Шагийн өдөр

Монголчууд сар бүрийн эхний өдрийг “Архи зардаггүй өдөр” болгон “тэмдэглэсээр” нэлээд хэдэн жилийг үдсэн.  Энэ өдөр уушийн газрууд болон  дэлгүүрүүд уг нь дуслын төдий ч архи зарах ёсгүй гэсэн. Харин энэхүү соёлт өдрийн арга хэмжээ, үр дүн, хорио цээр амьдрал дээр хэрхэн үйлчилдэг  юм бол.

Хоёрхон хоногийн өмнө архи­гүй өдөр тохиолоо. Ядаж байхад ахмадын өдөр таарчихсан. Жилдээ ганцхан тохиодог баяраараа ахмадууд архигүйгээр баярлаж, харин ирээ­дүйн “ахмадууд” энэ өдөр нэлээд балгачихсан алхаж явахтай цөөнгүй таарсан. Мэдээж, тэд карантны ус уугаад согтчихоогүй нь тодорхой. Аль нэг дэлгүүрээс аваад, эсвэл уушийн газар ороод уусан байх л даа. Улаанбаатарын уушийн газар бүхэн, дэлгүүр болгон архи зардаггүй гэж андуурав аа.   “City” гэсэн хаягтай караокед л гэхэд аравдугаар сарын 1-ний “Архигүй өдөр”-өөр сэм, сэмхэн хүмүүс орж харагдана лээ.  Хуучнаар “Хангай” зочид буудлын урд талд байрлах энэхүү караоке гаднах хаягныхаа гэрлийг унтрааж, хаалгаа янгинатал түгжсэн хэрнээ л утсаар хүмүүсээ угтаж аваад л. Хэв журмын цагдаа нар хэдийгээр гутлынхаа улыг элэгдтэл нууцаар ажиллаж байгаа уушийн газрыг шалгадаг ч, шалгалтаар нэг ч зөрчил илэрдэггүй гэнэ лээ. Шалгалтаас нуугддаг шалгарсан арга байхад эргүүлийн цагдааг эргүүтүүлж дөнгөхтэйгөө биз.

За тэгээд, захын дэлгүүрүүд архи зардаггүй гэж андуурах хэрэггүй. “Архи, пиво зарахгүй” гэсэн хаяг хадчихсан мөртлөө  арынхаа хаалгаар архиа шаглаад зогсч байдаг юм билээ. Бас болоогүй, тэнд нь хүмүүс дугаарлах маягтай зогсоцгоодог гэсэн.  Эргүүлийн цагдааг ирж яваа эсэхийг шалгаж бас нэг нөхөр харуулд гардаг юм байна лээ. Харуул шүгэлдвэл, эргүүлийн цагдаа ирж явна гэсэн үг.
Зарж байгаа үнэ нь жирийн үед зардаг үнээс 500 төгрөгөөр илүү атал иргэд ердөө хэрэлдэхгүй, заргалдахгүй.  Харин ч бүр баярласан талархснаа илэрхийлэх. Энгийн  өдөр байсан бол иргэд ингэж давруулахгүй л дээ. Сар бүрийн эхэнд “цангааг” нь тайлдаг болохоор хэл ам хийлгүй, хэрэндээ баярлаад л гардаг байх.  Сарын эхний өдөр сайн найз маань хөдөөнөөс ирлээ гэж бодьё. Өнөөдөр архи зардаггүй өдөр шүү дээ, өвгөн чинь маргааш дайлья гэлтэй нь биш. Тэгэхээр худалдагчийг найрч байгаад л хэлсэн үнээр нь архиа аваад гарахаас өөр аргагүй. Зарим нь бүр улаан цагаандаа гарчихсан “Өнөөдөр архи зардаггүй өдөр. Пиво, архиар үйлчлэхгүй” гэсэн өнөөх бичиг хадсан бүтээлгэнийхээ араас аваад өгч байгаатай бишгүй дээ л таарсан. Ингэхэд яагаад сар бүрийн эхний өдөр иргэдэд архиар үйлчлэхгүй гэж эрхэм дарга нар шийдвэрлэсэн  юм бол. Энэ өдөр иргэд уухаараа яачихдаг юм бол. Бүх нийтийн цэвэрлэгээ гэдэг шиг бүх нийтийн архигүй өдрөөр дэлгүүрүүд архиа шаглаж, иргэд идээгээ хүртэж, уушийн газрууд нь утсаар үйлчлээд л. Архи зарахгүй л бол ашиг орлогогүй болчихдог нь нууц биш болохоор  сарын эхний өдөр  өдгөө “Шагийн өдөр” болон хувирчээ.

А.Шархүү
“Ардын эрх” сонин


URL:

Сэтгэгдэл бичих