Хойд Солонгосын доторх “нууцаас”

“Хамгаас шилдэгт өөрөө суралц, хамгаас шилдэгт бусдыг дагуул” гэж Фалес хэлжээ…
Бид Хойд Солонгосын ард түмэн бидний тухай буюу гадаад ертөнцийн талаар өчүүхэн бага, бараг юу ч мэдэхгүй,  мөн тэдний “Хайрт Удирдагч” нь гадныханд хэрхэн үнэлэгддэг, яригддаг талаар ч ойлголтгүй байдаг хэмээн “сонсож” байсан ч энэхүү тусгаарлагдмал, хязгаарлагдмал, хаагдмал орон болох Хойд Солонгосын дотор амьдрал чухам ямар байдаг талаар “харах” нь ихээхэн сонирхолтой байх болов уу гэж санагдлаа.

УДИРДАГЧ

Ким Жон-ил бол Хойд Солонгосын дархан эрхт удирдагч бөгөөд эцгээсээ эрх мэдэл өвлөж авч байсан цорын ганц коммунист удирдагч билээ.

Дипломатчууд болон сөрөг үзэлтнүүд түүнийг бусдад тоогдох гэж амь тэмцэн чармайдаг, хоосон үзэмжинд дуртай, өрөвдөлтэй хүн бөгөөд өөрийн давжаа биеийг өсгөж харуулахын тулд зузаалсан ултай гутал өмсөж, үсээ сэгсийлгэн засуулдаг гэж ярьдаг юм.

Түүний албан ёсны намтарт түүнийг Паекту Ууланд эцгийнхээ цэргийн бааз дээр төрсөн бөгөөд тэр үед давхар солонго татчихсан, тэгээд тэнгэрт нэгэн шинэ од гарчихсан байв гэсэн байдаг. Гэвч үнэндээ бол Ким Жон-ил 1941 онд Оросын Сибирьт аавыгаа Солонгосоос цөллөгдөж байх үед төрсөн юмсанж. Эрх мэдэл авсныхаа дараа тэрбээр аавынхаа талаарх архивын мэдээллийг өөрчлөн боловсруулж, шинэчилсэн гэдэг.

Тэрбээр аавынхаа бусад коммунист удирдагчид шиг эрх мэдлээ бэхжүүлэхийн тулд өөрийгөө тахин шүтүүлэх дуртай загварыг буюу “Хайрт Удирдагч” хэмээх дүрийг нь хуулбарладаг юм.

Радио, мэдээний хөтөлбөрүүд тогтмол түүний хийсэн ажил, гаргасан амжилтуудын талаар нэвтрүүлж байдаг.

Амьдрал ба ард түмэн

23 сая хүн амтай Хойд Солонгосын ард түмний хувьд амьдрал нь маш хүнд. Тэдний дийлэнхи нь өдөр тутмын хүнсний дутагдалд байна.

Хөргөгч, угаалгын машин, унадаг дугуй зэрэг гэр ахуйн хэрэглээний бараа олж авах боломж үгүй. Өдрийн цагаар бол гол хотуудаас гадна хэсгүүдэд өдөр тутам тог цахилгааны хомсдолтой байдаг.

Хойд Солонгост цөөн тооны машин л байдаг тул зам нь бараг цөлжчихсөн. Төмөр замын сүлжээ зогсоод уналтанд орчихсон. Ихэнхи хойд Солонгосчуудыг тус орноос гадагш аялахыг хатуу хориглодог.

1990-ээд онд хэдэн жилийн турш эдийн засгийн буруу менежмент, ган гачигаас үүдэн туйлын өлсгөлөн нүүрлэсэн ба НҮБ-ийн тооцоолсноор ойролцоогоор 500,000-2 сая хүн нас барсан байж болзошгүй гэдэг юм. Хэдийгээр сүүлийн жилүүдэд хүнсний хомсдол арай сайжирч байгаа ч ялангуяа хүүхдүүдийн хувьд тэжээллэг хүнс хэрэглэх шаардлага хурцаар тавигдаж байна.

Засгийн газар өдөр тутмын амьдралын бүхий л хэсгийг захирч байдаг. Ард түмэн нь одоогийн дэглэмд ханддаг байдлаараа нийгэм-улс төрийн “дайсагнасан”, “тогтворгүй”, “дуулгавартай” гэсэн гурван бүлэгт хуваагддаг.

Бүх мэдээллийн хэрэгслийг төр хяналтандаа байлгадаг. Гадаадын телевизийн суваг нэвтрүүлэх хориотой. Радионууд цагдаагийн албанд бүртгүүлэх ёстой.

Арми

Хойд Солонгос улс бол дэлхий дээр хамгийн хүнд цэрэгжилттэй орнуудын нэг. Тэдний нэг сая цэргийн арми нь дэлхийд томоороо тавд ордог. Ихэнх цэргийн зэвсгээ Хятад болон Оросын загвараас татаж авдаг. Гэвч мэргэжилтнүүд тэдний танк, агаарын болон тэнгисийн хөлгүүдийг Европын зэвсэгт хүчнийхтэй харьцуулахад хоцрогдсон гэж үздэг байна.

Хойд Солонгост улс төрийн үзэл бодлоо илэрхийлэх нь хатуу хориглогдсон, хэрэв зөрчсөн бол чанга шийтгэл оноодог. НҮБ-ийн Хүний Эрхийн Хорооны мэдээлснээр тус оронд 200,000 орчим улс төрийн хоригдлууд байдаг аж. Олонхи тохиолдолд нэг гэр бүлийг гурван үеэр нь шийтгэдэг. Тэд хүнд хөдөлмөр, зодуурт нухлагдаж, өлсгөлөнгийн байдалд оршиж байна.

Орчуулсан Ч. Сувд


URL:

Сэтгэгдэл бичих