Хууль зүйн сайдад Б.Бат-Эрдэнэ аваргын нэр сонсогдож байна

1442

УИХ-ын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан МАН-ынхан засгаа бүрдүүлэх том ажилд дарагдаад байна. Тусгаар тогтнолын ордноос санаатай болон санамсаргүйгээр нисгэх “бор шувууд”  ч хэвлэлээр өдөлж эхэлжээ.

Эрх мэдлээ булаацалдсан Ардчилсан намын зовлон энэ удаад Ардын намд шилжээд байна. Хэдийгээр  наанаа хамрынхаа нүхээр уураа гаргахгүй байгаа ч Ардын намд албан тушаалын дайн ид өрнөж байгаа бололтой.

Наадмын дараа намар гэгчээр төр засгаа төвнүүлэхдээ хэнд аль яамыг өгөх вэ гэсэн толгойны өвчинг М.Энхболд эдлээд байна. Хэн сайд болох вэ гэсэн янз бүрийн таамаглал хэвлэлээр цацагдаж буй ч Тусгаар тогтнолын ордноос сонсогдож байгаа хамгийн сүүлийн үеийн мэдээгээр Сангийн сайдад С.Бямбацогтын нэр дуулдаж байна. Өнгөрсөн дөрвөн жил сөрөг хүчний бүлгийн даргын үүргийг сайн гүйцэтгэсэн гэж нам нь түүнд Сангийн яамыг өгч байгаа бололтой. Уг нь түүнийг Ерөнхий сайд болно гэсэн таамаглал байсан ч талаар өнгөрч,  М.Энхболд өөрийнхөө бас нэг “утсан хүүхэлдэй”-г Ерөнхий сайдаар томиллоо гэсэн шүүмжлэл улс төрийн хүрээнд болон МАН дотроо ч гарч байгаа юм.

Харин Хууль зүйн яамыг Дархан аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэд өгөхөөр ярилцаж байгаа аж. Өмнө нь Ш.Раднаасэдэд өгнө гэсэн “бор шувуу” нисч байсан ч түүнийг анх удаа УИХ-д сонгогдсон гэдэг үзүүлэлт нь хойш чангааж,  Хэнтийгээс гурван удаа УИХ-д сонгогдсон Б.Бат-Эрдэнэд өгөхөөр шийджээ.

1990 онд Цэргийн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. 2009-2010 онд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байсан аж. Гэхдээ түүнийг Хууль зүйн яамыг толгойлж чадах уу гэж эргэлзэх хүмүүс хууль, шүүхийнхэнд болоод намд нь олон байна. Учир нь тэрбээр УИХ дахь  популистуудын нэг гэж харах хүмүүс цөөнгүй байдаг. Тэр утгаараа хамгийн хүнд салбарт хамгийн сул хүн аваачих нь Ардын намын нэр хүндэд харшилна гэж түүний “өрсөлдөгчид” матаж суугаа гэх.

Юутай ч 1989 онд Монгол Улсын гавъяат тамирчин, 1990 онд Монгол Улсын дархан аварга, 1991 онд Ардын хувьсгалын 70 жилийн ойн медаль, 1998 онд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, 2001 онд Ардын хувьсгалын 80 жилийн ойн медаль, 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медалиар тус тус шагнагдсан, 2012 онд Байгаль орчны тэргүүний ажилтан УИХ-ын гишүүн маань Хууль зүйн яамыг толгойлох магадлалтай хүмүүсийн нэрсийн жагсаалтад нэлээд дээгүүрт бичигдэж байна.

Б.БАТ  Эх сурвалж: News.mn   Линк: http://www.news.mn/r/308652


URL:

Сэтгэгдэл бичих