Улаанбаатар хотын Ерөнхий менежерээр Т.Гантөмөрийг томиллоо

1

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал  эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө гаргаж, түүний хүсэлтийн дагуу Б.Бадралыг нийслэлийн Засаг даргын 2016 оны долоодугаар сарын 22-ны өдрийн Б/136 дугаар захирамжаар үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Түүний оронд  Тогмидын Гантөмөрийг  Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томиллоо.

Т.Гантөмөр нь 1959 оны 09.18-нд төрсөн. Удирдахуйн ухааны доктор (Ph.D), Хүний их эмч, Улс төр судлаач, Төрийн удирдлагын менежер мэргэжилтэй. 1999-2004 онд Удирдлагын академи, 1997-1999 онд ТЗУХ институт, 1991-1993 онд  Улс төрийн их сургууль, 1977-1982 онд Анагаах ухааны дээд сургууль, 2001 онд МУИС – ХЗСургуулийг тус тус төгссөн.  1982 онд Сүхбаатар аймгийн Хилийн цэргийн 0146-р ангид Хүний их эмч, 1984-1985 онуудад Улсын клиникийн төв эмнэлэгт Хүний эх эмч, 1985-1987 онуудад Баянхонгор аймгийн Шаргалжуут рашаан сувилалын газарт Эмчилгээ эрхэлсэн орлогч, 1987-1989 онд Ээрмэлийн үйлдвэрт Цехийн эмч, 1989-1992 онуудад Ардын армийн 022-р ангийн Эмнэлгийн албаны дарга, 1992-1995 онуудад Анагаах Ухааны дээд сургуулийн Эрүүл мэндийн ажилтан, 1995-2000 онд Нийслэлийн Монгол Ардын намын хороонд улс төрийн ажилтан, намын хорооны дэд дарга, 2000-2004 онд Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг дарга, 2004-2008 онд Удирдлагын академын докторант, багш 2011-2012 онуудад Ерөнхий сайдын зөвлөх, 2008-2016 онд НИТХ-ын МАН-ын бүлгийн дэд дарга зэрэг албан тушаал хашиж байжээ.

Тэрбээр  “Хөдөлмөрийн гавъяаны улаан туг”-ын одон, “Алтан гадас” одон, Нийслэлийн “Хангарьд” одон, Боловсрол, эрүүл мэнд, хууль зүй, байгаль орчин, эдийн засгийн тэргүүний ажилтан, Төрийн захиргааны шилдэг менежер зэрэг шагналуудаар шагнуулсан  байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих