Монгол залуус ажилгүй, эрх мэдэлгүй байна

207

Манай улсын хүн амын гуравны нэгийг хөдөлмөрийн насныхан эзэлдэг. Зүүн хойд Азийн орнуудаас хамгийн залуу хүн амтайд тооцогддог Монгол Улс далайд гарцгүй ч ойрын жилүүдэд хурдацтай хөгжих боломжтой гэж НҮБ-ын Хүний хөгжлийн VI илтгэлд онцолж байна.

Тиймээс ч нийт хүн амын 35 орчим хувийг эзэлдэг 15-34 насны залуусын оролцоо, манайллыг судалжээ. Энэхүү судалгаагаар залуус хөгжиж дэвшихэд бодит хөрөнгө оруулалт шаардлагатай, амьдралын чанарыг сайжруулах хэрэгцээ бий болсон гэдэг нь тодорхой болсон юм. Учир нь монгол залуус ажилгүйдэлд өртөмтгий, төр, засаглалын үйл ажиллагааны чанарт итгэл багатай ханддаг аж. Тухайлбал, үндэсний хэмжээнд ажилгүйдлийн төвшин 7.9 хувьтай байхад 20-24 насны бүлгийнхний дунд 17.4 хувьтай байна. Мөн залуучууд сонгуулийн насны хүн амын 45 хувийг эзэлдэг ч талаас илүү хувь нь саналаа өгдөггүй.

Уг илтгэлийг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр дэлхийн улсууд хамтран боловсруулж, үр дүнг нь хэлэлцүүлснээр хүний хөгжлийн өнөө болон ирээдүйн бодлого, сорилт, шийдлүүдийг тодорхойлсон юм. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Биата Транкман “Уг нь өнөөгийн Монголын залуучууд ардчилсан нийгэмд шинэ үзэл бодол, эрч хүч, хүсэл тэмүүлэлтэй өсч өндийж буй анхны үеийнхэн. Тэд асуудлыг дэлхийн хэмжээнд сэтгэх чадвартай. Урьд өмнөхөөс ч илүү харилцаа холбоотой, өөрчлөлт шинэчлэлийн энэ зоримог хүчийг Монголын нийт иргэдийн тогтвортой, шударга, баялаг ирээдүйг бүтээхэд дайчлан чиглүүлэх нь чухал” гэж үзэж байна.

Манай улс хүний хөгжлийн индексээ сайжруулахад үлэмж дэвшил гаргаж, өнгөрсөн онд анх удаа өндөр хөгжилтэй орнуудын жишигт хүрчээ. Гэвч залуус энэхүү үр шимээс хүртэж чадалгүй, анхаарлын гадна байсаар байна. Тиймээс залуусын хэрэгцээ, хүсэл эрмэлзлэлд анхаарал хандуулах, тэдэнд зориулсан эрүүл мэндийн үйлчилгээг өргөжүүлэх, сургалтын тогтолцоог ажил олгогчийн шаардлагатай уялдуулах, нийгмийн амьдралд идэвхтэй оролцдог болгохыг Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс зөвлөлөө.

Харин Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ “Аливаа улс оронд залуучууд ирээдүйн том нөөц, ихийг бүтээх асар их хүч байдаг. Залуучуудын хөгжилд хөрөнгө оруулалт хийх нь хүний хөгжлийн томоохон үр дүн болох төдийгүй ядуурлаас ангижрах, ажилгүйдлийг бууруулах зэрэг нийгэм, эдийн засгийн томоохон өөрчлөлтийг авчирдаг” гэв



URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.