Тахарын албыг татан буулгах нь зөв үү, буруу юу

14694917565796aa2ce9fa1Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжиний санаачилсан Тахарын албаны тухай хууль хэрэгжиж эхлээд бараг дөрвөн жилийн нүүр үзэх гэж байна. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг байхдаа л энэ албыг татан буулгана, хэрэггүй алба, хэт данхайсан бүтэцтэй эдийн засгийн хувьд ч ийм алба байх хэрэггүй хэмээн нэг хэсэг ярьж байгаад чимээгүй болсон. Тухайн үед УИХ-ын зарим гишүүн “Төсөв хөрөнгө гаргаж нэгэнт байгуулсан албыг татан буулгах шаардлагагүй” гэж үзсэнээр хэсэгтээ намжсан юм.

Гэтэл энэ асуудал шинэ Засгийн газрын үед дахин сөхөгдлөө. МАН-ын Засгийн газар ч энэ албыг татан буулгах шийдвэрийг Ерөнхий сайд нь гаргасан байгаа юм. Тахарын алба одоогоор 600 гаруй албан хаагчтай ч үндсэн чиг үүргийнхээ хүрээнд 700 гаруй алба хаагчтай байх ёстой юм байна билээ.

Тэгвэл одоо энэ албыг цагдаагийн байгууллага руу шилжүүлэхээр болсон байна. Иггэснээр гэрч хохирогч, шүүгчийн аюулгүй байдалд нөлөөлөх байдлыг таслан зогсоох хүч суларна хэмээн алба хаагчид болон тус газрын удирдлагууд үзэж буй.

Тухайлбал, өмнө байсан тогтолцоо шиг үр нөлөөгүй байдал үүсч ялангуяа нарийн төвөгтэй эдийн засгийн, зохион байгуулалттай гэмт хэргийн хохирогч болон гэрчүүд айдаст автах магадлал өндөртэй гэнэ. Дээрээс нь шүүгчийн аюулгүй байдал Тахарын алба байгуулагдсанаар сайжирсан гэсэн судалгаа байдаг аж. Тийм учраас Тахарын алба татан буугдсанаар энэ байдал улам дордох нөхцөл үүсэх тухай хуульчид, өмгөөлөгчид ярьж байна. Мөн түүнчлэн цагдаагийн албатай нийлүүлбэл, чиг үүрэг, хууль эрхзүйн хүрээнд ч их зүйлтэй харшина гэж үзэж ярьж байна. Тиймээс энэ Тахарын албыг татан буулгах нь зөв үү, буруу юу.

Уг нь эдийн засгийн энэ хямралтай цаг үед энэ албыг хэрэггүй л гэж улстөрийн хүрээнийхэн үзсэн бололтой. Гэхдээ өнгөрсөн хугацаанд хэчнээн гэрч хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалж, хэчнээн шүүгчийг хамгаалж, чиг үүргээ биелүүлэн хэрэгжүүлж ажилласан нь бас л тодорхой бус бүрхэг газар. Өөрөөр хэлбэл, хаалттай гэх үү дээ, тиймээс энэ учир битүүлэг албыг хэрэггүй гэж үзсэн бол татан буулгаж, цагдаагийн албатай нэгтгэж, эдийн засгийг тодорхой хувиар хэмнэх бол энэ улс эх оронд хэрэгтэй л байх болов уу даа.

О.Сайхан


URL:

Сэтгэгдэл бичих