Монголын эдийн засгийг залуурддаг зэсийн үнэ өсөх үү, унах уу?

7-4-4_700x700Лондоны металлын бирж дээр 2008 оны нэгдүгээр сард зэсийн үнэ түүхэнд анх удаа тонн нь 8000 ам.доллараас давж, эрэлт ихтэй тул цаашид ч нэмэгдэх төлөвтэй байлаа. Үүнээс жилийн дараа манай улс дэлхийн уул уурхайн гурван аварга загасны нэг “Рио Тинто” корпорацтай Оюутолгойн хөрөнгө оруу­лалтын гэрээг байгуулснаар хасахтай байсан эдийн засгийн өсөлтийн үзүүлэлт гэнэт 6.1 хувь хүртэл нэмэгдсэн билээ. Зэсийн үнэ түүхэн оргил цэгтээ хүрэн 10200 ам.доллар болсон 2011 онд манай улсын эдийн засаг 17 хувиар өсч, энэ үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлж үзсэн юм.

Харин Оюутолгойн хоёр дахь шатны бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтын талаар мар­галдан цаг алдах үетэй давхцан зэсийн үнэ ч огцом унасан. Үүнийг дагаад гэгээлгээр төсөөл­дөж байсан манай улсын эдийн засгийн байдал дахиад л хэцүүдсэнтэй хэн ч маргахгүй биз ээ.

Тэгэхээр, Оюутолгойгоос гадна Эрдэнэттэй Монголын эдийн засаг цаашид ч энэ металлын дэлхийн зах зээлийн үнээс хамгийн их хамааралтай байх нь тодорхой.

Оны эхэнд зэсийн үнэ зугуйхан өссөн нь Монголын хувьд таатай мэдээ байлаа. 2016 оны нэгдүгээр сард нэг тонн зэс 4553 ам.доллараар борлогдож байсан бол сар бүр өссөөр тавдугаар сард бүр 5000 ам.доллараас ч давжээ. Үүнд нөлөөлсөн гол хүчин зүйл гэвэл ам.долларын ханш уна­сан явдал байсан гэнэ. Иймээс ч түр зуурын энэ өсөлт удаан үргэлжилсэнгүй, зургадугаар сарын сүүл гэхэд тус металлын үнэ 4800 ам.доллар хүртэл буурсан байна.

“Голдман Сакс”, “Барклайс” гээд зах зээлийн аналитикийн олон том компани зэсийн үнэ цаашид ч буурч 4000 ам.долларт хүрнэ гэж үзэж байна. “Морган Стенли” ч дэлхийн эдийн засгийн тодорхойгүй байдал, ам.долларын ханш өсөх хандлагатай уялдуулан энэ жил зэсийн үнэ унана гэжээ. Зарим шинжээчид зэсийн үнэ 3400-3600 ам.доллар хүртэл унана ч гэж “муу амлаж” байгаа аж.

Ер нь зэсийн үнэ өсөхөд саад болж буй хоёр гол хүчин зүйл байгаа аж. Эхнийх нь БНХАУ болон бусад Азийн орнуудад зэсийн эрэлт буурч байгаа явдал. Хоёрдахь нь, зэс үйлдвэрлэгчид зах зээлд нийлүүлж буй бүтээгдэхүүнийхээ хэмжээг нэмэгдүүлж байгаа явдал аж. 2020 он гэхэд шинээр 4.5 сая тонн зэсийн хүдэр олборлох уурхайнууд ашиглалтад орох юм байна. Тэгээд ч дэлхийн томоохон зэс үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийхээ нийлүүлэлтийг өсгөсөөр байгаа тул ойрын жилүүдэд тус металлын нийлүүлэлт борлуулалтаасаа их байх ажээ. Үүнээс гадна дэлхий даяар сантехникийн болон бусад салбарт зэс хоолойноос илүү хямд пластик хуванцар хоолойнд шилжих болсноор сүүлийн арван жилд гэхэд зэсийн хэрэгцээ 25 хувиар буурахад хүрчээ.

Товчдоо бол зэсийн үнэ ойрын жилүүдэд тэгтлээ нэмэгдэхгүй байх төлөвтэй. Хэдий тийм ч Монголын эдийн засгийг залуурддаг гэхэд хилсдэхгүй зэсийн үнэ тус түүхий эдийн олборлолт ашиггүй болтлоо бүр навс унахгүй нь.

Б.БАРС

Зууны мэдээ

URL:

Сэтгэгдэл бичих