Улаанзагалмайн Л.Одончимэд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумыг худалдаад авчихжээ…

“Манай үйлдвэрээс 5 дахин хүчин чадалтай мундаг үйлдвэр баригдаж байгаа” хэмээн Төмөртэйн цайрт минералын үйлдвэрийн инженерүүд шагшин ярилцаж байсан нь үнэн болж таарчээ. Муу хэл ам дагуулдагаараа олны танил болсон Төмөртийн цайрт минералын үйлдвэрээс 5 дахин их хүчин чадалтай гэхээр үнэхээр аварга том үйлдвэр юм байна.

Төмөртэйн үйлдвэр жилдээ 150 мянган тонн бүтээгдэхүүн гаргаж 300 гаруй сая долларын борлуулалт хийдэг айл.  Тэгэхээр аргагүй асар том орд урд хөршийн бизнесмэнүүдийн гарт орчихжээ.  Нүхтийн энэ ордыг гадныхны аманд хийх ажлыг манай төр засгийн томчууд ялангуяа өмнө нь төрийн сайд, УИХ-ын гишүүний алба хашиж явсан Л.Одончимэд биечлэн хөөцөлдөж амжилттай гүйцэтгэсэн байх юм.  Нүхтийн орд хэрхэн гадныхны гарт орсон нь бас сонирхолтой. Анх 2006 онд хайгуулын лиценз олгогдсон бөгөөд манай “Оюуны ундраа” групп Хятадын хоёр  компанитай нийлэн  хамтран ашиглахаар болж “Баян-Эрч” гэдэг компани байгуулжээ.  Ингэхдээ “Оюуны ундраа” 30 хувийг үлдсэн 70 хувийг нь урд хөршийн Зилинь мужийн Төмөрлөгийн үйлдвэр болон Виржиния аралд бүртгэлтэй “Дадатехноложи” групп хуваан эзэмшихээр тохирчээ. Тэрхүү “Дадатехноложи” нь хятад эзэдтэй компани гэнэ.  Нүхтийн орд нь манай геологичдын ярьж байгаагаар маш баялаг аж.  “А”, “Б” гэсэн хоёр талбайтай бөгөөд нэг нь молибден нөгөө нь вольфрамын ихээхэн нөөцтэй.  Урьдчилсан тооцоогоор зөвхөн молибдений нөөц нь 8000  тонн гэж яригдаж байгаа бол нэг хэсэг моодонд орж байсан  Асгатын ордынх ердөө л 6000 тонн байдаг.  Асгатын ордоос их нөөцтэй гэхээр жинхэнэ өрөм тос гэсэн үг.  Ингээд олборлолт явуулах үед  хятадууд хоорондоо хуйвалдан  “Оюуны ундраа”-г жийж эхэлжээ.  Монгол компани 30 хувийг нь эзэмшдэг мөртлөө ашиг гэж авдаггүй, нөгөө хятадууд нь үйлдвэрлэлийн зардлаа санаатайгаар нэмчихээд ямар ашиг гараагүй гээд суугаад байдаг байж.  Ийнхүү айлын гэрт толгой хоргодон тогоо өнгийж суухаас залхсан “Оюуны ундраа” эзэмшил хувиа зарчихаад тоглоомноос бүрмөсөн гарсан.  Энэ үед л хятадууд жинхэнэ хөдөлж эхэлсэн төдийгүй  монгол талын нууц ноёнтон болох Л.Одончимэд ил гараад ирж.  УИХ-ын гишүүн байх үед нь туслахаар нь ажиллаж байсан Батмөнх гэдэг залуу “Баян-Эрч” компаний гүйцэтгэх захирлаар томилогдон сарын 5 сая төгрөгний цалин авах болов.  Хятадууд тэр дор нь хоёр талбайд өргөн хэмжээний өрөмдлөг хийж хуучин үйлдвэрээ нураагаад хэд дахин өндөр хүчин чадалтай үйлдвэр байгуулж эхэлжээ. Тэгэхдээ манай ЭБЭХЯ, УМХГ, БОЯ гээд ямар ч газраас нэг ширхэг ч зөвшөөрөл авалгүй том толгой гаргасан байх юм. Төрийн өндөр том албан тушаалтны нөмөр нөөлөгт явдаг болохоор дэндүү бардсан биз. Энэ олон жилийн хугацаанд УМХГ-аас нэр заагдсан ганцхан байцаагч “Баян-Эрч” компанийг шалгадаг байсан нь саяхан тодорхой болжээ. Цагтаа энэ байгууллагыг удирдаж байсан Я.Содбаатар даргын аман шийдвэрээр очдог тэрхүү  байцаагч  ялих ялихгүй хэдхэн зөрчил бичсэн нэр төдий акт гаргасаар ирсэн нь бас л экс гишүүн Л.Одончимэдийн нөлөө гэнэ. Харин “Баян-Эрч” компанийг  ивээлдээ авсан экс гишүүн бас экс сайдтан саяхан хэдэн эмч дагуулж очин Эрдэнэцагаан сумын иргэдийн даралтыг хэмжиж өгчээ. Хааяа Улаан загалмайн нийгэмлэгийн шугамаар ирсэн хувцас хунар тараана. Үүнээс өөрөөр энэ эрхэм орон нутагт гар сарвайсан тусламж үзүүлсэн зүйл байдаггүй гэнэ. Харин “Баян-Эрч” компани нь зохиолч, яруу найрагч Л.Одончимэдийн бүх ном зохиолыг ивээн тэтгэж урд өндөр үнээр хэвлүүлж өгдөг. Эрдэнэцагаан суманд Л.Одончимэдийн өөдөөс үг дуугарах зоригтой аймаг сумын дарга л лав алга. Ам ангайх бүрдээ “миний цаана М.Энхболд байгаа шүү” гэж даналздаг болохоор аргагүй биз.
Энэ бүхнээс үзэхэд мань Эрдэнэцагаан сумыг худалдаад авчихсан гэлтэй…


URL:

Сэтгэгдэл бичих