэхээр…

Байгууллагын дарга нь генерал цолтой, байшин дүүрэн хурандаатай боловч энэ байгууллагад цэргийн дүрэм, журам хэрэгжддэггүй, хэрэгжүүлэх чадвартай хүн ч алга байна.

Саяхан нийслэлийн Засаг даргын нэрэмжит тэргүүний тохижолттой, дүрэмч жагсаалч анги байгууллага шалгаруулах уралдаан болж зэвсэгт хүчин, хилийн цэргийн олон анги салбар өрсөлдсөн.

Тус уралдаан нь цэргийн албан хаагчдын ажиллаж амьдрах орчин нөхцлийг сайжруулах, анги салбарыг хүний хөгжлийн төв болгох, цэргийн дүрмийг хэвшүүлэх, хүчний байгууллагуудыг хооронд нь харьцуулах, туршлага солилцуулах, цэргийн байгууллага, цэргийн албаны нэр хүндийг өргөх зорилгоор сүүлийн хэдэн жил зохион байгуулагдаж байгаа бай шагнал өндөртэй, басхүү өрсөлдөөнтэй уралдаан юм.

Энэхүү уралдаанд онцгой байдлын байгууллага ач холбогдол өгөлгүй, нэр төдий оролцож ирсэн нь дээд удирдлагын дэмжлэг туслалцаа байхгүй, ойшоож үздэггүйтэй холбоотой.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит марш тактикийн тэмцээн 2 жил тутамд болж бүх л хүчний байгууллага оролцдог уламжлал тогтоод удаж байна. Энэ тэмцээн өнгөрсөн онд болсон боловч онцгой байдлын байгууллагаас ганц тасаг цэрэг гаргаж оролцуулаагүй, шалтаг нь зүүн аймгуудад гарсан түймэр унтраагаад зав гараагүй гэх.

Гэтэл тус байгууллагын 4000 хүн бүгдээрээ цэргийн цолтой, цолны мөнгө, удаан жилийн нэмэгдэл авдаг, дүрэмт хувцсаар хангагддаг хэрнээ Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийнхаа нэрэмжит ганц тэмцээнд оролцох хүн хүч, хөрөнгө зардал олдоогүй гэхэд хаашаа. Хүн хүч, хөрөнгө зардал байхгүйдээ биш сэтгэлгүй, өнөөх л үл тоомсорлох, үл хүндэтгэх хандлагын илрэл юм даа.

Ерөнхийлөгчийн нэрэмжит маршийн тэмцээнд оролцох эсэх нь дурын асуудал гэж бодоход Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг зөрчих нь дур зоргын асуудал биш байлтай.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 12-р сарын 8-ны өдрийн 181-р зарлигаар цэргийн цол олгох журмыг шинэчлэн баталж, уг журмыг мөрдөж ажиллахыг БХЯ, ЗХЖШ, ХХЕГ, ОБЕГ-ын удирдлагад даалгажээ.

Шинэчилсэн журмаар ахлах офицерийн хурандаа цолыг зөвхөн ЗХЖШ-ын дарга тодорхой болзол шалгуур хангасан хүнд олгохоор заасан атал ОБЕГ-ын дарга 2016 оны шинэ жилээр урьд өмнө зөрчил дутагдал гаргасны улмаас ажлаасаа чөлөөлөгдөж байсан, цэргийн алба хаах нас нь хэтрээд тэтгэвэртээ суух хугацаа нь болчихсон, хурандаа цолны зэрэглэлгүй албан тушаалд ажиллаж байгаа, ажилдаа мэргэших нь байтугай албан тоот ч бичиж чадахгүй хүмүүст өгсөн байна.

Түүнчлэн өөрт байхгүй эрх эдэлж тэтгэвэр чөлөөндөө гараад 10-20 жил болчихсон хүмүүст бэлтгэл хурандаа цол олгожээ.

Төрийн онцлог алба, ард иргэдийн амь нас, эд хөрөнгийг авран хамгаалах нэн чухал, хариуцлагатай үүрэг бүхий байгууллагын боловсон хүчний бодлого алдагдаж нэг харахад ардын журамт цэрэг шиг эрээвэр хураавар, нэг харахад хүн болгонд буян үйлддэг сүм хийд шиг болсныг яаралтай засч залруулах  цаг болжээ.

Юуны өмнө тус байгууллагын удирдлага, албан хаагчдыг мэргэжлийн болгох, чадавхижуулах, боловсон хүчнийг нь гадаад дотоодын цэргийн сургуулиар бэлтгэх, цэргийн байгууллагын дэг журмыг хэвшүүлэх, шударга ёсны зарчим тогтоох (ялангуяа боловсон хүчний сургаж бэлтгэх, томилох, цол хэргэм, шагнал урамшил олгох асуудал дээр) шаардлагатай.

Өнөөдөр Монгол Улсын зэвсэгт хүчин олон улсын хэмжээнд үүрэг гүйцэтгэж, монгол цэргийн ур чадвар, тэсвэр тэвчээрийг дэлхий мэддэг болжээ. Батлан хамгаалах салбарын боловсон хүчин бусад хүчний байгууллагын боловсон хүчнээс хэдэн алхам түрүүлчихэж.

Иймд онцгой байдлын байгууллагыг цэргийн байгууллага болж төлөвштөл нь, зэвсэгт хүчний зиндаанд хүртэл нь Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн мэдэлд, эсвэл батлан хамгаалах салбарын бүрэлдэхүүнд ажиллуулж болох юм.

Zuvsongolt.mn


URL:

Сэтгэгдэл бичих