Жүдочид хоёр дахь өдөр медальд хүрч чадсангүй

527-1470617690b99603_13962888_1071151876312900_3376795814181252923_o_x974

Олимпийн наадмын хоёр дахь өдөр манай жүдочдоос Д.Төмөрхүлэг (- 66 кг), А.Цолмон (- 52 кг) нар татамид гарлаа. С хэсгийг тэргүүлэн барилдсан Төмөрхүлэг эхний даваанд хийлж, 2 болон 3-р шатанд Саудын Арабын Хамад Сулайман, Алжирийн Хоуд Зоурдани нарыг иппон үнэлгээгээр буулган авч тэмцээнээ эрчтэй эхлүүлсэн.

Гэвч шөвгийн найм буюу хэсгийн аваргын төлөөх барилдаанд Италийн Фабио Базильд хоёр вазари үнэлгээ алдан харамсалтай байдлаар ялагдсан юм. Өдгөө 21 настай энэ залуу цааш жавхаатай барилдсаар олимпийн аварга болсон. Энэ жилийн Казанийн Европын аваргаас Фабио хүрэл медаль хүртээд байсан ч түүнийг ийм хүчтэй тэсэрнэ гэж олон хүн төсөөлөөгүй.Тэрээр финалд Өмнөд Солонгосын дэлхийн аварга Ан Баулыг мөн цэвэр сөхрүүлсэн юм.
Дагах барилдаанд Д.Төмөрхүлэг Канадын Антуан Бушартай оноолт таарч вазари үнэлгээгээр ялагдал хүлээсэн. Ийнхүү тэрээр хоёр дахь олимпоо шагналт 7-р байртай өндөрдүүллээ. Харин 21 настай Канад залуу жүдоч хүрэл медалийн барилдаанд Японы алдарт Масаши Эбинумад өвдөг шороодсон.
Эмэгтэйчүүдийн 52 кг-д А.Цолмон хүнд сугалаа татсан байлаа. Тэрээр эхний шатанд Америкийн Анжелика Дельгадог вазаригаар буулган авсан боловч дараагийн шатанд дэлхийн 3 удаагийн аварга Японы Мисато Накамурад 2:19 минутанд цэвэр ялагдав.
Харин Мисатог хагас шигшээд өвдөг шороодуулсан Европ, Дэлхийн аварга Майлинда Кельменди Риогийн наадмын алтан медалийг зүүлээ. Ийнхүү тэрээр энэ жил анх удаа олимпод албан ёсоор оролцож буй Косово улсын түүхэнд олимпийн аварга болсон анхны тамирчин болж байна.
Өнөөдөр буюу тэмцээний 3 дахь өдөр Д.Сумьяа (57 кг), Г.Одбаяр (73 кг) нар Риогийн татамид зодоглоно.
Эх сурвалж: МҮОХ

URL:

Нэр: зочин Огноо: 8 August 2016

Сумьяадаа амжилт хүсье. Чи мундаг шүү. Бусад тамирчдад мөн амжилт. Бид чинь хөгшин залуу гэхгүй та нарыгаа шөнөжин л дэмжиж мэддэг бүхнээ уншиж суугаа шүү.

Сэтгэгдэл бичих