Казахстанд төрийн эргэлт хийхийг завдсан түшмэд, цэргийнхнийг баривчлав

imagesКазахстан улсад төрийн эргэлт гаргахыг оролдсон хэрэгт сэжиглэн өндөр албан тушаалын түшмэд, цэргийнхийг баривчилж, мөрдөн байцаалт явуулж эхэлжээ. Тус улсад өрнөж байгаа үйл явдлын талаар өчигдөр манай сайт мэдээлсэн билээ. Түрүүч нь: http://mnews.mn/ntx (3 бичлэгтэй)

Сэжигтнүүдийн жагсаалтад Казахстаны ерөнхий прокурорын экс 1-р орлогч Ильяс Бахтыбаев, Дотоод хэргийн яамны Өмнөд Казахстан мужийн экс дарга хошууч генерал Доскалиев, Дотоод хэргийн яамны экс 1-р орлогч, мөн Бүс нутгийн цэргийн ангийн 2 командир байгаа талаар “Интерфакс” мэдээллээ. Казахстаны Үндэсний аюулгүй байдлын хорооны хэвлэлийн албаны төлөөлөгч Руслан Карасев “Дээр нэр дурдсан этгээдүүдийг баривчилж, түр хорьсон. Цаашид хэрхэх асуудлыг шийдэж байна. Мөрдөх ажиллагаа үргэлжилж байгаа” хэмээн мэдэгджээ.

Түүнчлэн Астан, Алма-Ата, Чимкентэд ч төрийн эсрэг нууц хуйвалдаанд оролцогчдыг баривчилжээ. ”Хуйвалдагчид улс орны нөхцөл байдлыг тогтворгүй болгон, хурцадмал байдлыг үүсгэж, эсэргүүцлийн ажиллагаа ба олныг хамарсан үймээн самуун дэгдээн, дараа нь шинэ Засгийн газар байгуулж, төр засгийн өнөөгийн бүтцийг өөрчлөхөөр төлөвлөж байсан” гэж Руслан Карасев мэдээллээ.

“Казахстаныг хэр бат бөхийг шалгаж туршиж байгаа бололтой. Халдлага үйлдсэн этгээдүүд үнэндээ орон нутгийн дээрэмчид үү, эсвэл хилийн цаанаас орж ирсэн үү гэдэг нь чухал. Хэрэв гадаадаас ирсэн бол дэлхийн цуутай террорист брэндүүдтэй холбохоос яах билээ. Одоогоор казахууд үүнийгээ “уламжлалт бус шашны урсгал” гэсэн үгээр тодорхойлж, тайвшруулахыг оролдсоор. Хэрэв тийм бол уламжлалт шашин нь яагаад уламжлалт бус хэт даврагчдынхаа учрыг олж чаддаггүй билээ?” хэмээн Стратегийн хөгжлийн төвийн дэд ерөнхийлөгч Григорий Трофимчук мэдэгдлээ.

“Актоба хотод халдлага үйлдсэн нь санамсаргүй хэрэг биш. Ид хаваа гайхуулсан мэт, дэндүү эрээ цээргүй 3 халдлага болсон. Зүгээр нэг объектууд биш цэргийн анги гэх зэрэг тусгай хамгаалалттай газрууд руу шүү дээ. Энэ бүхэн Казахстаны дотоод улстөрийн нөхцөл байдлыг сонжиж туршиж байгааг бас дахин нотолж байна. Бусад өнгөт хувьсгал ч гэсэн гудамжны буудалцаан, “ахуйн” шинжтэй эхэлснийг энд тэмдэглэе. Ер нь хуучин Зөвлөлт Холбоот Улсын бүрэлдэхүүнд багтаж байсан орнууд аажмаар иймэрхүү байдалд татагдан орсоор, байнгын алан хядах ажиллагаа, байнгын террористууд байдагт дасгаж байна. Онцлон тэмдэглэхэд, Казахстаны Актоба хот бол Оросын Оренбург мужтай бараг хиллэдэг” хэмээн Григорий Трофимчук ярилаа.

Казахстаны Үндэсний аюулгүй байдлын хороо түүнчлэн төрийн эргэлт гаргахыг завдсан хэрэгт бизнесмэн Тохтар Тулешов гэгчийг буруутгаж байна (зургийг дээр үзүүлэв). Тохтар Тулешов гэж хэн бэ? Түүнийг 1-р сарын сүүлээр хар тамхины наймаа, мафийг санхүүжүүлсэн хэргээр баривчилжээ. “Ноён Тулешов өмнө нь төр засгийг ганхуулах бэлтгэл ажил хийж байсан, өнгөрсөн оноос засгийн эрхийг булаан авах тодорхой алхмуудыг хийсэн” гэж хэвлэлийн төлөөлөгч Руслан Карасев мэдэгдэв.

Тохтар Тулешов бол “Нур Отан” намын гишүүн бөгөөд Сэтгүүлчдийн нилээд хэдэн холбооны тэргүүлэгч, Казахстаны атамануудын нийгэмлэгийн зөвлөх, “Шымкентпиво” шар айрагны үйлдвэрийн эзэн, мөн ”Шымкент Pictures” кино үйлдвэртэй хүн. Тэрбээр мөн “Ислам ба дэлхий” буяны байгууллагын дэд ерөнхийлөгч, Евразийн телевиз радиогийн академи болон Азийн боксын “FAAB” холбооны дэд ерөнхийлөгч, Олон улсын боксын “AIBA” холбооны тэргүүлэгч хийж байснаас гадна Оросын сэтгүүлчдийн холбоог Казахстанд төлөөлж явжээ.

Орчуулсан М.Цогзолмаа, www.mnews.mn


URL:

Сэтгэгдэл бичих