“Эрүүл, залуу байгаа нь миний буруу юм уу”

Хүний хөгжил сангаас олгох сая төгрөгөө авах хүмүүсийн тооноос эрүүл, залуу хүмүүс бараг л хасагдсан бололтой.

Лав л ойрын хугацаанд горьдолтгүй нь. Сүүлдээ эрүүл бас, нас залуу байгаа нь миний буруу юм уу ч гэж бодогдоод гомдох янзтай шүү. Эх орны хишиг хүртээх сонгуулийн амлалтад мань мэтийн залуус молигодуулаад өнгөрөх нь гэвэл хэтийдэхгүй. Гомдлынхоо учрыг товчхон тайлбарлая.

Эхлээд 1.5 сая төгрөгөөс эрье. 500 мянган төгрөгийг зөвхөн оюутнуудад сайн муу гэлтгүй хавтгайруулан олгож байна. Өдөр орой эчнээ хамаагүй, сайн муу сурлагатай хамаагүй бүгдэд нь. Харин ажилтай ажилгүй залуус энд хамрагдсангүй. Одоо ирэх оноос олгох үлдсэн нэг сая төгрөгийг хөгжлийн бэрхшээлтэй болон тэтгэврийн насныханд олгож эхэлнэ.

Эрхтэн гүйцэд, идэр залуусын нэр бас л байдаггүй. Ингээд л миний нэр байдаггүй юм гэдэг шиг. Хавтгайрсан халамжид дурласандаа бус миний ч, таны ч сонгосон эрхэм гишүүд ард түмнээ ингэж ялгаварлан гадуурхаад байгаа болохоор нь уур хүрч, уушги сагсайгаад байгаа юм уу, хаашаа юм.

Ажилтай орлоготой, эрүүл саруул, залуу байгаа нь хэний буруу юм бэ. Харин ч залуу, ажлын чадамжтай байгаа залуусаа дэмжиж тэтгэх хэрэгтэй. Настай юм чааваас, өнөө маргаашгүй өнгөрөөд өгнө гэж өрөвдмөөр аядаж байгаа, эсвэл ирэх сонгуульд амьд байвал энэ хэд чинь “арын албаны” хэдээ уйлж унжиж байгаад ч болов санал өгүүлж, нэрээ дугуйлуулчихна гэж санаагүй л байлтай. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг төр дэмжиж туслах нь зөв өө. Эдэнтэй арцалдах хүн гарахгүй.

Ажиллах насны идэр залууст орон сууцны зээл, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нь төлөх маягаар нэг сая төгрөгийг гулсуулах ухааны юм яриад байх юм. Ажилтай, цалин пүнлүүнээсээ даатгал, татваруудаа хангалттай төлөөд явж байгаа хүмүүсийг яах юм бэ. Насаараа, бүр арав хорин жил банкинд нэг өрөө байрны үнэ гэж хоёр өрөө байрны үнэ төлж амьдрахыг хүсэгчид тийм ч олон биш байна.

Банкны зээлийн хүүнд “алуулаад” байгаа хүмүүс эхнээсээ “толгойгоо шааж” байна. Цалингаа бүгдийг нь байрны зээлийн өрөнд өгчихөөд хоёр идэж, хоосон хоногсод олширч байна. Байдал ийм байхад нүглийн нүдийг гурилаар хуурах гэдэг нь юу вэ. Хүмүүс жагсч синдромтоод байхад бид юугаараа дутах вэ. Хүний хөгжил сангийн мөнгө, эх орны хишгээ бэлнээр нь авъя гээд жагсах уу, яадгийн. Ингэж зар тараавал ямар олон хүн цуглах бол.

Тэртэй тэргүй өгнө гэж амласан юм чинь, өгч авалцах нь тодорхой. Гэхдээ эхлээд тэрүүнд, энүүнд гэж зааглах хэрэггүй л баймаар. Хоёр толгой хөдөлгөөнд орчихоод, Монгол Улс баяжих нь баараггүй, томрох нь тодорхой болчихсон юм чинь. Мөнгө байгаа, савандаа багтахгүй байгаа гэж Сангийн сайд маань аархаж байсныг санаж байна. Үнэн л юм бол элдэв арга саам сүвэгчилж, өдөр хоногийг элээж байхаар 21 мянган төгрөг олгож байгаа журмаараа өгчих л дөө.

Архидалт ихэснэ, инфляци өснө гэх мэдэх, мэдэхгүй хоёр үгийг хэр удаан ярих вэ. Архидалтын тухайд захын айлын нусгай жаал ч мэдэмхийрнэ. Харин инфляцийг нь дөнгүүр боловсролтой нэг нь ойлгохоос бус эгэл ардад харь үг. Нэг сая төгрөгийг нэг ам бүлийнхэн нийлүүлэхэд подхийгээд л явчихна. Ядарсан хэдэн айл “Эксель”, “Элентра” ч болтугай аваад унаг, задарсан нь Хайнань, Хавай явж амраг. Овоохойд амьдардаг нь таван ханатай гэр аваад хаа нэгтээ ханаа дугуйлчихна. Арай дөнгүүр ухаантай нь жижиг бизнес ч эхэлчихнэ.

Иймийн учир нэг сая төгрөгөө авмаар байна. Тэгвэл энэ Засгийн газар, энэ удаагийн УИХ-ыг нэг хэсэгтээ байтугай, нэгэн үеэрээ магтах биз. Байгаа л юм бол заваараад байлгүй өгчих. Өөртэйгөө ижил эгэл жирийн идэр насныхны өмнөөс гуйж байна.

Б.Очир


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих