Урьдчилсан төлбөрт сайдын суудал зарж байгаа бол Барилга, хот байгуулалтын сайдын суудалд тавтай морил!

1469661237579940354dba1Барилга, хот байгуулалтын сайдаар Д.Өнөрболор гэгч бүсгүй удирдахаар дуулдаж эхлээд дуулиан байснаа сүүлдээ “уйлаан” болох шахав. Учир нь АТГ-аас сайдад нэр дэвшиж буй хүмүүсээс дөрвийг нь ашиг сонирхлын зөрчилтэй гэж тодорхойлсон. Тэдний нэг нь алдарт тохиолдлын нэр дэвшигч Д.Өнөрболор байлаа. Гэвч Д.Өнөрболор үнэхээр “уурга уужим, хуйв урттай” нэгэн болохоо харуулж одоо хэр нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр өөрийгөө дэмжүүлсээр явна. Энэ нь түүнийг өнөөх 60 тэрбумын болзлыг хангагч буюу “яахаас ч буцахгүй эзэгтэй” юм биш байгаа гэж бодоход хүргэв. Яагаад гэвэл хууль хяналтын байгууллагаас 60 тэрбумын наймаа гэгчийг сонгуулийн цаг үетэй холбоотой улс төрийн захиалгат гүтгэлэг гэж үзсэн тухай мэдээлснээс хойш сонгогчид мартахыг хичээж буй. Харин АТГ-аас ашиг сонирхлын зөрчилтэй гэж зарлачихаад байхад түүнийг бизнес эрхэлдэг салбарынх нь сайдаар томилчихвол “үнэн байжээ” гэж бодохоос яахав. Ингэхэд өнөөг хүртэл мөчөөгөө өгөхгүй өөрөө өөрийнхөө “пиар”-ыг хийсээр байгаа Д.Өнөрболор гэгч хэн бэ?

 Ерээд оны эхээр бол түүнийг Сөүл ресторанд хэлмэрч хийж, тогоочийн тайлбар дамжуулж хоолны үнэрт нь пологтох шахан тамшаалж байснаас хойш олон нийт бараг мартсан. Гэтэл төдөлгүй солонгос эртэй ханилж Сөүл рестораны тэргүүн хатагтай хэмээн өөрийгөө зарлуулж яг л санаандгүй паппарацид өртсөн мэтээр олны анхааралд өртөх болсон. Төдөлгүй Зайсангийн тэргүүн хатагтай хэмээн цоллох болсон нь Зайсанд олон барилга барьсантай нь холбоотой юм гэдэг.

Зайсанд төдийгүй эдүгээ Улаанбаатарт барилга баринаа гэдэг барилга, хот байгуулалтын салбарын бодлоготой огт нийцэхгүй, ёстой л хоёр байшингийн хооронд зай байвал чихэж барьдаг болсон цаг. Үүнийг яг чихэж барьдаг энэ барилгачин хатагтай яаж засна гэж. Ямар нүүрээрээ болиулна гэж түүнд итгэх болж байна вэ.

Ер нь сүүлийн жилүүдэд Барилга, хот байгуулалтын салбарт “сайдын тэнгэр” гэж байдаг бол тэр тэнгэр нь хаячихаад байгаа л даа. Хамгийн сүүлд газар зохион байгуулалтын мэргэжлээр “асс”-уудын нэг Хотын дарга асан, Ерөнхий сайд асан Ж.Наранцацралт хамгийн сайн багтайгаар тус салбарыг удирдсан. Түүний дараа Монгол Улсын зөвлөх инженер Ц.Ганхүү, эсвэл Г.Мягмар нараас томилох байх гэсэн хүлээлт байсан ч улс төр гэгчийн нөлөөгөөр дипломатч Ц.Цолмон очиж билээ. Үүнээс хойш Д.Цогтбаатар хэсэгхэн зуур аятайхан гольдролд оруулах гэж чармайсныг эс тооцвол сайдын заяа гомдчихсон юм. Ямар сайндаа л З.Баянсэлэнгийг томилж байх вэ дээ. Харин одоо хоол үнэрлэгч, хэлмэрч, “барилгачин” Д.Өнөрболор томилогдох юм байх.

Хэрэв та бүхэн анзаарсан бол өчигдөр NTN телевизээр Хотын дарга асан С.Мөнхжаргалын тухай хөрөг нэвтрүүлэг гарлаа. Түүний үеийнхэн, багийнхан, үе үеийн хотын удирдлагууд ч харагдана билээ. Хот байгуулна гэж яадаг, барилга барина гэж ямар гээчийн ажил болох тухай ой ухаантай хүний орой руу ортол, нийслэл хотдоо хайртай унаган иргэдэд бол нулимс гартал ярилаа. Ядаж л барилга гэдэг чинь зөвхөн газар дээрх байгууламжаас гадна газар дорх байгууламж байдаг, дулааны, цэвэр бохир усны магистралл гэгч юмыг мэддэг байхгүй бол болохгүй гэдгийг хэлээд авсан энэ нэвтрүүлэг Барилга, хот байгуулалтын  салбарын тухай биш, Нийслэл хотын ойд зориулагдсан байв.

Гэвч цаг үеийн хувьд яах аргагүй бодууштай санаанууд гарч ирж байлаа.

Энэ удаад мэргэжлийн Засгийн газар байгуулах гэж байгаа бол гурав, дөрөвдүгээр хорооллын газар дорх байгууламжийг газар дээрхтэй нь бүрэн хариуцаж бариулсан Монгол Улсын Зөвлөх инженер Ц.Ганхүү, 40 жил барилгын салбарт ажиллаж Гавьяат барилгачин цол хүртээд удаагүй байгаа Г.Лхагва нараас эхлээд эх орныхоо энгэрт барилгаар “одон” зүүж яваа олон алдартан бий. Наанадаж л сайд болох хүн амьд сэрүүн дээр нь хагас зуун жил барилгын салбарт зүтгэсэн Барилгын сайд асан, Хотын дарга асан Хурандаа генерал С.Лувсангомбо гуайг зорьж очоод үгийг нь сонсчих учиртай. Ази, Европууд Улаанбаатарыг “Эсгий хот” гэдэг байхаас эхлээд барилгын салбарыг хөгжүүлж 40 гаруй мянган хүнтэй Улсын барилгын хороог удирдаж ерээд оны эхээр Д.Өнөрболорыг хоол үнэрлэж зогсоход 80 мянган барилгачин ажилладаг болтол нь энэ салбарыг хөгжүүлсэн энэ өвгөнтэй хувьтай хүн л уулзах учиртай. Жилд 15 мянган барилгын мэргэжилтэнг 13 ТМС-д бэлтгэдэг байсан тэр үеийн нийгмийн өөрчлөлтөд өнөөгийн үеийнхэн буруугүй ч өнөөдрийн гажуудлыг засъя гэвэл хойшоо ч, урагшаа ч харж чаддаг байх учиртай. Тэгж байж “зай харж завсраар нь чихэж” хотхон хороолол барьчихаад “Би барилгын салбарын зүтгэлтэн, энэ салбарыг удирдах эрхтэй” гэж хэлэх, бусдаар хэлүүлэх эрх нь үүснэ.

Ийм л байна даа Д.Өнөрболор нэр дэвшигч ээ. Амжилт хүсье. Урьдчилсан төлбөрт сайдын суудал зарж байгаа бол Барилга, хот байгуулалтын сайдын суудалд тавтай морил! Хэрэв 60 тэрбумаар албан тушаал зарж байгаа гэх бичлэг худлаа гүтгэлэг байсан бол арай зангарагтай, учир шалтгаантай томилгоо хийгээрэй гэж Мэргэжлийн Засгийн газарт, МАН-ынханд захья!

А.Сүрэн

zaluu.com


URL:

Сэтгэгдэл бичих