Сонгуулийн сонирхол давамгайлсан төсвийн тодотгол

-Засгийн газарт нөлөөтэй нам төсвийн тодотгол дээр тоглож байна-

Монгол Улс гуйлгачин гэдэг нэрнээсээ нэг л өглөө салж, эдийн засгийн өсөлт нь статистик үзүүлэлтээрээ 17 хувьд хүрчихэв. Манай улсын валютын нөөц 2.4 тэрбум болж, Хүний хөгжлийн санд өдий төдий мөнгө хэвтэж, гадны хөрөнгө оруулагчид тээш тээшээр нь мөнгө сарвайн биднийг царайчилж байна. Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого 2011 оны эхний долдугаар сарын гүйцэтгэлээр 400.1 тэрбум төгрөгөөр, улсын төсвийн орлого 248.8 тэрбум төгрөгөөр, орон нутгийн төсөв 36.9 тэрбум төгрөгөөр, Хүний хөгжлийн сан 27.9 тэрбум төгрөгөөр, нийгмийн даатгалын сангийн орлого 48.6 тэрбум төгрөгөөр тус тус давж биелсэн гээд бидний урьд өмнө огт сонсч байгаагүй чихэнд чимэгтэй үгс дуулдсаар. Өнөөдрийн байдлаар буюу урьдчилсан хэлбэрээр улсын төсвийг 600 орчим тэрбум төгрөгөөр тодотгох мэдээлэл байна.
УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх ёстой гол асуудлын нэг нь энэ төсвийн тодотгол. Одоогийн байдлаар төрийн ордонд төсвийн тодотголын талаарх сонирхол давамгайлсан хурал болж байна. Өнгөрсөн мягмар гарагийн Эдийн засгийн байнгын хорооны хурал ч төсвийн тодотголд гишүүдийн сонирхол жалга довны үзлээр нэвтэрч байгааг шууд харуулчихав. Тус хурлаар уг нь төсвийн тодотголын асуудлыг хэлэлцэх байсан ч хэлэлцэхээс өмнө С.Бямбацогт гишүүн асууж лавлах зүйл байгаа учраас энэ асуудлыг хойшлуулах санал тавьсанаар төсвийн тодотголын сонирхол давамгайлсан хурал болсон. Уг нь 2011 оны улсын төсөвт Ховд, Увс аймгийн Дулааны цахилгаан станцийг шинэчлэн засварлахад тус бүрт нь 5.5 тэрбум төгрөг төсөвлөжээ.
Гэтэл Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийн тодотголд Увсын Дулааны цахилгаан станцыг шинэчлэх 5.5 тэрбум төгрөг дээр найман тэрбум төлөвлөгдөн орж иржээ. Үүнийг Засгийн газарт ажилладаг Увсын сайдууд шургуулчихсан нь тодорхой. Сонгуулийн өмнөх жилийн төсвийн тодотгол ийнхүү эрх мэдлийн хүрээнд сонгуулийн төсөв болон хувирч байх шиг. Юутай ч Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар нар эрх мэдлийн хүрээнд өнөөх 600 тэрбумаас зөвхөн Дулааны цахилгаан станц нэрийн дор 13.5 тэрбумыг чирээд явчих нь. Үүгээр зогсохгүй шүү дээ, сая “Ард түмнээ сонсох аян”-ны хүрээнд тус нутгийн гишүүд Улаанбаатар-Увсыг холбосон хатуу хучилттай зам тавих ажлыг эхлүүлэхээ амлахдаа төсвийн тодотголыг дурьдаад авна билээ.
Юутай ч хотын дарга маань төсвийн тодотгол хийгдэх гэж байгаатай холбогдон Сэлбэ голын урсацыг нэмэгдүүлэх, эргийн дагуу тохижуулах ажлын болон “Дүүргийн төр захиргааны нэгдсэн байр”-ны барилга угсралтын ажлын эх үүсвэрийг тодотголд тусгахаар албан хүсэлт гаргачихлаа. Эх сурвалжийн хэлж байгаагаар бол төв намаас нийслэлд өгсөн үүрэг бололтой. Ингэхээр МАН-ынхан нийслэл хөдөөгүй төсвийн тодотголын нэлээдгүй хувийг чирж байгаа бололтой. Гэтэл Ардчилсан намынхан ч бүлгийн хуралдаан дээрээ “2010 онд орон нутагт хийгдэх бүтээн байгуулалтын ажил, засварын ажлуудын хөрөнгө оруулалтын 10 орчим хувийг хийсэн. Үүнээс үүдэн олон сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилга, зам, гүүр дутуу баригдаад байгаа. Эдгээр ажлын гүйцэтгэлийг зарим байгууллага өөрсдийн хөрөнгөөр хийсэн. Харин зарим нь огт хийгдээгүй байгаа. Тиймээс эдгээр бүтээн байгуулалтын ажлын санхүүжилтийг нааштайгаар шийдвэрлэх ёстой” гэж ярилцаад орон нутагт хэд хэдэн ажлыг төлөвлөчихсөн байгаа.
Төсвийн тодотголыг ажаад байхад МАН-ын сонирхол илүү давамгайлжээ. Жишээлэхэд Сэлбэ голыг сэргээхээс эхлээд бусад салбарт ч тэр МАН яах аргагүй давуу эрх эдэлж байна. Сэлбэ гол чинь МАН-ын ирэх сонгуулийн ганц том пиар шүү дээ. Тэгэхээр өнөөх 600 тэрбумаас чинь ховх сороод л явчихна. Ерөөсөө Засгийн газарт нөлөөтэй нам төсвийн тодотгол дээр тоглож байна.

С.Баяр


URL:

Сэтгэгдэл бичих