Боксын хоёр холбооны ашиг сонирхол зөрчилдөв

142941696155332c01c0f05Олон улсын сонирхогчдын боксын холбоо саяхан мэргэжлийн боксчдыг олимпийн наадамд оролцох боломж олгосон. Энэ шийдвэр олимп, дэлхийн аваргын мөнгөн медальт, гавьяат тамирчин Н.Төгсцогтод маань ашигтайгаар тусч байсан билээ.

Гэвч энэхүү шийдвэр гараад удаагүй хэл ам багагүй татлах болсон. Тухайлбал, “Сонирхогчдод тоглодог боксчдын олон жилийн хөлс хөдөлмөрийг мэргэжлийн тамирчид үгүй хийх гэж байна” хэмээх яриа гарч байсан юм. Мэргэжлийн боксчдыг олимпийн рингэнд тулалдуулах шийдвэр гарахад мэргэжлийн холбоод тийм ч таатай хүлээж аваагүй. Ямар нэгэн албан ёсны хариу хэлэхээс бүгд л цааргалж байв. Тэгвэл саяхан мэргэжлийн боксын WВС холбооноос чансаанд дээгүүрт бичигдэж буй тамирчдаа олимпийн наадамд оролцвол дахин мэргэжлийн рингэнд гаргахгүй байх хүртэл арга хэмжээ авна хэмээн мэдэгдлээ. Хэрэв тухайн тамирчин уг шийдвэрийг зөрчвөл дэлхийн аваргын бүсийг нь хураагаад зогсохгүй нэг жилийн хугацаагаар чансааг нь бууруулахаа ч мэдэгдээд байна. Олон улсын сонирхогчдын боксын холбооноос ирэх сарын 3-8-нд Венесуэльд мэргэжлийн тамирчдын олимпийн наадмын эрхийн тэмцээн зохион байгуулна гэдгээ зарласан юм. Тиймээс боксын олон улсын хоёр холбооны ашиг сонирхол хаашаа эргэхээс бүх зүйл шалтгаалах болоод байгаа юм.


URL:

Сэтгэгдэл бичих