Хар алтны бараан төлөв

17-212438-thumb-95-1436334161Уулга алдахаа ч больж дээ. Уналтад бараг дөжирчихөж. Уруудаж л, савлаж л байдаг ханш гэсэн шиг харьцангуй тайван байна. Арга ч үгүй биз. Сүүлийн жилүүдэд газрын тосны ханш олон ч удаа савлаж, даажигнасан даа.

Өчигдөр ч бас уруудав. Лхагва гарагийн байдлаар “West Texas Intermediate” төрлийн газрын тосны ханш 40 ам.доллараас доош хэвээр. Энэ нь сүүлийн таван сар орчмын ёроолын цэг. Харин “Brent”-ийн үнэ арайхийн 40 ам.долларт дэнжигнэж байна. Үүний гол “буруутан” нь Саудын Араб. Тус улс Азид нийлүүлэх газрын тосны ханшаа буулгасан нь дэлхийн жишиг үнийг ч унагаж дөнгөв. Бас АНУ-д газрын тос олборлож буй цооногийн тоо таван долоо хоног дараалан өссөн. Нийлүүлэлт тэлэх хүлээлт WTI-ийн үнийг буулгалаа.

Гэхдээ газрын тосны үнэ 20 ам.доллар болж, шалдаа бууж байсан хоёрдугаар сарыг бодоход өдгөө харьцангуй “томоотой” байгааг хэлэх хэрэгтэй. Үүгээр ч зогсохгүй үнэ нь үл ялиг дээшилсэн. Энэ оны эхний улиралд 34 ам.долларт хэлбэлзэж байсан баррель нефтийн үнэ өдгөө 40 ам.долларт хүрчихээд байгаа. Гэвч цагтаа 100 ам.доллар болтлоо “оргилж” байсан газрын тосны ханш хоёр дахин буураад даруй жил гаруйн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд ханш өндийж болох байсныг үгүйсгэхгүй.

Газрын тосны ханшийн богино хугацааны төлөв тодорхойгүй
Гэвч улс орнуудын ашиг сонирхлууд ханшийг тас “атгачихаад”, тавихгүй байгааг шинжээчид хэлдэг.
Тэгвэл ханш нам дор түвшинд хадгалагдахад нөлөөлсөн хоригоо энэ оны эхээр цуцалсан. Сүүлийн дөрвөн жил хоригт хүлэгдээд байсан Иран улс үүний дараа газрын тосоо дэлхийн зах зээлд цутгаж эхэлсэн юм. Үүнтэй зэрэгцэн ОПЕК-ийн орнууд олборлолтоо тэлж, нийлүүлэлтээ нэмэгдүүлсэн. Ингэснээр нийлүүлэлтийн илүүдэл улам дэврэв.

Гэхдээ энэ хугацаанд Кувейт зэрэг улсад олборлогч компаниудын ажилчид ажил хаялт зарлаж, зарим улсад түймэр, үер зэрэг байгалийн гамшиг тохиолдсон. Мөн олборлогч болон газрын тосны нийлүүлэлт дайран өнгөрдөг улсуудад геополитикийн эрсдэл нүүрлэсэн. Энэ нь ханшийг үе үехэн өсгөж байсныг сануулах нь зүйтэй.

Харамсалтай нь, зах зээлд хальсан илүүдлийг бууруулахын тулд гарцаа танах сонирхолтой нэг ч олборлогч байсангүй. Харин ч гарцаа тэлэх, зах зээлээ хадгалж, өсгөхөөр тэмүүлж байв. Уг нь газрын тос олборлогчид энэ оны эхний хагаст хэд хэдэн удаа уулзсан. Энэ үеэр ойлголцож, салбар дахь хөрөнгө оруулалт хумигджээ. Хувиар илэрхийлбэл, 27 хувиар буурсан байна. Үнэ газардсанаас хойш дэлхий даяар 350 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт гацсан гэх мэдээлэл бий. Өөрөөр хэлбэл, энэ салбарт төдий хэмжээний мөнгөн урсгал зогсчээ. Хэдийгээр улс орнууд гарцаа танахгүй хэмээн “гүрийж” байгаа ч үйлдвэрлэлийг тасралтгүй үргэлжлүүлэх учиртай хөрөнгө оруулалт буурчихаад байна.

Жилдээ нэг сая гаруй тонн газрын тос олборлодог Монгол Улсын хөрөнгө оруулалт буурсан. Өнгөрсөн онд манай газрын тосны салбарт 400 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгджээ. Энэ нь 2014 оныхоос 20 хувиар буурсан дүн. Харин энэ онд олборлолтод 310, хайгуулд 69 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх төлөвтэй болохыг Газрын тосны газраас мэдээлсэн юм. Мөн ойрын хугацаанд Сүхбаатар аймгийн Ар булаг XXIX болон Эргэл XII талбайд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулахаар төлөвлөж байгаа аж. Манай улоын газрын тосны салбарын өнөөгийн өнгө ийм байна.

Харин дэлхийн зах зээл рүү өнгийвөл олборлогч компаниудын санхүүгийн байдал сайнгүй хэвээр. Санхүүгийн хоёрдугаар улирлын тайлан өдгөө эхнээсээ олон нийтэд ил болж байна. Өнгөрсөн баасан гарагт газрын тос болон байгалийн хийн салбарын тэргүүлэгчдийн нэг “Exxon Mobil” компани санхүүгийн тайлангаа танилцуулсан. Тус компанийн ашиг өнгөрсөн улиралд 60 хувиар буурчээ.Мөн алдарт “Chevron” компани хоёрдугаар улиралд 1.5 тэрбум ам.долларын алдагдал хүлээжээ. Үүний шалтгаан нь мэдээж үнийн уналт.

Газрын тосны зах зээлийг хүндрэлд хөтөлж буй ханшийн талаарх таамгийг шинжээчид» Хар алт 2016 онд 50 ”ногоон”-д хэлбэлзэнэ.
» WTI-ийн ханш 40 ам.доллараас доошлов.
»”Brent’-ийн үнэ 41 ам.долларт хэлбэлзэж байна.
» Манай газрын тосны салбарт өнгөрсөн онд 400 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгджээ.
» Нефтийн хөрөнгө оруулалт 2014 оныхоос 20 хувиар буурав.

Энэ бүрээр тайлбарлаж байна. Учир нь сүүлийн нэг жилийн хугацаанд ханшийн төлөв цөөнгүй өөрчлөгдөж байгаа юм. Тэгвэл хамгийн сүүлийн үеийн үнийн төлөвийг уншигч танд танилцуулъя. Сар гаруйн өмнө ОХУ-ын Санкт-Петербург хотод Олон улсын эдийн засгийн чуулган болж, газрын тосыг голлон хэлэлцсэн. Энэ үеэр баррель хар алт 2016 онд 50 “ногоон”-д хэлбэлзэнэ гэсэн таамгийг түлхүү дэвшүүлжээ. Харин ханш 2020 он гэхэд 70-80 ам.долларт хүрэх төлөвтэй аж.

Тэгвэл хэдхэн хоногийн өмнө танилцуулсан “Goldman Sachs”-ийн таамгаар нефтийн үнэ 2017 оны дунд үе хүртэл 45-50 ам.долларт хэлбэлзэх төлөвтэй байна. Гэхдээ ойрын хугацаанд ханш хэрхэн өөрчлөгдөх нь тодорхойгүй, тун ярвигтай байгааг тус байгууллага тайландаа дурджээ. Үүнээс гадна Дэлхийн банк өнгөрсөн долоо хоногт газрын тосны ханшийн төлөвөө шинэчилсэн. Сонирхолтой нь, тус байгууллагаас энэ оны ханшийн төлөвөө хоёр ам.доллараар өсгөж, 43 ам.долларт хүргэжээ.

[ЗГМ]

Г.Байгал


URL:

Сэтгэгдэл бичих