Эрээнд осолдсон автобусны зорчигчид 160 саяыг нэхэмжиллээ

527-1470789009428ff20578b06bf511ffe984d5af76f4Бээжин-Эрээн чиглэлд зорчигч тээвэрлэж явсан автобус энэ сарын 4-ний 22.00 цагийн орчим шатсан. Тухайн автобусанд 37 хүн зорчиж байсан бөгөөд одоогоор тэдний хохирлыг барагдуулах тал дээр хэрхэн ажиллаж байгаа болон нөхцөл байдал ямар байгаа талаар Гадаад харилцааны яамны Консулын газрын дэд захирал Л.Мөнхтүшигээс тодруулав.

Түүнчлэн Эрээн хотод байрлаж буй нэгэн хохирогчтой холбогдож зарим зүйлийг тодруулсан юм. Харин тэд зөрүүтэй мэдээллийг өгсөн билээ.
Л.МӨНХТҮШИГ: ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ БАРАГДУУЛАХАД АНХААРЛАА ХАНДУУЛЖ БАЙГАА
-Бээжин-Эрээн чиглэлд тээвэрлэлт хийж явсан “Есөн луу” компанийн автобус шатаад нэлээд хэд хонолоо. Одоогоор тэнд нөхцөл байдал ямар байна вэ. Хамгийн сүүлд хохирогчдын талаар ямар мэдээлэл ирүүлсэн бэ?
-Бээжин дэх Элчин сайдын яамны Консулын хэлтсээр дамжуулж бид тухайн иргэдтэй холбоотой ажиллаж байна. Манай улсын Консулын хэлтсийн дарга автобус шатсан газарт очиж, нөхцөл байдалтай танилцаж хохирсон иргэдтэй уулзсан. Хамгийн гол нь иргэдийн хохирлыг хэрхэн барагдуулах талаар зорчигч тээврийн компанийнхантай ярилцсан.
Одоогоор буюу өчигдөр орой /энэ сарын 8/-ны байдлаар 37 иргэнээс саналыг нь асууж хуваарилалт хийсэн. Тодруулбал, тухайн иргэдийн 19 нь Эрээн хотод, үлдсэн 18 нь Бээжинд буцаж очсон.
ХОХИРОГЧ Н: МАНАЙ УЛСЫН КОНСУЛ ҮНЭХЭЭР ХАРИУЦЛАГАГҮЙ БАЙНА
-Хохирсон иргэд хоёр хуваагдаж байрласан гэсэн. Наана чинь нөхцөл байдал ямар байна вэ?
-Эрээнд 20, Бээжин хотод 15 хүн байрлаж байна. Ямар ч асуудлыг шийдээгүй. Нөхцөл байдал үнэхээр хүнд байна. Өчигдөр өглөөнөөс /энэ сарын 8/ хойш өнөөдрийг хүртэл Бээжин дэх Монголын консул руу залгасан. Энэ хугацаанд нэг удаа утсаа авсан.
Тэр үед нь “Хятадын талаас хүмүүс уулзаж, үүссэн асуудлын талаар ярилцах гээд байна. Та нар ирээд уулзах хэрэгтэй байна” гэж хэлсэн. Гэтэл ирээгүй. Хамгийн гол нь Хятадын тал өөрийн улсын элчингээс хүн ирүүлж, уулзуулах хэрэгтэй гэдэг шаардлагыг бидэнд тавьж байна. Гэтэл манай талаас бидний эрх ашгийг хамгаалаад уулзаж, хохирлыг барагдуулах талаар ярилцах албаны хүн алга.
Л.МӨНХТҮШИГ: ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ БАРАГДУУЛАХАД АНХААРЛАА ХАНДУУЛЖ БАЙГАА
-Хохирсон иргэдийг яагаад хоёр өөр газар байрлуулсан юм бол. Тэдний байрлаж буй буудлын төлбөр болон хоол хүнсний зардлыг хаанаас хариуцаж байгаа вэ?
-Иргэдээс “Та бүхэн Бээжин эсвэл Эрээн хотын алинд нь байрлан хохирлоо барагдуулах хүсэлтэй байна вэ” гэж асууж, саналыг нь авсан. Хаана ч байрласан ялгаагүй буудал, хоол хүнсний төлбөрийг тухайн зорчигч тээврийн компани бүрэн хариуцаж байгаа.
Тухайн зорчигч тээврийн компанийн даатгуулсан компани нь иргэдиин хохирлыг барагдуулахад хэдий хэмжээний мөнгө шаардлагатайг тогтоохоор үнэлгээ хийж байгаа юм билээ. Тодруулбал, тухайн асуудлыг шийдвэрлэхээр компанийнх нь удирдах зөвлөл өчигдөр орой хуралдаж байгаа талаар мэдээлэл авсан.
-Манай улсын Элчин сайдын яамны зүгээс хохирогчдын эрх ашгийг хамгаалахын төлөө ямар байр сууринаас хандаж, хэрхэн ажиллаж байна вэ?
-Манай Элчин сайдын яам хохирсон иргэдийн эрх ашгийг хамгаалах үүднээс тухайн зорчигч тээвэр болон даатгалын компанитай хамтарч ажиллаж байна. 37 иргэнээс долоогийнх нь гадаад паспорт шатсан. Эдгээр иргэнийг эх орондоо буцахад нь Эрээн хот дахь Консулын газар виз олгоно.
-Эрээн болон Бээжин хотод байрлаж буй хохирогчдын сэтгэл санаа болон биеийн байдап нь ямар байгаа бол. Энэ талаар тодруулсан уу?
-Иргэдийн эрүүл мэндийн талаар ямар нэгэн ноцтой мэдээлэл ирээгүй. Зарим нэгэн иргэн автобус шатсан үед яарч сандарснаас болж буухдаа гараа шалбалах зэрэг хөнгөн гэмтэл авсан тухай мэдээлэл осол гарсан өдөр ирүүлсэн.
Иргэд “Бид хохирлоо бүрэн барагдуулмаар байна. Яах ёстой вэ” гэсэн асуудлыг бидэнд тавьж байна. Энэ хүсэлтийг бид Хятадын тээвэр гүйцэтгэж буй аж ахуйн нэгжид дамжуулсан. Даатгалын компанитай нь ч холбоотой байгаа. Эдгээр иргэний хохирлыг барагдуулахад анхаарлаа хандуулж ажиллаж байна.
-Иргэд хохирол амсаад нэлээд хэд хонож байна. Тэдний зарим нь ажлаасаа чөлөө авсан ч байж магадгүй. Энэ мэтчилэн янз бүрийн шалтгаантай хүмүүс явж байгаа байх. Тэдний хохирлыг бүрэн барагдуулахад хэр хугацаа шаардлагатай бол?
-Хугацааны хувьд хэлж мэдэхгүй. Учир нь, аливаа маргаантай асуудлыг тухайн улс өөрийн хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэдэг. Иргэдийн өргөдөл, гомдлын дагуу хохирлыг барагдуулах асуудал шат дамжлагаар явдаг учраас тодорхой хугацаа зарцуулах нь ойлгомжтой. Гэсэн хэдий ч бид аль болох богино хугацаанд асуудлыг шийдвэрлүүлнэ гэсэн байр суурьтай байна.
-“Есөн луу” компанийн автобусанд зорчиж байсан 37 монгол иргэн хэчнээн төгрөгийн хохирол амссан бэ?
-Энэ талаарх нарийн мэдээллийг манайд ирүүлээгүй. Хүн тус бүр өөрсдийн авч явсан бараагаа үнэлээд тухайн компанидаа өргөдлөө өгчихсөн гэсэн. Хохирогчид автобусанд суухаасаа өмнө авч явж буй бараагаа тухайн тээврийн компанидаа бүртгүүлсэн юм билээ. Тиймээс бүртгалийн жагсаалтаар үнэлгээ хийх байх.
ХОХИРОГЧ Н: МАНАЙ УЛСЫН КОНСУЛ ҮНЭХЭЭР ХАРИУЦЛАГАГҮЙ БАЙНА 
-Тээвэрлэлт хийж байсан компани та бүхний байрлаж буй буудлын төлбөр хоол хүнсний мөнгийг хариуцаж байгаа гэсэн?
-Нэг хүнд өдөрт 100 юань өгдөг. Түүнээс 50 юаниар буудлын төлбөр хийнэ. Үлдсэнийг нь хоол хүнсэндээ зарцуулж байна. Хаанаа ч хүрэлцэхгүй юм. Буудал, хоол хүнсийг хариуцна гэсэн атлаа түүнийгээ асуудалгүй өгчихгүй. Бид хэл ам хийж байж буудал, хоолныхоо мөнгөө авдаг. ёстой яахаа мэдэхгүй байна. Хандах ёстой ганц газар нь бидний хэлснийг тоохгүй, хүлээж авдаггүй. Зүгээр мал шиг хэдэн хүмүүс л энд байна.
-Бээжин дэх Монгол Улсын Консулын газар та бүхний эрх ашгийг хамгаалж, хохирлыг бүрэн барагдуулахын төлөө зорчигч, тээвэр болон даатгалын компанитай хамтарч ажиллаж байгаа гэсэн. Хоёр талын Консулын газрынхантай уулзаж үүссэн асуудлын талаар ярилцсан уу?
-Хятадын автобус компаниас хүн ирээд даатгалын компаниас бичигт шаардсан гээд бидний паспортыг хувилаад барааны бүх бичигт гарын үсэг зуруулаад явсан. Ингэхдээ “Хохирлыг чинь барагдуулах хүртэл эндээ хүлээвэл хүлээ. Асуудлыг шийдэхэд цаг хугацаа шаардлагатай” гэж хэлсэн. Тэд биднээс илүү манай улсын элчинтэй ярих хүсэлтэй байгаа.
Гэтэл манай улсын элчин утсаа авахгүй. Авахаараа салгах жишээтэй. Ийм л байдалтай байхад хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Иргэдийн хохирлыг бүрэн барагдуулахаар болсон. Бээжин дэх Монгол Улсын Консулын газар бүх асуудлыг шийдэж, зохицуулсан гэх зэргээр нөхцөл байдлаас тэс өөр мэдээлэл гарч байна.
Одоогоор элчин байтугай үүрэг гүйцэтгэгч ч ирээгүй. Биднийг ямар буудалд буусан, хэрхэн хоног өнгөрүүлж байгааг хэн ч сонирхоогүй. Харин автобус шатсан өдөр бид гуйж сүүлдээ бүр уйлж байж Бээжин дэх Монголын Консулын газраас нэг хүн ирүүлсэн. Тэр хүн гал гарснаас хойш 24 цагийн дараа ирээд таван цаг яриад ямар ч шийдэлд хүрч чадаагүй.
Бид “Чи бүхэл бүтэн улсыг төлөөлж байгаа дипломат хүн учраас бидний эрх ашгийг хамгаалж, хохирлыг барагдуулах тал дээр ямар нэгэн арга хэмжээ авна биз дээ” гэхэд “Энэ асуудал чинь хэцүү шүү дээ. Монгол жижиг орон шүү дээ” гэсэн. Ийм л сонин зүйл ярьж байна. Улсаа төлөөлж байгаа дипломат хүн байж хэдхэн хүний эрх ашгийг хамгаалж, дуугарч чадахгүй байгаа нь харамсалтай. Эндээс очоод бид Гадаад харилцааны яаманд гомдол гаргана.
-Тантай хамт байрлаж буй хүмүүсийн сэтгэл санаа, эрүүл мэндийн байдал ямар байна вэ?
-Энд өндөр настан, хэлгүй, жирэмсэн, хөхүүл хүмүүс байна. Хоол, унд нь таарахгүй зэргээс эхлээд хүндрэлтэй зүйл их. Ингээд ч зогсохгүй нэг орон дээр хоёр хүн унтах жишээтэй.
Нийт хохирсон иргэнээс найман хүн паспортгүй. Арав гаруй хүн гуталгүй байна. Монголд ажил төрөлтэй хүмүүс энд ингээд олон хонох үнэхээр хэцүү. Уг нь Монголын талаас албаны хүн нь ирээд бидний өмнөөс хэлж яривал асуудлыг хурдан шийдэх боломжтой. Гэтэл биднийг хайхрахгүй байна.
-Хохирлоо бүрэн барагдуулж, эх орондоо буцаж ирэхэд хамгийн түрүүнд та бүхэнд шаардлагатай зүйл юу байна вэ?
-Нэн түрүүнд хуулийн зөвлөгөө өгөх хүн хэрэгтэй. Мөн үүссэн нөхцөл байдлын талаар санал бодлоо хэлэхийн тулд ядаж нэг орчуулагч шаардлагатай байна. Хятадын талаас орчуулагчаа дагуулж ирдэг. Тэр хүн нь зарим яриаг орчуулж чадахгүй. Заримдаа уурлана. Аль эсвэл бүр өөрсдийнхөө талд орчуулах жишээтэй. Бидний хэлснийг цааш нь яаж ойлгуулж байгааг бид мэдэхгүй шүү дээ.
-Тухайн автобусанд зорчиж явсан хүмүүс нийт хэчнээн төгрөгийн хохирол амссан бэ?
-Бид хохирлоо үнэн зөвөөр нь мэдүүлсэн 37 хүний хохирол нийлээд монгол мөнгөөр 100 гаруй сая төгрөг болсон. Бидний хохирлыг барагдуулахад тухайн компанийн хувьд энэ мөнгө бол юу ч биш. Зорчигч, тээвэрлэлтэд 40 гаруй автобус явуулдаг үнэхээр том компани гэсэн. Гэтэл биднийг “өмсч явсан гутал, хувцас зэргийг хохиролд тооцохгүй, Зөвхөн барааныхаа төлбөрийг тооцуул” гэсэн, Уг нь бол ингэж болохгүй шүү дээ, Миний хувьд Монголоос авч гарсан 30 мянган юаниа мэдүүлсэн,
С.Юмсүрэн
Эх сурвалж: 

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.