Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амар үүрэгт ажлаа умартжээ

1403
Байгалийн давагдашгүй хүчин зүйл, аливаа гамшгийн үед улс орныг нэгдсэн удирдлагаар хангадаг, асуудлыг зохицуулдаг гол хүмүүс бол ОБЕГ-ын алба хаагчид. Гэтэл хүнд хэцүү цаг үе тулгараад байхад тус газрын зарим алба хаагчид эрхэлсэн ажилдаа хайхрамжгүй хандаж, наргиж цэнгэж явсан тохиолдол саяхан гарчээ.
Тодруулбал, энэ сарын 10-ны өдөр алс баруун хязгаар Баян-Өлгий аймагт хүчтэй аадар бороо, мөндөр 15-30 минут үргэлжлэн орсны улмаас Өлгий сумын нэг, зургаа, ес, 11 дүгээр багийн айл өрхүүд үерт автаж, 600 гаруй иргэн орох оронгүй болжээ. Тухайн үед тус аймгийн ОБГ-ын алба хаагчид иргэдийн эд хөрөнгийг авран хамгаалж, үерийн гамшгийн үед цаг алдалгүй арга хэмжээ авч ажилласан тухай нутгийн зон олон нь хэлж байсан юм. Хэдийгээр доод тушаалын алба хаагчид үүргээ хангалттай биелүүлсэн ч зарим дарга нар нь хаана, ямар газар юу хийх гэж ирснээ умартжээ.
Баян-Өлгий аймгийн Өлгий суманд болсон үерийн нөхцөл байдалтай холбогдуулан ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадралын өгсөн үүргийн дагуу Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга, онцгой байдлын хурандаа М.Энх-Амар, ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, онцгой байдлын хурандаа Б.Ууганбаяр нараар ахлуулсан шуурхай ажлын хэсэг тус аймагт ажилласан юм. Засгийн газар ч энэ асуудалд анхаарлаа хандуулж, тусламжийн цувааг ар араас нь хөдөлгөсөн.
Харамсалтай нь, тус аймгийн удирдлагууд болон эрх мэдэл бүхий хүмүүс гамшиг болсон даруйд нь Засгийн газарт мэдэгдээгүйгээс болж гамшиг дээд зэрэгтээ хүрсэн гэж учир мэдэх хүмүүс ярьж байна. Гамшиг болсны маргааш нь буюу 11-ний өдөр тус аймгийн удирдлагууд Засгийн газраас тусламж авахыг хүссэн ч аймгийн ОБГ-ын газрын дарга, хурандаа Ц.Баттулга “Бид дотооддоо асуудлыг шийднэ” хэмээн том толгойлж, нөхцөл байдлыг улам хүндрүүлж, гамшгийн үр дагаврыг дээд зэрэгт хүргэжээ. Түүний энэхүү бодлогогүй үйлдлээс болж өлгийчүүдэд Засгийн газраас түрүүлээд Казахстаны Ерөнхийлөгч Н.А.Назарбаев туслахаа мэдэгдэж, Ерөнхий сайд Карим Масимовтоо хүмүүнлэгийн тусламжийг хүргэхийг үүрэгдсэн аж.
Гэтэл дарин дээр давс гэгчээр ард иргэд нь орох орон, оочих аягагүй болсон энэ хүнд цаг үед албан томилолт авч, нөхцөл байдалтай танилцахаар очсон дарга нар нь наргиж цэнгэж, өдрийг ихэд зугаатай өнгөрүүлсэн талаар тус аймгийн амтай болгон ярьсаар байна. Тухайлбал, Улсын онцгой комиссыг ахалж очсон хурандаа М.Энх-Амар, Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын дарга, онцгой байдлын хурандаа Ц.Баттулга нар энэ сарын 14-нд тус аймгийн “Цамбагарав” зочид буудалд наргиж цэнгэж суусан сурагтай. Түүгээр ч үл барам маргааш нь буюу энэ сарын 15-нд болсон ОБГ-ын алба хаагчдын хуралдаан дээр эвгүй аашилж, өмнө нь ОБЕГ-ын даргаар ажиллаж байсан Т.Дуламдоржийг муулж, алба хаагчдын нүдийг орой дээр нь гаргаад авчээ.
Юутай ч Засгийн газар, ОБЕГ шуурхай ажиллаж, арга хэмжээ авсан нь талархууштай боловч хурандаа М.Энх-Амар ажлаа хийхийн оронд очсон зорилгоо умартаж, наргиж цэнгэсэн нь төрийн албан хаагч хийгээд Улсын онцгой комиссын нарийн бичгийн даргын ёс зүйд хэр нийцэх бол.
Түүнчлэн Засгийн газраас туслалцаа авахгүй хэмээн том толгой гаргасан тус аймгийн ОБГ-ын дарга, хурандаа Ц.Баттулга нарын хариуцлаггүй байдал хэрээс хэтэрснийг Шадар сайд болон ОБЕГ-ын удирдлагууд анхааралдаа авахад илүүдэхгүй. Хамгийн гол нь байгалийн гамшиг бидэнд хэлж биш хийсч ирдэг учраас энэ мэтээр төрийн ажлыг гацааж, алба хаагчдынхаа нэрийг сэвтүүлж буй хүмүүстэй хариуцлага тооцох нь зүйн хэрэг биз ээ.
Дээр хэлсэнчлэн байгалийн давагдашгүй хүчин зүйл аливаа гамшгийн үед улс орныг нэгдсэн удирдлагаар хангадаг, асуудлыг зохицуулдаг гол хүмүүс бол ОБЕГ-ын алба хаагчид байдаг гэдгийг хурандаа М.Энх-Амар, хурандаа Ц.Баттулга нар умартсан бололтой.

Эх сурвалж:

URL:

Сэтгэгдэл бичих