Т.Саруултөгс: Гудамжны бүжгийн хаан нэр хямдхан олдоогүй

527-14661437266-17-6й1_700x700“Aim4R” продакшны үүсгэн байгуулагч, гудамжны бүжигчин Т.Саруултөгстэй ярилцлаа.

-Удахгүй “Хүннү” фестиваль болох гэж байна.  Энэ наадамд танай продакшн зохион байгуулагчаар оролцож байгаа. Харин гудамжны бүжигчин Т.Саруултөгсийн хувьд өрсөлдөгчөөр оролцох уу?
-“Женко тур”-тай хамтран энэхүү фестивалийг зохион байгуулж байна. Олон улсад нэр хүндтэй 10 гаруй бүжигчин дижи нар оролцоно. Залуус маань манай наадамд ирснээр 18 цаг тасралтгүй дуулж бүжиглэнэ. Мөн энэ хугацаанд хөгжим нэг ч минут, секунд унтрахгүй.
Ийм наадам өмнө нь Монголд болж байгаагүй анхных нь юм. Тиймээс зохион байгуулалт дээр анхаарал тавин ажиллаж байна. Миний хувьд мэдээж бүжгээрээ оролцож, олон улсын нэр хүндтэй бүжигчидтэй өрсөлдөнө.  Тэдэнд эх орныхоо бүжгийн хөгжлийг харуулна гэж бодож байна.
-Хаанаас ямар уран бүтээлчид ирж байгаа вэ?
-Сингапур, Итали, Япон, Америк  гээд гу­дамжны бүжиг өндөр хөгжсөн орны бүжиг­чид ирсэн. Мөн энэ жил манай “Aim4R” про­дакшны таван жилийн ой тохиож байна.   Ойн үйл ажиллагаатай давхцаж байгаа учраас бид одоогоор энэхүү тэм­цээнд хамаг л анхаарлаа хандуулж байна.
-Продакшнаа байгуулаад таван жил болжээ. Энэ хугацаанд олон улсын томоохон фестиваль зохион байгуулах хэмжээнд хүртлээ хөгжиж чадсан байна.  Энд хүрэх зам хэр бартаатай байв?
-2011 онд продакшнаа нээгээд ихэд баярлаж байлаа. Энэ хугацаанд их хотын соёлыг гудамжны бүжгээр хүмүүст хүргэхийг хичээж ирлээ.  Залуу үе бүхэн өмнөх үеэсээ нэг алхмаар дээгүүр явдаг. Би ах эгч нараасаа үлгэр дуурайлал авах гэхээсээ илүү гадаад ертөнцөөс суралцах хэрэгтэй юм байна гэж бодсон.
Өндөр хөгжилтэй орнуудад залуус нь юу хийж байна. Тэд хотдоо хэрхэн хандаж, ямар соёлтой байна гэдгийг судалж түүнийгээ Монголдоо хөгжүүлэхийг хүссэн. Энэ хөгжилд гудамжны бүжиг тодорхой хувь нэмэр оруулах юм байна гэдгийг олж харсан. “Aim4R” зөвхөн бүжиглэдэг, бүжиг сонирхдог залуусын нэгдэл биш. Залуусын хөгжилд зориулсан лекц, сайн үйлсийн аяныг зохион байгуулж байна.
-“Aim4R” гэх нэрийн утга их сонирхолтой юм билээ?
-Тийм шүү. Би нэрээ их бодож өгсөн. “Хувьсгал руу чиглэе” гэсэн утгатай. Яагаад гэхээр бидний үеийн залуус өмнөх үеийнхээ сэтгэлгээгээр амьдарч байна.  Мөн тэр сэтгэлгээг дараа үедээ зэс утас тог дамжуулдагтай адил өгч байна.  Гэтэл яг залуу хүн гэж хэн бэ. Хөдөлмөрлөж, бүтээж, олон улсад өрсөлдөх ийм чадвартай нэгэн байх ёстой.  Миний хувьд  уран бүтээл, ажил хөдөлмөр бүх л зүйлдээ энэ сэтгэлгээгээр хандаж ирсэн. Үүнийгээ  нийгэмд жинхэнэ зэс утас шиг тараахыг тулд “Aim4R”-ыг байгуулсан.
-“Aim4R”-ыг байгуулах таны нэгэн цаг үеийн мөрөөдөл байсан байх даа?
-Гудамжны бүжгээр есөн жил хичээллэж байна. Энэ төрлийн бүжиг бол интернэтээс хараад, эсвэл хөгжмөө мэдрээд өөрөө сурчихдаг зүйл биш. Өндөр хөгжилтэй орнуудад үүссэн тэнд гол үнэт зүйл суурь нь байдаг. Тиймээс би гадаадад очиж сурахаас өөр аргагүй болсон.  Тэгээд Солонгос, Японд гурван жил суралцсан.  Энэ бүжгийн үнэ цэнэ, хөгжил, залуусын хандлага гээд бүх л зүйлийг тэндээс сурлаа.
-“Авьяаслаг мон­голчууд” шоунд оролц­со­ноор хүмүүс таныг илүү мэддэг болсон.  Мөн шоуны үеэр нэлээд шуугиан дэгдээж сайн, муу үг сонссон байх. Хувь хү­нийхээ хувьд шоуны дараа хэрхэн өөрчлөгдсөн бэ?
-Би илүү тайван болсон.
-Өөрөөс тань үүнээс илүү эрч хүчтэй хариулт хүлээж байлаа?
-Мэдэхгүй юм аа. Ямар ч гэсэн нэвтрүүлгийн дараа өөрийгөө цаашид тайван явах хэрэгтэй юм байна гэж бодсон. Тайван амьдармаар байна. Энэ бодол маань ч зөв байлаа. Өмнө нь би олны танил болох юмсан, амжилтад хүрэхсэн гэж хичээж бүх л зүйлд хөдөлмөрлөж ирсэн.  Гэхдээ олон хүнд танигдана гэдэг хэцүү юм билээ.
-Яг л тань шиг залуус  олны танил болох гэж их хүсдэг шүү дээ. “Оддын” амьдралын юу нь танд таалагдаагүй юм бэ?
-Би тэмцээнд олон хүнд танигдах гэж биш гудамжны бүжиг Монголд хөгжиж байна гэдгийг харуулах гэж орсон. Манай продакшныхан бүгдээрээ ярилцаж байгаад намайг оруулахаар сонгосон юм.  Би ер нь жаахан амбицтай хүн л дээ. Хийж бүтээе гэсэн сэтгэлээ шууд ил гаргачихдаг. Гэтэл тэмцээний үеэр тэр сэтгэлийг минь буруугаар ойлгож, хүн бүхэн над руу дайрч эхэлсэн.
Хүмүүст таалагдахгүй, мөн өөрийнхөө амьдрал, уран бүтээлийг олон нийтээр шүүлгэх тэр мэдрэмж хэцүү юм билээ. Хүмүүст таалагдахыг хичээж  амьдарна гэдэг аз жаргалгүй, утгагүй мэт санагдсан.  Түүнээс хойш ер нь өөрийн хийх ёстой ажлаа хийгээд, тайван явах хэрэгтэй юм байна гэж бодсон.
Танилын хүрээ нэмэгдэж, илүү бо­ломжууд нээгдсэн учраас олон улсын хэмжээнд уран бүтээлээ хийнэ гэж бодож байгаа.  Гэхдээ хүмүүст бүх зүйлээ тайлагнаад байхгүй, тайван чимээгүй амжилтад хүрнэ.
-Бүжиг бол гайхам­шигтай урлаг. Тэр гай­хамшгийг хүний сэтгэлд хүргэхдээ та юуг мэдэрдэг вэ?
-Бүжигчин хүн бүжгийг бичлэгээс биш яг хүнээс нь су­рах шаардлагатай бол­дог.  Мөн тайзан дээр ганцаараа хичээн сайхан бү­жиглээд ч амжилт олохгүй.  Яг үзэгчдийн дунд хамтдаа бүжиглэж байж энэ урлагийн гай­хамшгийг тэнд мэд­рүүлнэ. Тэгэхээр тэр бүхний дунд амьд ха­рилцаа үүсч байгаа биз.
Энэ бүжгийн ур­лагийн гайхамшгийн нэг юм.  Бүжиглэхэд ямар мэдрэмж авдаг вэ гэдгийг их энгийнээр тайл­барлавал маш их стресстэй байлаа гэхэд хөгжмөө сонсоод хоёр гурав­хан хөдөлгөөн хий­хэд тэр бүгд алга болдог.  Энэ мэтчилэн энэ урлагийн хүн өгөх, нийгэмд илэрхийлэх ач холбогдол үнэ цэнэ маш их л дээ.
- Залуус өөрийг тань гудамжны бүжгийн хаан хэмээн өргөмжилдөг. Энэ нэрийг та хэрхэн хүлээж авдаг вэ?
-Би нэг их эмзэг­лэ­дэггүй. Намайг ин­гэж дуудахаа боль ч гэж хэлдэггүй, ингэж өргөмж­лөөч  гэж ч гуйдаггүй. Зүгээр л миний уран бүтээлд өгсөн нэр.  Гэхдээ энэ нэр хямдхан олдоогүй гэдгийг хэлмээр байна.  Шоуны төдий нэр биш гэдгийг миний хүрээлэл болсон залуус мэднэ.
-Та гудамжны бүжгээр есөн жил хичээллэсэн байна. Энэ бүжгийн урлагийн хөгжлийг юу гэх вэ?
-Залуусын сэтгэлгээ жаахан буруу байна. 30 хүрээд гүзээ сууж байна. Амьдралын идэвхгүй болж, өөрийгөө шинэ зүйлд сорьё гэсэн эрч хүчгүй болж байна.  “Би бол бүжигт зориулагдсан хүн биш”  гэсэн үгээр өөрийгөө хуурдаг. Гэтэл баруунд энэ бол амьдралын нэг соёл болон хөгжсөн. 40, 50 настай эрхмүүд бүжиглээд л энэ урлагийг хөгжүүлж байна.
 Гэтэл манайд яг үнэндээ 25-аас доош насныхан л сонирхож байгаа. Гэтэл энэ давхарга нь эдийн засаг, чөлөөт цаг  гээд бүх л зүйл нь ээж ааваасаа хараат бай­даг. Яг ийм нөхцөлд Монголын гудамжны бүжиг хөгжинө гэдэг худлаа. Зөвхөн чадварлаг бүжигчин залуусын маань нуруун дээр л байна даа.
Гэхдээ удахгүй хүмүүсийн сэтгэлгээ өөрчлөгдөх байх аа. Мөн гадаадад шоу бизнесийн ямар ч төрөл бай бүжигчид чухал байр суурийг эзэлдэг. Дэлхийн хамгийн шил­дэг энтертэйнерүүд болох Жексон, Бейонсе нарыг бүжиггүйгээр төсөөлөшгүй.  Адель шиг зогсож байгаад дуулдаг хүмүүс биш. Хэтрүүлээд хэ­лэ­хэд гудамжны бүжгийг “Авьяаслаг Мон­голчууд” шоунаас хойш манайхан ойлгож эхэлж байна.
Т.БАТСАЙХАН
Эх сурвалж: Зууны мэдээ

URL:

Нэр: Anonymous Огноо: 4 July 2016

сайн бүжиглэдэг байж болно. Гэхдээ их савсагнасан сагсуу эр шиг санагдсан. Эрдэмтэй хүн даруу их мөрөн дөлгөөн гэдэг дээ. Хүнд анх ямар сэтгэгдэл үлдээнэ цаашид тиймээр нь хардаг юм. Олон хүнд таагуу сэтгэгдэл үлдээсэн байхаа.

Нэр: gffg Огноо: 5 July 2016

Элэнцэгний хаан бэ бас хаантай хэрэгүү алдын байна

Сэтгэгдэл бичих