Н.Цогтсайхан: Ази жүжигчнээр хүлээн зөвшөөрөгдөж, Рон Ховардын кинонд тоглох болсон

1Алс холын Унгар улсад жүжигчний мэргэжлээр суралцах зорилго тээж, мөрөөдөлдөө хөглөгдөн амжилттай ажиллаж яваа нэгэн бол Н.Цогтсайхан. Тэрээр Холливудын олон кинонд туслах дүр бүтээх болон орлон тоглогчоор ажиллаж ирснийг мэдэх хүмүүс цөөнгүй биз ээ. Өмнөх ярилцлагыг эндээс уншина уу.

Тэгвэл Н.Цогтсайхан өдгөө мэргэжлийн жүжигчний хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөж дэлхийн алдартай найруулагчдын овоо хараанд өртөж эхэлжээ. Тэрээр энэ сард Холливудын нэрт найруулагч Рон Ховард болон Япон, Швед, Унгарын алдартай найруулагчдын шинэ кинонд дүр бүтээгээд тун завгүй явна. Үүний зэрэгцээ Германы “Renault” автомашины брэндийн шинэ загварын нүүр царай болжээ.

Ингээд Н.Цогтсайхантай шинэ уран бүтээлийнх нь талаар цөөн хором ярилцлаа.

-Сайн байна уу. Ажил амжилтай юу. Уран бүтээлийн олз омог арвинтай байгаа бололтой. Ямар уран бүтээл дээр ажиллаж байна даа?

-Сайн. Сайн байна уу. Ажил маш сайн байгаа. Энэ жил нэг хуучны алдартай “Sci-fi” кинонд дүр авсан. Хүлээгээд бэлдээд байж байна даа.  Одоо Шведийн “100 настай хүн” кинонд ажиллаад дуусч байна. Мөн Унгар, АНУ хамтарсан “Лаяка” нэртэй инээдмийн кино зураг эхлэхээр бэлтгэлдээ ороод байгаа.

2

-“Sci-fi” кино гэхээр уран зөгнөлт кино гэсэн үг үү ?

-Тийм ээ. Sci-fi гэдэг киноны төрөл нь Монголоор шинжлэх ухааны уран зөгнөлт кино гэсэн үг л дээ.

-Та саяхан гурван кинонд зэрэг ажиллаж байгаа талаараа мэдээлэл оруулсан байсан. Хэзээ гарах ямар уран бүтээлд ингэтлээ зав чөлөөгүй ажиллах болов оо?

-Унгар, АНУ-ын хамтарсан “Лаяка” гээд инээдмийн кино, “BladeRunner” болон “100 настай хүн” гэдэг Швед кинонд тоглохоор болсон. Зэрэг гэсэн учир нь гурвуулаа энэ наймдугаар сард зураг авалтаа хийж байгаа юм. Наймдугаар сарын сүүлээр  Хариссон Фордын “BladeRunner”-ийн зураг авалт эхлэнэ.  Харин азаар өдөр нь давхцаагүй. Ирэх жилээс үзэгчдийн хүртээл болох байх.

- Мөн та энэ жил Рон Ховардын “Марс” уран сайхны кинонд дүр бүтээсэн шүү дээ. Ямар дүр бүтээсэн бэ?

-“Марс” бол хагас драмын баримтат кино. Оскарын шагналт  найруулагч Рон Ховардын шинэ бүтээл. 2033 онд анхны хүмүүсийн багийг Марс руу илгээж байгаа тухай өгүүлдэг. Би энэ агуу хүний бүтээлд Японы сансрын агентлагийн ажилтны дүр бүтээж байгаа. Кино маань ирэх арваннэгдүгээр сард 171 улсад 45 хэлээр “National Geographe” сувгаар цацагдана. Зураг авалт нь өнгөрсөн дөрөвдүгээр сард дууссан.

3

-”Марс” киноны зураг авалтын үеэр-

-Рон Ховард Холливудын шилдэг найруулагч төдийгүй жүжигчин хүн. Энэ хүнтэй хамтарч ажиллах боломж танд хэрхэн тохиов оо?

-Рон Ховардын “Давинчи код Инфэрно” кинонд түрүү жил ажилласан. Тэр үед нүдэнд нь өртсөн байх. Энэ жилтүүний хийсэн “Марс” кинонд дахин сонгогдсондоо баяртай байгаа. Ер нь энэ жилээс Ази жүжигчнээр хүлээн зөвшөөрөгдөж чадсан болохоор Ази дүр болгоны шалгаруулалтад оролцох боломж нээгдсэн гэсэн үг.

4

Америкийн кино урлагийн нэгэн амьд домог гэгддэг Рон Ховард алдартай найруулагчаас гадна продьюссер, жүжигчин мэргэжилтэй нэгэн юм. 

-Мундаг найруулагчтай ажиллаж буй болохоор суралцах зүйл их байгаа болов уу. Найруулагчийн зэмлэл, магтаалыг хэр сонсч байна даа?

-Мундаг найруулагчид зэмлэх нь ер их ховор. Чадахгүй байсан ч “Чи сайн байсан. Одоо бүр илүү сайн хийж чадна” гэж сэтгэл санаагаар их дэмждэг. Эхэндээ аргаа олохгүй хааяа зэмлүүлэх үе гардаг байсан. Сүүлийн жилүүдэд магтаал их сонсох болсон. Үүнийгээ ур чадвар сайжирч байна гэж ойлгоод байгаа.

5

-Тэгэлгүй яах вэ. Туршлага ажиллах бүрт нэмэгддэг шүү дээ. Ингэхэд та киноноос гадна томоохон компанийн шинэ брэндийн нүүр царай болсон байна лээ. Энэ талаараа сонирхуулаач?

-Тийм ээ. Францын “Renault” машины компанийн шинэ загвар болох “CILO”-гийн зураг рекламанд тоглосон.Энэ жил ер нь ачаалалтай өнгөрөх шинжтэй байна. /инээв/

-Гол нь та жүжигчин мэргэжлээрээ ажиллаж эхэллээ шүү дээ?

-Тийм ээ. Гол амжилт маань жүжигчнээр хүлээн зөвшөөрөгдөж чадсан явдал. Одоо суралцах л үлдээд байна. Цаашдаа томоохон дүрүүдэд хүч үзнэ ээ.

-Гайхалтай, Та ч мөрөөдөлдөө хүрэх алхмаа шат шатаар ахиулж байгаа юм байна. Ямар нэгэн агентлагт харъялалтай болсон уу?

-Баярлалаа. Цаашдаа улам их хичээж ажиллана. Одоохондоо аль нэг агентлагт харьяалагдаагүй. Чөлөөт уран бүтээлчээр ажиллаж байгаа. Ямартай ч таван агентлагтай хамтарч ажиллаж байна.

Н.Цогтсайхан өмнө нь “47 ронин”, “Хатуу самар-5”, “Aurora borealis” зэрэг бидний мэдэх олон алдартай кинонд ази залуугийн баатарлаг дүрийг бүтээсэн юм. Мөн өнгөрсөн онд “Марко Поло” кинонд монгол жүжигчдийн хамтаар цэрэг эрийн дүрд ажилласан билээ. Тэрээр Унгарт жүжигчнээр суралцдаг монгол залуустай хамтран монгол жүжигчид Холливудтай шууд холбоотой ажилладаг агентлаг байгуулахаар төлөвлөж байгаагаа өмнө нь бидэнд өгсөн ярилцлагынхаа үеэр дурьдаж байсан юм.

6

7

8

9

10

11

12

13

П.Мөнхжаргал eagle.mn

 


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.