Нийтээрээ эзэмших ёстой ч нэг нь эзэмшдэг буруу тогтолцоо

Хувийн өмч, нийтийн эзэмшлийн талбайн ялгаа мөн ч их юм аа. Уг нь нийтээрээ эзэмших ёстой зүйлд бид бултаараа санаа тавих учиртай.

Гэтэл өнөөдөр нийтийн эзэмшилд шунасан зарим хүний буруутай үйл ажиллагаа хэрээс хэтэрч байна.

Манайхан нийтийн эзэмшлийн эд хөрөнгөд юу, юу багтдагийг төдийлөн мэддэггүй учраас аль нь нийтийнх, аль нь хувийнхыг ялгаж салгаж чаддаггүй.

Уг нь “Нийтийн эзэмшлийн эд хөрөнгөнд төвлөрсөн инженерийн шугам сүлжээнд холбогдсон орон сууцны барилгын гадна цэвэр, бохир ус, дулаан дамжуулах шугам сүлжээ, ус, дулаан дамжуулах төвийн барилга, тоног төхөөрөмж, авто зам, замын байгууламж, зам гүүр, ус зайлуулах суваг, үзлэг тооллогоор илэрсэн ашиглагч байгууллагын балансад тусгагдаагүй болон эзэн харьяалал нь тодорхойгүй барилга байгууламж, эд хөрөнгө, үерийн хамгаалалтын барилга байгууламж, хотын гудамж, зам талбайн борооны усны шугам, хөрсний ус зайлуулах барилга байгууламж, гэрэлтүүлгийн байгууламж, ногоон байгууламж, амралт, чөлөөт цаг өнгөрүүлэх бүсийн тоног төхөөрөмж, хөшөө дурсгалын эд зүйлүүд орно” гэж Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2009 оны 119 тоот тогтоолд тусгасан байдаг юм байна.

Иргэдийн энэ талаарх мэдлэггүйг нь далимдуулж зарим хүн нийтийн эзэмшлийн гэх тодотголтой зүйлүүдээс хумсалж хувьдаа завших явдал мэр сэр гардаг. Хүмүүс осолдохгүй л гэрийнх нь гадаа хэн нэгэн газар ухаж, барилгын суурь тавиад эхэлбэл байдал бишидсэнийг ойлгодог. Тэгээд эсэргүүцэж байж нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг авч үлдвэл зол болдог.

Нийслэлд амралт чөлөөт цаг, хүүхдийн тоглоомын талбайг сүйтгэсэн тохиолдлууд байнга шахам л хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж байдгийг бид мэднэ. Өнөөдөр ч нийтийн эзэмшлийн талбайд дураараа гар хүрч байгаа газар нийслэлд хаа сайгүй байна. Чингэлтэй дүүргийн есдүгээр хорооны явган хүний замыг сэтэлж, авто засварын газар болох хувийн барилга руугаа шинэ зам татаж байх жишээний.

Хөрөнгө мөнгө, цаг заваа үрэн байж хийсэн нийтийн эзэмшлийн эд хөрөнгөнд ийнхүү хайхрамжгүй хандах хүмүүс олон байна. Энэ нь Монгол Улсад нийтийн эзэмшлийн тухай хууль байхгүйтэй холбоотой юм.

Хэрэв нийтийн эзэмшлийн тухай хуультай болчихвол түүнийг хамгаалах нэг ч гэсэн эрх зүйн орчин бүрдэх сайн талтай. Нийтийн эзэмшлийн гэх тодотголтой газрууд нийслэлд олон байх ч зарим нь иргэдийн эзэмшилд байх ёстой гудамж, талбайг мөнгө болгон харж, үлдсэн хэсэг нь эдгээр газрыг огтхон ч тоодоггүй. Аж ахуйн нэгж, байгууллагынхан цас орж мөствөл довжоогоо шүүрдэж, цэвэрлэдэг.

Тэгээд овоорсон цасаа нийтийн эзэмшлийн талбай дээр овоолж орхисон байхтай бишгүй олон тааралддаг. Ингээд бодохоор нийтийн эзэмшлийн гэх тодотголтой болгоныг зохицуулах хууль үгүйлэгдэж байгаа юм.

Хэрэв энэ талаарх эрх зүйн орчин нь бүрдвэл газрын наймаа ч хумигдах нь гарцаагүй. Нийтийн эзэмшлийн талбайг түрээсэлж бас болдог юм байна. Тухайлбал, аж ахуйн нэгжүүд, автобусны буудал, нийтийн эзэмшлийн гудамжинд үйл ажиллагаа явуулдаг ТҮЦ, гутал засвар ийм үйлчилгээг хүртдэг аж.

Тогтоол байгаад ч хэрэгжихгүй байгаа учир нийтийн эзэмшлийн тухай хуультай болох нь хамгийн зөв алхам юм. Тэгэхгүй бол нийтээрээ эзэмших ёстой ч нэг нь эзэмшдэг буруу тогтолцоо арилахгүй нь.

Ж.Тагтаа

niislel times


URL:

Сэтгэгдэл бичих