“Шпигель” сэтгүүл Б.Хурцын суллагдсаныг А.Меркелийн айлчлалтай холбов

“Манай Хурцыг яагаад суллаад явуулчихав” гэж Германы мөрдөн байцаагчид, аюулгүй байдлын албаныхан ихэд уурлаж буй сурагтай. Тавиад явуулчихсан улс нь Холбооны прокурорын алба нь юм байна. Угаасаа Германы хууль хяналтын энэ хоёр байгууллага хоорондоо иймэрхүү юмаар байнга муудалцаж байдаг аж. Алдарт “Шпигель” сэтгүүлд тийм нийтлэл гаргасан байна.
Манайхан ер нь өөрсөдтэйгөө холбоотой мэдээллээ гаднын хэвлэлээс авдаг болоод удаж байна шүү. Сайд дарга нар маань үнэхээр мэддэггүй юм уу, хэлж ярьж болдоггүй юм уу, бөөрөнхийлөөд л байна. Ганцхан жишээ хэлье.
Хурц дарга суллагдсаныг анх манай Гадаад яам биш, Германы “Зюддойче Цайтунг” сонин мэдээлэв шүү дээ. Германы сонинд “Монголын Хурц өнгөрсөн долоо хоногт суллагдсан. Үүнийг хоёр өмгөөлөгч нь батлан ярьж байна. Тэрбээр одоо Германаас бараг гарчихсан байх” гэсэн байв.
Манай хэвлэлийнхэн ч үүнийг шүүрч аваад л бичлээ. Ингэхдээ “Германаас гарсан” гэдгийг нь өөрийн төсөөлөл оюунаар баяжуулаад, Германаас гараад хаачвал гэж, дахиад баригдахаас айх байх гэж бодоод “Монголдоо ирчихсэн байж магадгүй” гэсэн нэмэлттэйгээр тараав даа. За тэгээд овоо юм мэддэгээр нь Гадаад яамныхаа нэг сайд дээр очоод асуусан, нөгөөх нь “Ёстой тийм юм болоогүй, тийм хачин юм бичдэг сонин бол манай шар хэвлэл шиг сонин л байж таараа” гэдэг юм даа. Үнэхээр тэгж хэлсэн юм.
Хэр баргийн буруу мэдээ тавихгүй “Зюддойче Цайтунг”-ийг манай сайд шууд “шар хэвлэл” хэмээн албан ёсоор шахуу мэдээлээд орхив. Тэгсэн яасан гээч. Дөнгөж маргааш нь өнөө Хурц Ерөнхийлөгчтэй хамт онгоцноос буугаад ирдэг юм. Сурвалжлагч нар гялс гүйж очоод “Хэзээ суллагдав аа?” гэсэн яах аргагүй өнгөрсөн долоо хоногийн огноо хэлж байна. Тэгэхэд Германаас гарчихсан байсан нь бас үнэн, Солонгост байж байгаад ирлээ гэнэ ээ. “Зюддойче Цайтунг”-ийн мэдээ  ёстой үг үсэг бүрээрээ зөв байж шүү дээ.
За тэр бол нэг асуудал, одоо харин “Шпигель”-ийн хэлж буйгаар Германы зарим хуулийнхан Хурцыг тавьж явуулсан хэргийг “removed from reality” төдийгүй “counter-productive” гэж дүгнэсэн нь их л хурц үг хэллэг хэрэглэсэн байна даа. Ингээд А.Меркелийн айлчлалтай холбоотой гэж хардаж байгаагаа нуусангүй.
Нийтлэлийн ихэнх мэдээ нь өнөө л С. Зориг, Д. Энхбат, Франц, Герман гэх мэт хуучны зүйлс, харин өмнө гараагүй сонин гэвэл Энхбатыг хилээр муужруулан гаргахдаа “Брюссельд манай нэг сайд зодолдоод. Одоо энэ сайдыгаа яаралтай эх оронд нь буцаах гэж байгаа юм” гэж мэдүүлэн гаргасан гэнэ.

Гэрчийн мэдүүлгээр бол, бодвол хилээр гаргасан герман байцаагчийнх нь мэдүүлэг байх,  Австри дахь манай Элчин Сайдын Яаманд консулын алба хашиж байсан Ширбазарын Алтансүх гэж хүн тэр түүхийг зохиосон гэнэ дээ.
М.Саруул


URL:

Сэтгэгдэл бичих