Пак Гын Хэ: Умарт Солонгос цөмийн зэвсгээсээ татгалзаж байж тогтвортой байдал бий болно

downloadӨмнөд Солонгос Умард Солонгосын өдөөн хатгалгыг таслан зогсоож, Солонгосын арлыг ирээдүйд нэгтгэх хатуу бодлого баримтлах аж. Энэ тухай БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ консерватив иргэдийн төлөөлөгчидтэй уулзах уеэрээ мэдэгдсэн байна.

Тэрбээр цааш үргэлжлүүлэн “Өмнө нь Солонгосын хойг дээр байдал нэг л хэвээр үргэлжилж байсан. БНАСАУ цөмийн хөтөлбөрөөс татгалзах амлалт өгснийхөө хариуд олон улсын нийгэмлэгээс тусламж авдаг ч атомын зэвсэг, баллистик пуужингаа үйлдвэрлэх ажилдаа эргээд л ханцуй шамлан ордог байсан. Энэ асуудалд хандах хандлага, энэ байдал, харилцааг үндсээр нь өөрчлөхгуй бол Пхеньянтай хийсэн ямар ч хэлэлцээр богино настай байх болно” гэв. Пак Гын Хэ мөн БНАСАУ-ын хоёр Солонгосын хэлэлцээрийг үргэлжлүүлэх, ингэхдээ Умард Солонгосын эсрэг авч буй хориг арга хэмжээг зөөллөх ганц зорилготой уулзалт зохион байгуулах тухай саналд ч хатуу байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр мөн Засгийн газрын гишүүдтэй уулзах үеэрээ “Пхеньян цөмийн зэвсэг үйлдвэрлэж, дэлхийг далайлган айлгахын оронд иргэдийнхээ амьдралын чанарыг сайжруулах хэрэгтэй. Тэгж байж дэглэмээ тогтвортой болгохыг хичээвэл үр дүнд хүрнэ” гэжээ. Тэрбээр мөн сайд нараа анхааралтай байхыг уриалаад, “Умард Солонгос манай нийгэм дотор хагарган бутаргах арга хайж буй. Мөн олон улсын тавцанд ч бусад улстай хамтын ажиллагааг таслан зогсоохыг хичээж байгаа. Тиймээс бид илүү нэгдэн нягтарч, нэг цул болох хэрэгтэй” хэмээн онцлов.
НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Пхеньяныг цөмийн зэвсгийн туршилт явуулж пуужин харвасныг буруутган өнгөрсөн гуравдугаар сарын 2-нд хориг арга хэмжээ авах тогтоол гаргасан билээ. Уг тогтоолын дагуу нүүрс, төмрийн хүдэр, титан, алт болон бусад үнэт металлуудыг импортлох, пуужингийн түлш нийлүүлэхийг хориглосон. Мөн банкны салбар, ачаа тээвэр, цөмийн болон пуужингийн хөтөлбөртэй холбоотой хувь хүн, байгууллагын арга хэмжээг хатуу хянаж шалгахыг заасан байна.
Т.МИШЭЭЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

 


URL:

Сэтгэгдэл бичих