”Зэсийн хомсдол, үнийн бууралт нь түр зуурын асуудал” гэв

Энэ оны дөрөвдүгээр улиралд зэсийн үнэ ханш дэлхийн санхүүгийн зах зээл болон Лондоны Хөрөнгийн бирж дээр савлаж эхэлсэн.

Тухайлбал, өнгөрсөн онд 10 мянган ам.доллар даваад байсан улбар шар металлын үнэ Лондоны Хөрөнгийн бирж дээр өнгөрсөн наймдугаар сарын эхээр 8600 ам.доллар, есдүгээр сарын эхээр 9000-9385 ам.доллар болж хэлбэлзсэн.

Гэтэл энэ сарын 4-ний байдлаар тус бирж дээр 6758 ам.доллар болтлоо буурав. Энэхүү үнийн хэлбэлзэл чухам юунаас болов, цаашид гарах үр дагавар зэргийг эдийн засагчид, судлаачид болон дэлхийн санхүүгийн томоохон компаниудын мэргэжилтнүүд янз бүрээр тайлбарлаж байна.

Тухайлбал, “Standard Bank” хөрөнгө оруулалтын банкны таваарын стратегич Волтер дэ Вэт “Дэлхийн эдийн засаг уналтад ороход зэсийн үнэ буурдгийг бид гурван жилийн өмнө харсан шүү дээ” гэсэн. Харин Америкийн эдийн засагчдын үзэж буйгаар “АНУ, Европын төсвийн хямрал, Хятадын инфляци зэсийн ханшид нөлөөлснөөр ийнхүү үнэ хэлбэлзэж байна” хэмээжээ.

Харин санхүүгийн нэр хүндтэй компаниудын төлөөлөл энэ талаар тайлбарлахдаа “Эдийн засагт цаашдаа нэг их эрсдэл учрахгүй. Зэсийн үнэ аажмаар өснө” гэсэн байр сууринаас ханджээ. “TD Securities” компанийн дэд ерөнхийлөгч Барт Мелек “Дэлхийн эдийн засагт тодорхой бус байдал нүүрлэсэнтэй холбоотойгоор зэсийн ханш савлах төлөв ажиглагдсан ч бидний үзэж байгаагаар 2010 онд зэсийн үнэ өндөр хэвээр байна” хэмээгээд дэлхийн эдийн засаг ойрын хэдэн жил 8-9 хувийн өсөлттэй гарна гэж үзжээ.

Мөн тэдний үзэж буйгаар зэсийн эрэлт Хятадаас ихээхэн хамааралтай байхыг онцолсон байна. Түүнчлэн “Scotiabank” банкны дэд ерөнхийлөгч Патрисиа Mop “Миний бодлоор Хятадын нөөц багасаж байгаа учир оны сүүлчээр их хэмжээний зэс авч боловсруулан зарна. Тиймээс дөрөвдүгээр улиралд үнэ дээшлэх төлөвтэй” гэжээ.

Монголын эдийн засагчид энэ талаар юу гэж тайлбарлаж байна вэ энэ талаар Эдийн засгийн ухааны доктор Д.Батжаргалтай ярилцлаа.

Д.БАТЖАРГАЛ: ЗЭСИЙН ХОМСДОЛ НҮҮРЛЭНЭ ГЭЖ БАЙГАА НЬ БОДИТ ЗҮЙЛ БИШ

-Лондоны Хөрөнгийн бирж дээр зэсийн ханш нэлээд савалгаатай байгаа. Энэ нь манайд ямар сөрөг нөлөөтэй вэ?

-Богино хугацаанд зэсийн үнийн хэлбэлзэл үүсэж байдаг. Металлын үнийг хүнсний бүтээгдэхүүний үнэтэй харьцуулшгүй. Дэлхийн зах зээл дээрх санхүүгийн эрэлт хэрэгцээнээс бас хамаарч болно. Энэ талаар дэлхийн томоохон улсууд бодлого хэрэгжүүлж байгаа. Учир нь маш олон улс өр, зээлтэй байна. Тэд өрийн бичгээсээ салах гэсэн хэтийн төлөвлөгөөтэй. Дэлхийд хамгийн их өртэй улс бол АНУ.

Тэдний зээлдэгчид нь багасаж байгаа гэсэн эдийн засагчдын тооцоо гарсан. Мөн Хятадын зах зээлийн хүчтэй бодлого, аж үйлдвэржилтийн бүтээн байгуулалт, олборлолт зэргээс болж зэсийн үнэд өөрчлөлт орж байна.

-Зарим хэвлэлээр зэсийн хомсдол бий болж байгаа талаар анхааруулсан. Энэ хэр бодитой вэ?
-Энэ бол нэлээд олон хүчин зүйлээс үүдэж гарч байгаа мэдээлэл. Учир нь дэлхийд зэс олборлолтоороо тэргүүлдэг Чили, Перугийн уурхайн зэс олборлолт багасаж байна. Энэ нь уурхайнуудын хүдрийн чанар муудаж байгаатай холбоотой. Мөн дэлхийд томоохонд тооцогддог “ВНР Billiton” компанийн “Эскондидо” уурхайд болсон ажил хаялтаас болж олборлолтын нөөцөд 40 мянган тонн зэсийн алдагдал гарсан.

Түүнчлэн Хятад, Энэтхэг зэрэг хүн ам ихтэй улс орнууд болон шинээр хөгжиж буй орнуудын аж үйлдвэржилт нэмэгдэж зэсийн эрэлт ихэссэн. Мөн зэсийн олборлолт буурсантай дам бус холбоотойгоор хомсдолыг хэсэг хугацаанд бий болгоод байна. Олон улсын зэх зээл дээр зэсийн хомсдол нүүрлэнэ гэж байгаа нь бодит зүйл биш юм.

-Та “Хомсдолыг хэсэг хугацаанд бий болгож байна” гэлээ. Яагаад хэсэг хугацаанд гэж?

-Учир нь зэсийн эрэлт наанадаж ойрын 10-20 жилдээ буурахгүй. Аж үйлдвэржилт хаана явагдаж байна, тэнд зэс хэрэгтэй. Олборлолтын хомсдол ч мөн адил цаг зуурын зүйл. Удахгүй дэлхийд хоёрдугаарт орох нөөцтэй Оюутолгойгоос зэс олборлоод эхлэхээр зэсийн нийлүүлэлтэд маш том өөрчлөлт орно. Дөрөвдүгээр улирал гармагц олборлолт, үнэ ханш хэвийн хэмжээндээ хүрэх байх.

Түүний хэлснээр, Дэлхийн эдийн засагг тулгараад байгаа үнийн өөрчлөлт нь зөвхөн сайтуудийн мэдээлэл буюу индекс юм. Судлаачид, томоохон компаниудын удирдлагуудын хэлж буйгаар зэсийн үнийн бууралт, хомсдолын асуудал манай орны эдийн засагт сөргөөр нөлөөлөхгүй бололтой. Зарим хэвлэлээр “Зэсийн үнийн бууралт манай орны эдийн засагт хүндээр тусна” гэж дурьдсан.

Гэлээ ч манай улс зэс үйлдвэрлэх бус зөвхөн эцсийн бүтээгдэхүүнээс өмнөх зэсийн баяжмал гэгчийг гаргаж авдаг. Зэсийн олборлолт, үйлдвэрлэлээрээ дэлхийд хоёрдугаарт ордог гэх “Оюутолгой”-нхон хараахан бүтээгдэхүүнээ олборлож эхлээгүй. Монгол Улсын хувьд энэ онд 328 мянган тонн зэсийн баяжмал экспортолж, 577.7 сая ам.долларын ашиг олсон. “Эрдэнэт” үйлдвэрийн зэсийн баяжмал манай улсын экспортын 24 хувийг эзэлдэг байна.

Л.Баатархүү


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих