Үймээний эх сурвалж нь Казахстаны хямрал

186459-08062016-1465363858-178347961-flagКазахстан нь улс төрийн тогтворгүй байдлын тухай яриад байдаг улсын нэг биш. Газрын тосны үнэ өсөлтөд дулдуйдан цэцэглэсэн төв Азийн улсад Нурсултан Назарбаев 25 жилийн турш Ерөнхийлөгчөөр жаргасан. Тус улсын иргэдийн 90 гаруй хувь нь Назарбаев Ерөнхийлөгчийн төлөө санал өгдөг уламжлалтай.

Харин сүүлийн зургаан долоо хоногийн турш Казахстаны хотуудад эсэргүүцлийн ажиллагаа эрчээ авч, олон арван хүнийг баривчиллаа. Ням гарагт өрнөд Казахстаны Актобе хотод цагдаа нар, зэвсэглэсэн хүмүүсийн хооронд болсон буудалцааны улмаас арав гаруй хүний амь үрэгдсэнийг террорист халдлага хэмээн эрх баригчид үзлээ. Даваа гарагт тус улсын тагнуулын байгууллага орон нутгийн бизнесмэнийг төрийн эргэлт хийх гэсэн хэрэгт буруутгав.

Актобед болсон зэвсэгт халдлагын учир тодорхойгүй ч Казахстаны эдийн засаг суларсан нь иргэдийн дунд үймээн самуун дэгдэх гол шалтгаан болж байгаа юм. Бараг хорин жил үргэлжилсэн тогтвортой өсөлтийн эцэст тус улсад хямрал нүүрлэж, тенгегийн ам.доллартай харьцуулсан ханш жилийн өмнөхөөс даруй 45 хувиар унав.

Үүний зэрэгцээ нийгмийн тогтворгүй байдал нь газрын тосноос хамааралтай улсуудад эдийн засгийн эрс шинэчлэл шаардлагатайн дохио болж байна. Дэлхий даяар таваарын гол экспортлогчид бизнесийн үйл ажиллагааг либералжуулах, төрөлжүүлэх, хувьчлахыг уриалж эхэллээ.

ОХУ, Саудын Араб зэрэг таваар экспортлогчид өргөн цар хүрээтэй хувьчлах төлөвлөгөө дэвшүүлэв. Казахстаны Засгийн газар ч газрын тосны үнэ уналттай холбогдуулан дэвшүүлсэн эдийн засгийн санаачилгын хүрээнд төрийн мэдлийн үйлдвэр, аж ахуйн газруудыг ихээхэн хэмжээгээр хувьчлахаар бэлтгэж байна.

Гэхдээ нийгэм, улс төрийн статус квог өөрчилж таарах эдийн засгийн шинэчлэлийн үр дагаврыг урьдчилан таамаглах аргагүй. Казахстаны үймээн самуун ч эдийн засгийн шинэчлэлтэй холбоотой. Хөдөө аж ахуйн салбарт оруулах хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор газар эзэмших эрхтэй холбоотой хуульд өөрчлөлт оруулсан нь иргэдийн эрс эсэргүүцэлтэй тулгарч болзошгүй. Эдийн засгийн үүднээсээ тус улсын хөдөө аж ахуйд шинэчлэл амин чухал. Учир нь нутаг дэвсгэрийн хэмжээгээр дэлхийд есдүгээрт ордог Казахстаны газар нутгийн дөнгөж арван хувийг газар тариаланд ашиглаж байгаа юм.

Шинэчлэлтэй уялдуулан эрх баригчид иргэдийн орон гэрийг хүчээр нүүлгэн шилжүүлж, тенгегийн ханш уналтаас үүдэн ам.доллараар оноосон ипотекийн зээл тэнгэрт тулсан. Энэ нь казахчуудын дургүйцлийг дэвэргэж байгаа талаар Казахстаны парламентын дээд танхим – сенатад цор ганц сөрөг хүчин болж байсан Зауреш Батталова тайлбарлав. “Засгийн газар казахчуудын бэрхшээлийг шийдэж өгдөггүй. Одоо казахчууд гадаадын хөрөнгө оруулагчдын тусын тулд л зүтгэцгээж байна” хэмээн тэрбээр өгүүлэв.

Казахстаны Засгийн газар аргадах, айлгахыг хослуулах замаар үймээн самууныг намжаахаар оролдож байна. Эрх баригчид зарим шинэчлэлийг хойшлуулах ам өгөхийн зэрэгцээ эсэргүүцлийн хөдөлгөөний идэвхтнүүдийг урьдчилан баривчилж, телевизээр гүжир гүтгэлгийн шинжтэй, орос маягийн суртал ухуулгын кампани өрнүүлж байна.

Иргэдийн эсэргүүцэл ихсэж буйтай уялдуулан Казахстаны Засгийн газар хувьчлах төлөвлөгөөгөө эргэн харж буй талаар тус улсын удирдах албан тушаалтны нэг тайлбарлав. Тэрбээр одоогийн Казахстаны нутаг дэвсгэрээс сансарт анх хөөрсөн Юрий Гагарины пуужинг зохион бүтээгч Сергей Королевын “Таагүй зүйлийг маш түргэн хийлээ гэхэд хүмүүс хурдан хийснийг чинь мартачхаад мууг нь л дурсацгаана” гэсэн алдарт үгийг эш татлаа.

Үүнчлэн шинэчлэлийн явц саарах тусам зогсонги байдал гүнзгийрсээр. Казахстанд улс төрийн шинэчлэлээс илүүтэй эдийн засгийн дэвшил чухлыг ноён Назарбаев байнга сануулдаг. Хэрэг дээрээ олон улсын зөвлөх, мэргэжилтэн, санхүүчид тус улсын эдийн засгийг бахдаж байх зуур улс төрийн зогсонги байдал аль ЗХУ-ын үеийн Брежневийн засаглалтай зүйрлэхүйц хэмжээнд хүрсэнийг дотоодын хүчин шүүмжилж байна.

Казахстаны эдийн засаг сүүлийн хорин жилд тохиолдож байгаагүйгээр суларч, ноён Назарбаевын нас сүүдэр 76 хүрэх гэж буйтай холбоотойгоор Ерөнхийлөгчийн суудлыг залгамжлах тухай асуудал сөхөгдөж болзошгүй. Энэ нь “Эдийн засаг эхэнд нь, улс төр дараа нь” хэмээн Назарбаевын сургаалыг түүх болгон хувиргаж болзошгүй.

Жэк Фарчи

Засгийн газрын мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих