“Чонын алтан шагай” үзэгчдийн хүртээл болно

“ TV5 “ телевиз, “GOM entertainment “ -ийн хамтын бүтээл, телевизийн олон ангит “ Чонын алтан шагай “ уран сайхны киног танилцуулж байна.
Өгүүлэх нь:
-    “Зөвхөн үхэл салгана “  хэмээн андгайлсан Тансаг, Бясаа хэмээх хоёр андын үерхэл өрнөж байлаа. Зовлон туулж хэрсүүжсэн залуусын нэг Бясаа аавын хаалгыг татна. Түүний хайртай хүү Цэнгаравыг Тансаг найз нь халамжлан өсгөхөөр үлджээ. Хүү долоон настай байх үедээ бөөрний дутагдлаар хүнд өвдөнө.

Тансаг аргагүй байдалд орж, Монголдоо нэр цуутай мэс засалч доктор Шийтэрийг барьцаалан Уулын мухарт байх нуувч байшиндаа хүч хэрэглэн авч ирнэ. Тансагийн дагуул Содов Докторын охин Норжинг мөн барьцаалав.  Ийнхүү Доктор хүүг эмчилэхээс аргагүй болно. Ингээд  Тансаг яаралтай мэс засалд ша ардлагатай мөнгийг олохоор “Чонын авд “ гарна. Тансагийн хамтрагч Баяр үүнийг зохион байгуулах бөгөөд нэртэй компанийн захирал багын найз Хүрлээг ээлжит бай болгохоор дагуулсан байв.

Тэд хангайн амьтаныг уулгалан агнах бөгөөд цаана нь Хүрлээ хэрхэн урхинд орж байгаагаа үл мэднэ. Дутуу алагдсан чоно эргэж ноцов. Хүрлээг аварч Тансаг нүүрээ хэмлүүлэн байж араатныг гүйцээв. Хүрлээ ингэж Тансагт амины үнэтэй өрөнд орно. Тиймдээ ч хүссэн мөнгийг нь бэлнээр нь гарган өгч эхэллээ. Гэвч мөнгөний тал нь зальжин Баярын халаасанд орох болов. Хүрлийн компанийн нягтлан Пагма Баярын ятгалганд орж, дансны аргаар ийнхүү хамтран мөнгө сугалж эхлэв. Хүрлээ Тансагт сэтгэлийн өрөө төлж байна хэмээн итгэж байхад, Тансаг нь ийм л мөнгө илгээж байна даа хэмээн бодно. Энэ л цаг үед өвчтэй эмээтэйгээ амьдардаг Цолмон гэх жаал хүү Содовын машинд мөргүүлж, ухаан балартах бөгөөд дахин нэг сэрэхдээ аль хэдийн бөөрний донор болчихсон Уулын байшинд сэрнэ. Доктор хүүгийн мухар олгойг эмчилсэн хэмээн итгүүллээ.  Хөөрхий хүү яахин мэдэх билээ.

-    Хүрэл эхнэр хүү хоёртоо хязгааргүй хайртай нэгэн. Эхнэр нь мэргэжилдээ дуртай, авъяаслаг балетын бүжигчин Сарнай гэж ихэмсэг энхрийхэн бүсгүй, хүү Мөнхнаран нь аавдаа хайртай хэрсүү ухаантай хүү байв.  Хүрлээгийн аав Жамган чөлөөнд гарсан цэргийн хурандаа, хахирдуухан ааштай өвгөн. Ааш нь хөдөлсөн учир нь бэр Сарнай хүүг нь халамжлах, ханийн үүргийг умартлаа хэмээн бачуурна. Харин Жамганы гэргий Янжин эмгэн, сэтгэл зөөлөн,дөлгөөхөн хөгшин байх. Аливаа зүйлийн эвийг нь олох гэж хичээх бөгөөд адгуу Жамгантайгаа үе үехэн ам зөрөлдөнө. Тэднийх Хүрлээ хүүгээсээ гадна Заяа гэх хэлэмгий охинтой.  Ааш нь аавыгаа дууриасан айхтар чанга бөгөөд аанай л бэр Сарнайдаа жөтөөрхөж, ахын  минь хайранд бялуурав хэмээн сээтгэнэнэ.  Ийм л нэгэн гэр бүлд Чонын алтан шагайны золионд өртөх гунигт түүх айсуй иржээ.

-    Тансаг Хүрлээд  дурсаж яваарай хэмээн  шагайг бэлэглэв. Хамтдаа агнасан мөнөөх чонын шагайг алтадсан гэнэ. Хүрлээ  ер бусын бэлэг байна хэмээн олзуурхаж, хайртай хүү Мөнхнарандаа хийморь шүтээнийг нь бодоод мөн л өгөх гэнэ. Харин хүү нь ааваасаа авах гэж яарсангүй. Тэр нэгэн үдэш шагай ч, хайртай аав нь ч эргэн ирсэнгүй.
Ийм нэгэн эхлэлээр хүүрнэн өрнөх  “Чонын алтан шагай “ телевизийн олон ангит бүтээл TV-5  телевизээр үзэгч таны таашаалд хүрэхэд бэлэн болоод байна.

Д.Нацагдоржийн болон С.Буяннэмэхийн нэрэмжит шагналт зохиолч, Монголын Утга Зохиолын Хорооны ерөнхийлөгч, доктор профессор     До.Цэнджавын  “ Чонын алтан шагай “ бестселлер романаас сэдэвлэн цуврал киноны зохиол болгон хөрвүүлсэн нь энэ бүтээлийн нэг онцлог бөгөөд адал явдал бүхий детектив жанрын сериал болж буйгаараа томоохон давуу талтай ажээ. Киноны төрөл жанрын хувьд адал явдалт энэ талын жанраар хийгдэж байгаа анхны олон ангит кино гэдэг утгаараа анги тус бүр нь дахин давтагдашгүй өрнөл бүхий ээдрээ оргил хэсгүүдээр зохиомжлогдон яг та бидний одоо цагт амьдарч буй нийгэмийн давалгаа, хүн чанарын солбилцлыг ил тодоор үзүүлэх зорилготой бүтээл болжээ.
Тус киноны ерөнхий найруулагчаар “ Удирдагч “, “ Нар ойрхон жаргадаг “ зэрэг уран сайхны киног бүтээсэн найруулагч Д.Энхбаатар ажилласан бөгөөд олон ангитыг сунжруулах бус “Үзэгч таны сэтгэлийн хөдлөлтэй хамт байж, бодол тайлалтай чинь уралдана “ хэмээсэн найруулагчийн шийдэл гаргаж, киноныхоо онцлогийг харуулахаар зорьжээ. Энэ зорилгод найруулагчийн гар нийлсэн баг ажиллах ёстой бөгөөд тус киноны гол дүр болох Тансагийн дүрийг бүтээсэн Ө.Мөнгөнтулга, мөн чадварлаг эвлүүлгийн найруулагч О.Цогт- Эрдэнэ нар энэхүү найруулагчдын багт ажилсан байна.
Мэдээж кино бол дүрслэлийн урлаг  учраас чадварлаг зураглаачдаас их зүйл хамаардаг. Тиймээс тус киноны зураглаачид  болох ТВ5 телевизийн зураглаач Т.Эрдэнэбат / СТА /,Э.Түмэннасан нар өөрсдийн авьяас чадвар мэдрэмжээ техникийн дэвшил хөдөлгөөн, динамикаар амжилттай зураглан дүрсэлжээ. Мөн хөгжмийн гайхалтай зохицолгоог та бүхний сайн мэдэх “Нисванис “- ын гэх тодотголтой авъяаслаг хөгжмийн зохиолч Л.Энх-Амгалан ажилласан ба “Болтугай мандтугай “ хэмээх рок дуу, мөн дуучин Ж.Алтанцэцэгийн /СТА / дуулсан өвөрмөц дуугаар чимэглэгдсэн байна.

Хөгжим чимэглэл, найруулга бичлэгийг  “Хатанду “ продакшн, хөгжмийн зохиолч Д.Сүхбаатар гүйцэтгэжээ.
Тун удахгүй үзэгч танд дүрийнхээ нэрээр дуудагдах, олон авъяаслаг жүжигчид тоглосон бөгөөд  оролцон тоглосон 50 гаруй жүжигчид, олны хэсэгт 300 гаруй хүн хамрагдсан байна. АЖ П.Цэрэндагва Д.Мэндбаяр, УГЖ. Ж.Сүххуяг, Д.Гүрсэд,/ СТА / Ш.Цэцгээ, /СТА / У.Мөнгөнцэцэг /СТА / Д.Дэлгэрсайхан / СТА / жүжигчин Н.Цэнгэлжаргал, Ө.Мөнгөнтулга,  Н.Ялалт, ,Д.Мөнхбат, , Б.Батбаатар,М.Цолмонсүрэн, Б.Мэндсайхан,А. Энхтүвшин нарын жүжигчид гол дүрүүдийг бүтээжээ.  Киноны уран бүтээлчид 2011 оны 5-р сарын 17-оос зураг авалтаа эхэлж,     9-р сарын 20 нд бүрэн зураг авалтыг дуусгасан бөгөөд кино үзэгчдийн хүртээл болоход бэлэн болоод байгаа юм.

ТВ5 телевиз “GOM  entertainment “ хамтран бүтээж байгаа  телевизийн олон ангит “ Чонын алтан шагай “ уран сайхны киног бүтээхэд үндэсний манлай үйлдвэрлэгчдийн нэг “ Витафит “ компани ерөнхий ивээн тэтгэгчээр ажилласан байна. Адал явдалтай, сонирхолтой олон ангит дэлгэцийн шинэхэн уран бүтээлийг та бүхэн “ TV5” телевизээр  хүлээн авч үзээрэй.


URL:

Сэтгэгдэл бичих