С.В.Паушок хуулиас гадуур компаниа худалджээ

С.В.Паушок манай улсын Татварын алба, “Анод”, “Зоос” банкинд их хэмжээний өртэй  “Алтан Дорнод Монгол” компаниа Монголын хууль тогтоомжоос гадуур “наймаалцжээ”. Тус компани Олон улсын арбитрын шүүхэд ялагдсанаас хойш “Алтан Дорнод Монгол” компанид холбогдох өрийн асуудлыг Сангийн яам гарсан ажлын хэсгийнхэн хариуцан барагдуулахаар болсон.

Тиймээс тус ажлын хэсгийнхэн манай улсад татварын өрөөрөө толгой цохиж байгаа энэ компанийг бусдад шилжүүлэхийг хориглох шийдвэрийг өнгөрөгч тавдугаар сард гаргасан. Энэ шийдвэр гарах үед С.В.Паушок компанийнхаа үйл ажиллагааг хэвийн хэмжээнд явуулахын тулд өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Ж.Бямбаа гэдэг хүнийг томилж, Татварын ерөнхий газар болон бусад албаны хүмүүстэй тохиролцохоор оролдож байсан.

Түүний тависан шаардлагуудыг манай тал хүлээн авах боломжгүй байсан тул тэрбээр ийн Монгол Улсын хуулиас гадуур компанийнхаа эрхийг бусдад шилжүүлсэн байна. Тэрбээр манай улсад их хэмжээний өртэй “Алтан Дорнод Монгол” компанийн 70 хувийг эзэмшдэг Орос улсад үйл ажиллагаа явуулдаг толгой компани болох “Золотая восток” компанийг бусад 16 охин компанийн хамт Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн даргаар ажиллаж байсан Т.Ганболдолд худалдсан.

Т.Ганболдын худалдаж авсан “Алтан Дорнод Монгол” компани одоо 10.9 тэрбум төгрөгийн шүүхийн шийдвэр бүхий татварын өр, шүүхээр хараахан шийдэгдээгүй байгаа 140 тэрбум төгрөгийн татварын маргаантай байгаа. Мөн “Анод”, “Зоос” банкнаас их хэмжээний зээл барьцаагүйгээр авсан гээд тус компанийн өр үндсэн хөрөнгөнөөсөө 90 хувиар даваад байгаа ажээ.

Тус компанийн нэр дээр 118 лиценз байдаг боловч ихэнх нь банкны барицаанд тавигдаж, бусдад худалдах зэргээр битүүмжлэх боломжгүй болсон байдаг ажээ. Мөн “Алтан Дорнод Монгол” компанийн нөхөн сэргээлт хийгээгүй болон байгаль орчны хор хохиролын хэмжээ хэдэн тэрбумаар хэмжигдэж байгаа гэв.

С.Заяа


URL:

Сэтгэгдэл бичих