Хүүхэд цугладаг орчинд шоу зохион байгуулахаа больё

6dbca4b43e22501boriginalНогоон навчис сэрчигнэж, өнгө өнгийн цэцгийн мандал дэлбээлж, хүүхэд, залуус хөгжилддөг сарууд үргэлжилсээр байна. Эдгээр өдрүүдэд иргэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэн болон Үндэсний соёл, амралтын хүрээлэнг ихээр зорьдог. Сая гаруй хүн амтай Улаанбаатар хотод гэр бүлээрээ ая тухтай амарч тухлах басхүү хөдөөнөөс ирсэн нэгэндээ сонин болгож үзүүлэх газрын тоонд яалт ч үгүй дээрх хоёр газар ордог болжээ. Гэтэл улирлын чанартай ажилладаг Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу бидний хэлж заншсанаар хүүхдийн паркад өчигдөр очиход ямар ч хүнгүй эл хуль байв. Зөвхөн өчигдөр төдийгүй ойрын өдрүүдэд үйлчлүүлэгч багатай байгаа хэмээн кассын ажилтан ярилаа. Тус газрын зогсоолд хоёр гуравхан автомашин байрлуулсан байсан бөгөөд доторх тоглоом бүгд ажиллахгүй, жижиг буфет, зайрмагны цэг ч нээгдээгүй байлаа.

        Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийн маркетингийн менежер Г.Алдархишигээс дараах зүйлийг тодрууллаа.

-Ямар ямар урамшуулал зарлаад байна вэ?

-Энэ жил манай байгууллагын 50 жилийн ой болно. Үүнтэй холбоотойгоор олон төрлийн урамшуулал зарладаг байна. Тухайлбал, ашигласан тасалбараа буцаагаад өөр тоглоомын тасалбар авах боломжтой. Мөн энэ сарыг дуустал өдөр бүр нэг тоглоом үнэгүй тоглох урамшуулал зарласан байгаа. Ерөнхийдөө энэ жилээс үнийн хөнгөлөлт, янз бүрийн багцыг туршиж үзэж байна. Хамгийн үнэтэй нь галзуу хулгана, сансрын хөлөг гэсэн тоглоом бий. Багцууд 7­25 мянган төгрөгийн хооронд байдаг. Түүнчлэн залуучуудад зориулсан “Шөнийн парк” хөтөлбөрийг амжилттай зохион байгуулж байна. Энэ жил давалгаат эргүүлэг, тагада гэсэн залуучуудын тоглоом нэмлээ. Өнгөрсөн жил 3­5 насны хүүхдүүдэд зориулсан тоглоом нэмж байсан.

-Үйлчлүүлэгч багатай байх шиг байна. Уг нь өдийд хүүхэд, залуус ихээр ирэх цаг шүү дээ. Энэ жилийн хувьд паркийг зорих багачууд хэр нэмэгдсэн бэ?

-Өнгөрсөн жилүүдтэй адилхан л байна. Өнгөрсөн өдрүүдийн хэт халалтын үеэр өдрийн цагаар үйлчлүүлэгч байсангүй. Орой 20.00 цагаас хойш залуучууд ирж байсан. Тиймээс өглөө ажиллах цагийг хойшлуулж, орой хаах цагаа сунгаж ажилласан.

-Өнгөрсөн жил Галзуу хулгана эвдэрч байсан. Гэтэл саяхан алсыг харагчийн нэг бүхээг шатсан гэсэн мэдээлэл байна. Үйлчлүүлэгчдийнхээ аюулгүй байдлыг хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?

-Найдвартай ажиллагааны албаныхан тоглоомуудаа өдөр бүр шалгадаг. Хүмүүс галзуу хулганыг эвдэрсэн гэхээр шууд л уначих юм шиг ойлгодог. Галзуу хулгана тоглоомд ямар нэг эвдрэл гарсан ч замаасаа хэзээ ч гарахгүй. Тиймээс сууж байсан хүн. Хэзээ ч доош нь унана гэсэн асуудал байхгүйг сануулъя. Манайд ямар нэгэн гал гарсан зүйлгүй. Энэ бол худал мэдээлэл байна.

Хүүхдийн паркийн хашаанд согтууруулах ундаа зарж байна

Хүүхэд залуусын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх ганц газар болох Үндэсний соёл, амралтын хүрээлэнд архи гэгч гашуун ундаа ч мөн байсаар л байна. Хаа сайгүй баар цэнгээний газрууд үйл ажиллагаа явуулж согтууруулах ундаа худалддагийн жишгээр энд ч бас тодорхой хэдэн газарт зарж байсан юм. Бусад газраас хамаагүй үнэтэй. Өсвөр насны охид, хөвгүүд согтууруулах ундаа маш ихээр хэрэглэн, тамхи татаж хорт муу зуршилтай болж байгаа нь үнэхээр сэтгэл эмзэглүүлмээр асуудал болоод байна. Тэр ч бүү хэл хүүхдийн гэх толдотголтой паркад үдэш бүр цэнгүүн хийх болжээ.

“Паркийн Хар сувдад болно” гэсэн хаягтай үдшийн цэнгүүн энэ зуны турш үргэлжилсээр байна. Тодруулбал, “Welcome to BLACK PEARL at PARK” Зуны налгар сайхан өдрүүдэд паркийн нууран дундах усан онгоц руу ирээрэй залуус аа, амтат шорлог, герман шар айраг тав тухтай тансаг намуухан орчин, ДЖ нарын шилдэг CHILL OUT сэт хөгжмүүд тоглох болно. Зун дуусахаас өмнө ирээрэй залуус аа, TAX FREE…” гэх зар цахим сүлжээгээр өдөр бүр цацах болов. Зөвхөн өнгөрсөн долоо хоногт л гэхэд BACHATA & KIZOMBA, MNG CHILL Night, TENUUN’S CONCERT, KIZOMBA, MAJESTY Project’s, MNG CHILL Night зэрэг шөнийн цэнгүүнийг зохион байгуулжээ. Ийнхүү өдөр бүхэн баасан гариг шиг шоу зохион байгуулж байхад манай улсын хойч ирээдүй болсон хүүхэд багачууд ямар үлгэр дууриалал авах вэ. Бүр гурваас дээш насныхан цугладаг газарт өдөр бүр чанга хөгжим, архидан согтуурч буй дүр зураг байсаар байх уу. Үүнийг хаа хаанаа бодууштай.

Үндэсний соёл, амралтын хүрээлэнг анх 1965 оны арваннэгдүгээр сарын 10­нд Улаанбаатар хотын хүүхэд, залуучуудын дунд соёл хүмүүжлийн ажлыг өргөн зохион тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөж байх зорилгоор “Хотын соёл амралтын парк” нэртэйгээр байгуулж байжээ. Хүүхдийн парк 35 га дэвсгэр нутагтай, үүнээс 25 га талбайг нь ногоон байгууламж, 1.8 га газрыг нуур цөөрөм, 5.6 га нь тоглоом тоног төхөөрөмж, соёлын төвүүдийн болон аж ахуйн зориулалттайгаар барьжээ.

Ц.Заяа

Эх сурвалж: МОНГОЛЫН ҮНЭН сонин


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих