“Моннис интернэшнл”, “Улаанбаатар бизнес групп” нь 8000га-д бөхөн нутагшуулах нэрээр хайгууль хийх гэж байжээ

1671

Монголд төдийгүй дэлхийд ховордоод байгаа дархан цаазат бөхөнг шинэ газар сэлгээн нутаглуулах гэсэн цагаанаас цагаахан гэгээн ариун зорилгын төлөө манай алдартай хоёр компани болох “Моннис интернэшнл”, “Улаанбаатар бизнес групп” сэтгэл хөрөнгө хүч гурваа нэгтгэж байсан нь саяхан гэнэ. Хэн ч сонссон баярлан талархаж сайшаан магтмаар энэ ариун үйлсэд Чука захиралтай “Моннис интернэшнл” компани нэг сая долларын хураамж төлөх үүрэг хүлээснээс гадна 667 сая төгрөгний эд хөрөнгө, үйлчилгээг хамтран ажиллагч итгэлт түнш “Улаанбаатар бизнес групп”-д төлжээ. Бөхөн нутаглуулах гэгээн зорилгын төлөө “Моннис интернэшнл” компани 138 саяын үнэтэй Nissan Patrol Ү62 маркийн автомашин нэг ширхэг, үнэ 161 сая төгрөгний үнэ бүхий Infiniti QX56 маркийн автомашин нэг, ширхэг, үнэ 161 000 000 төгрөг, 52 саяын үнэтэй Urvan маркийн автомашин нэгийг, 74 саяын үнэтэй Infiniti G25 маркийн автомашин, 90 саяын үнэтэй Nissan Patrol Ү61 GRX маркийн автомашин тус бүр нэгийг гээд нийтдээ 515 сая төгрөгийн хурдтай хүчтэй машин өгчээ. Мөн бөхөн нутаглуулах ажлыг гардан хариуцсан “Улаанбаатар бизнес групп”-ээ оффисын талбай, автомашины зогсоолын талбайгаар хангаж, байсан нийтдээ 152 сая төгрөгний үйлчилгээ үзүүлсэн гэнэ. Энэ бүхнийг сонсон байгаль орчин, ан амьтнаа хамгаалдаг хайрладаг монгол хүн бүхэн “Моннис интернэшнл”, “Улаанбаатар бизнес групп” хоёрт баярлалаа хэмээн хэлэх биз.  Хиртэй гар ч хүргэмгүй сайхан машинуудыг хэдхэн үлдээд байгаа бөхөнгийн төлөө хөдөө хээрээр хайр найргүй давхиулсан гэхээр үнэхээр хайрлан бахадмаар… Анхлан “Улаанбаатар бизнес групп”-иас санал тавьсны дагуу “Моннис интернэшнл” нь М1-2012-043 тоот Хамтран ажиллах гэрээ байгуулсан нь Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Тээл багийн нутагт бөхөн нутагшуулах судалгааны зориулалтаар 8000 га газрыг эзэмшилдээ авах зорилготой байжээ. Гүйцэтгэгч “Улаанбаатар бизнес групп” нь үүргээ биелүүлж, “Цэлгэр цэнхэр нутаг”, “Бидний мэдэх унаган байгаль” уярам  сайхан нэртэй хоёр ч ТББ  байгуулаад Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Засаг даргын А/23 тоот захирамжаар 8000 га газрыг ашиглах эрх авч чаджээ. Ийнхүү ховордсон бөхөн гэдэг амьтан хоёр буянтай компаний ачаар сэлгэн амьдрах нутагтай болох үүд хаалга нээгджээ. Энэхүү өргөн уудам 8000 га газрын газрын төлбөрийг “Моннис интернэшнл” төлөхөөр үүрэг хүлээсэн агаад тэрнь нэг сая гаруй доллар болох байж. Гэтэл газрын төлбөр төлөгдөөгүй удсан тул газрын эрх цуцлагджээ.

Хамтран ажиллах гэрээ хэрэгжээгүй тул “Моннис интернэшнл” хамтрагчаасаа таван машиныхаа үнийг офисийн түрээс машины зогсоолын төлбөртэй хамтатган нийтдээ 615 сая төгрөг нэхэмжилж гарчээ. Бөхөний аз дутахад ийм гайтай явдал болсон гэнэ. Гэхдээ “Моннис интернэшнл” болон “Улаанбаатар бизнес групп”-ын М1-2012-043 тоот Хамтран ажиллах гэрээний үнэн зорилго нь 8000га-д бөхөн нутагшуулах байсангүй. Хамтран ажиллах гэрээний цаад зорилго нь уул уурхайн салбарын хөгжил, шаардлагыг судалж, ирээдүйд “Моннис Интернейшнл”-д л ашиг авчирна гэж талууд үзсэний үндсэн дээр Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Тээл багийн нутагт 8000 га газарт ашигт малтмалын судалгаа хийж улмаар хайгуулын тусгай зөвшөөрөл авах зорилго тавьсан байсан нь хоёр талын хэрүүл маргааны үеэр илэрсэн гэнэ. Харин бөхөн нь ердөө л халхавч байжээ хөөрхий… Бүр өнөөх Хамтран ажиллах гэрээний 2-р зүйлийн 2.7-д “Энэ гэрээнд заасан нөхцөлийн талаар талуудын хэн нэг нь бусад этгээдэд мэдээлэл өгөхгүй, энэ гэрээний хугацаанд болон түүнээс цааш тодорхой бус хугацаагаар нууцлалыг чандлан хадгална” гэж заасан байсан ч 615 сая төгрөгний маргаанаас болж задарсан гэнэ.

Эх сурвалж: НУУЦ.мн

Линк: http://nuuts.mn/news/16252


URL:

Нэр: Anonymous Огноо: 26 July 2016

Monnis ugaasaa novsh

Сэтгэгдэл бичих