Оройтсон бороо юу өгүүлэв

Хэдийнэ аравдугаар сар айлчилж, цавцайтал цас дарах цаг ирсэн ч гадаад бороо орж байдаг. Өчигдөр, уржигдар бороо орлоо. Сүүлийн хэдэн жил ингэж бороо орж байсныг санахгүй байна. Сүүлийн жил ч гэждээ амьдралдаа аравдугаар сард бороо орж байхыг үзээгүй. Энэ жил яах вэ илүү сартай намар болж байгаа гэсэн. Намрын дунд сарын 17-ны өдөр их орой буюу аравдугаар сарын 14-нд таарч байгаа. Тэр утгаараа өдийд бороо орж байж болох. Гэхдээ л энэ бороо цаанаа нэгийг өгүүлж байх шиг байна. Юуны түрүүнд цаг агаарын дулаарал ямар хэмжээнд хүрсэн бэ гэдгийг илтгэж байх шиг. 2030 онд өвөлгүй Монгол болно гэсэн эрдэмтдийн судалгаа байдаг. Одоогоос ердөө 20 жилийн дараа. Энэхүү судалгаа оргүй зүйл биш шүү гэдгийг өгүүлж байж болох. Дулаарна гэдэг манайх шиг хахир хатуу өвлийг давж өнгөрүүлэг оронд сайхан л байх. Эдийн засаг талаасаа ч сайн. Гэхдээ цөлжилт гэж аюул байна. Нөгөө талаас оройтсон бороо өвөл хатуу болохыг сануулдаг гэдэг. Ерөнхийдөө энэ жил урт намар болж байгаа ч өвөл хатуу болохыг хэн хүнгүй л сануулж байгаа. Яг энэ үед нийслэлийн болон хөдөө орон нутгийнхны өвөлжилтийн бэлтгэл хангагдсан уу гэдэг сонин байна. Бороо орж байгаа шөнөдөө эрс хүйтрээд хоновол зам гэдэг чинь мөстсөн там болно биз дээ. Зүгээртээ аятайхан явж чадахгүй мөргөлдөж, шүргэлцээд байдаг соёл, дүрэм гэдгийг мартсан дөргүй бух шиг жолооч нар чинь мөстсөн зам дээр бол чадлаараа мөргөлдөх байлгүй. Гэтэл нийслэлийн тохижилтын албанд элс хайрга, давс, бодис байгаа юу гэдэг сонин. Аягүй бол өнөөдөр өдөр хэдэн шар хантаазтай нөхдүүд хүрз, зээтүү барьчихсан нүдээд зогсч байж магадгүй л байх. Хөдөөнийхөн ч ялгаагүй. Хатуу өвөл болохыг байгаль өөрөө сануулж байхад сайхан урт намар болж байна даа гээд л морин дэл дээр хийсээд байж чадах л хүмүүс. Тэгээд өвөл хэдэн малаа алдчихаад гуйлга гуйгаад байдаг  урьдны түүх давтагдах вий. Тэгэхгүйн тулд бүгд л хичээх хэрэгтэй байна. Оройтсон бороо олон зүйлийг өгүүлж байна шүү.

П.Нанзад


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих