Хөгжлийн банкийг шалгах цаг нь одоо л ирж байна

ed74b9cec76e82137149bde83c9dd572-Хөгжлийн банкинд хийсэн гүйцэтгэлийн аудитаар тус банкны үйл ажиллагаанд мөрдөх шаардлагатай дүрэм журам батлагдаагүйг дүгнэж байжээ-

Өнгөрсөн лхагва гарагт Засгийн газраас АН-ын үед хэрэгжүүлж байсан “Сайн хөтөлбөр”-үүдийг зогсоох шийдвэр гаргасан. Эдгээр хөтөлбөрүүдийг зогсоох болсон шалтгаан нь Монгол Улсын Төсвийн тогтвортой байдлын тухай, Өрийн удирдлагын тухайн хэд хэдэн хуулийг зөрчжээ. Өөрөөр хэлбэл, “Сайн хөтөлбөр”-үүдийг өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхэлж хэрэгжүүлсэн бөгөөд санхүүжилтийн эх үүсвэрийг нь энэ оны улсын төсөвт суулгалгүйгээр УИХ-ын сонгуульд санал авах зорилгоор Монгол Улсын холбогдох хуулиудыг зөрчиж нийтдээ 596 тэрбум төгрөгөөр санхүүжүүлсэн гэдгийг Засгийн газраас мэдэгдсэн юм.

Энэчлэн ихээхэн хөрөнгө мөнгө төсвөөс гадуур зарцуулагдсан учраас нэгдсэн хяналт шалгалт хийх үүргийг Засгийн газраас холбогдох байгууллагад нь үүрэг өгсөн байна.
Юун түрүүнд “Хөгжлийн банк”-нд шалгалт оруулж өнгөрсөн хугацаанд санхүүжүүлсэн бүхий л төсөл хөтөлбөрүүдийн зарцуулалтын тайлан баланс, мөн аудитын газраас тус банкинд хийсэн шалгалтын бичиг баримт гээд нэлээд олон зүйлийг шалгахаар нэгдсэн шалгалт орох болсон байна.
Түүнчлэн шалгалт оруулахаас өмнө тус банкны Төлөөлөн удирдах зөвлөлийг өөрчилж гадна дотны шахалтгүйгээр дотоодын хяналт шалгалтыг явуулж үүний дараа илэрсэн зөрчлийг Засгийн газарт өгөх аж. Ингээд тус банк өнгөрсөн хугацаанд төсөл хөтөлбөрүүдэд олгогдох ёстой зээлийг хуулийн хүрээнд өгч байсан эсэх, мөн тус банкны удирдлагын багт ямар, ямар хүн ажиллаж байсан гэх зэрэг олон ноцтой баримтыг энэ удаа уншигчдад хүргэх гэж байна. Тиймээс доор бичигдсэн зүйлийн аль нь үнэн аль худал болохыг Засгийн газраас хийгдэх гэж буй хяналт шалгалтууд эцэслэн тогтоох буй зээ.

Ажлын төсөвт өртөг тодорхойгүй байхад зээл олгож байсан

“Гудамж” төслийн хүрээнд хэрэгжүүлж байгаа авто замын барилгын ажлуудад гүйцэтгэгчийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу сонгон шалгаруулалт хийхгүйгээр хуучнаар Эдийн засгийн хөгжлийн сайдын 2013 оны 04 сарын 05-ны өдрийн 29 дүгээр тушаалаар баталсан “Түр журам”-ыг үндэслэн гүйцэтгэгчтэй шууд гэрээ байгуулж санхүүжилтүүд олгосон нь аудитын шалгалтаар тогтоогджээ. Уг журам нь нэгдүгээрт, сонгон шалгаруулалтгүйгээр шууд гэрээ байгуулахыг зөвшөөрч тендерийн хуулийг зөрчсөн, хоёрдугаарт, уг журмыг хууль зүйн яаманд бүртгүүлээгүй, хүчин төгөлдөр акт биш аж. Уг ЭЗХЯ-ны сайдын хүчин төгөлдөр бус журмыг баримтлан нийт 200 сая ам.долларын зээлийг “Гудамж” төсөлд олгосон байна. “Гудамж” төслийн хүрээнд хийгдэж буй ихэнх ажлууд нь ТЭЗҮ, зураг төсөл нь хийгдээгүй, төсөвт өртөг нь тодорхойгүй байхад Хөгжлийн банк нь ойролцоо дүнгээр гэрээ байгуулан зээл олгодог бөгөөд ажлын төсөвт өртөг гэрээ байгуулснаас хойш байнга нэмэгдэж, түүний дагуу тооцоо судалгаагүйгээр санхүүжилт нэмж олгосоор байна. Өөрөөр хэлбэл, тухайн ажлын төсөвт өртөг тодорхойгүй байхад зээл олгож, үүнийгээ даагаад тухайн ажлын хүрээнд гарсан зардалд нь нийцүүлэн зээлийн хэмжээг нэмэгдүүлж, хууль дүрэм зөрчиж байна.

Төслүүд хэрэгжиж буй эсэхэд хяналт тавих тогтолцоо Хөгжлийн банкинд байхгүй

Хөрөнгө оруулалтын зориулалтаар гаргасан Засгийн газрын үнэт цаас (Чингис бонд)-ны хөрөнгийг УИХ-ын 2012 оны 52 дугаар тотгоолд “нийгмийн халамжийн аливаа үйлчилгээ болон улсын төсвийн орлогын дутагдлыг нөхөхөөс бусад эрдэс баялаг, зам, тээвэр, эрчим хүч, харилцаа холбоо, барилга, банк санхүү, аж үйлдвэрийн салбарт хэрэгжүүлэх эдийн засгийн үр ашиг бүхий томоохон төслүүдэд хөрөнгө оруулахад зарцуулахыг” Засгийн газарт даалгасан. Гэтэл Хөгжлийн банк нь “Төслийн нэгж” нэртэй төсвийн хөрөнгийг үргүй зарцуулагч нарт, тухайлбал: “Гудамж” төслийн нэгж, “Эгийн голын усан цахилгаан станц” төслийн нэгж, “Тавантолгойн цахилгаан станц” төслийн нэгж, “Хүрэн нүүрснээс байгалийн синтетик хий үйлдвэрлэх” төслийн нэгж, “Шинэ төмөр зам” төслийн нэгж тус бүрт зөвхөн үйл ажиллагааны зардал (үндсэн хөрөнгө, машин худалдан авах, ажилтнуудын цалин (Гудамж төсөл гэхэд 70 гаруй ажилтантай), бичиг хэргийн зардал г.м) нийт 17.0 тэрбум төгрөг олгосон байна. Өөрөөр хэлбэл, УИХ-аас баталсан хөгжлийн төсөл хөтөлбөрүүд, бүтээн байгуулалтын ажлуудад санхүүжилт олгох ёстой байтал Төслийн нэгжүүдийн үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлж, дээрх УИХ-ын тогтоолыг зөрчиж байгаагийн дээр эдгээр төслүүд хэрэгжиж буй эсэхэд хяналт тавих тогтолцоо Хөгжлийн банкинд байхгүй байна.

УИХ-ын тогтоолд заагаагүй Хөрөнгийн биржийн өр, төлбөрийг санхүүжүүлсэн

Түүнчлэн Сайншанд Аж үйлдвэрийн цогцолбор /АҮЦ/ барих төслийг эхлүүлэхэд (энэ цогцолборыг усны нөөц болон байгаль орчны нарийвчилсан үнэлгээгээр барих боломжгүй гэж дүгнэсэн, ТЭЗҮ хийгдээгүй) АНУ-ын компаниас хуулийн болон санхүүгийн зөвлөх үйлчилгээ авах зорилгоор 7.9 тэрбум төгрөг, “Эрдэнэс Оюутолгой” ХХК-д, мөн АНУ-ын компаниас хуулийн болон санхүүгийн зөвлөх үйлчилгээ авах зорилгоор 10 сая ам.доллар олгох зээлийн гэрээ байгуулаад хэсэгчлэн олгож байна. Мөн Хөрөнгийн биржид 8.7 сая ам.долларын зээл олгож, Хөгжлийн банкны хуулинд заасан “УИХ-аас баталсан томоохон төсөл, хөтөлбөр санхүүжүүлнэ” гэсэн заалтыг шууд зөрчиж, УИХ-ын тогтоолд заагаагүй Хөрөнгийн биржийн өр, төлбөрийг санхүүжүүлсэн.

Удирдлага, хяналтын асуудал утгаа алдсан

Хөгжлийн банкны тухай хуулийн 19.3-т Хөгжлийн банкны гүйцэтгэх удирдлагад тавигдах шаардлагыг хуульчилсан. Гэтэл Хөгжлийн банкны гүйцэтгэх удирдлагын багийн гишүүд нь уг хуульд заасан “банк, санхүү, эдийн засгийн дээд боловсролтой, санхүүгийн салбарт таваас доошгүй жил удирдах албан тушаалд ажилласан, мэргэжлийн дадлага туршлагатай” байх шаардлагыг хангахгүй, зарим нь бүр банк, санхүү, эдийн засгийн боловсролгүй, банк, санхүүгийн байгууллагад огт ажиллаж байгаагүй хүмүүсийг гүйцэтгэх удирдлагаар томилон ажиллуулсан. Уг нь улс орны хөгжлийн бодлогод түлхэц болохоор санхүүжилтүүдийг тодорхойлох бодлогын банк болохын хувьд мэргэжил, туршлагатай хүмүүсээр гүйцэтгэх удирдлагын баг бүрдүүлж ажиллуулах зорилгоор Хөгжлийн банкны хуульд зохих шаардлагуудыг тавьсан байх. Гэтэл Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн асан Н.Батбаярын туслах, зөвлөх Н.Мөнхбатыг (нэг сарын цалин 10.0 сая төгрөг, улирал бүр урамшуулалд 10.0 сая төгрөг авдаг), Хяналт, захиргааны газрын захирлаар ЭЗХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга (Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга)-ын туслах Б.Батбилэгийг (тэрбээр туслахаар ажиллаж байхаасаа өмнө үсчин гоо сайхны салонд менежер, Анод банкинд зургаан сар ажиллаж байсан ажлын түүхтэй), Хөрөнгө оруулалтын газар (хуульд байхгүй энэ газрыг хууль зөрчин үүсгэн байгуулсан тухай Аудитын дүгнэлт гарч, акт тогтоосон)-ын захирлаар Хөгжлийн банкинд мэргэжилтэн (өмнө нь Нийслэлийн өмчийн газрын дарга байсан)-ээр ажиллаж байсан Б.Буянмөнхийг, Эрсдэлийн удирдлагын газрын захирлаар өмнө нь Улаанбаатар банкинд ахлах шинжээчээр ажиллаж байсан Б.Батбаярыг, Зээлийн газрын захирлаар Бодь группын ТУЗ-ийн даргын зөвлөхөөр ажиллаж байгаад халагдсан Г.Одонтуулыг тус тус томилсон.

Түүнчлэн Хүний нөөцийн хэлтсийн захирлаар мөн Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаярын туслахыг томилсон нь банкны хэмжээнд хяналтын тотголцоо байхгүйд хүргэж, улмаар засаглалын том гажуудал үүсэх нөхцөл бүрдсэн. Ямартай ч энэ мэт хүчин зүйлсээс болж тухайн үед Хөгжлийн банкинд ажлын хариуцлага тооцох тогтолцоо алдагдах, ажилтнуудыг үндэслэлгүй халах зэрэг үр дагаврууд үүсч байсан. Үүний уршгаар үндэслэлгүйгээр ажлаас халагдсан хүмүүсийг шүүх ажилд нь эргүүлэн томилох шийдвэрийг гаргасаар байтал хуулийн дагуу ажилд нь эргүүлэн томилохгүй хууль зөрчиж байжээ.
Түүнчлэн тус банкны Гүйцэтгэх удирдлага нь өөрсдийн тухай “эерэг” мэдээлэл өгч, сурталчлах зорилгоор нэг удаа л гэхэд 40-50 сая төгрөгийн гэрээ хийж, тэдгээр нь мөн тендерийн хууль, журмаас гадуур цөөн хэдэн медиа компаниудад давтамжтайгаар олгодог байсан зэрэг нь шилэн дансанд тавигдаж байсан юм.
Түүнчлэн Хөгжлийн банк нь мөн Засгийн газрын тотгоолгүйгээр Монголбанкинд 177.0 тэрбум төгрөгийн нэг жилийн вексель бичин уг мөнгөн хөрөнгийг гаргуулж, “Энержи Ресурс” компанийн барьсан “Говийн зам” -ын төлбөрт төлж барьцаагүй зээл олгосон. Тус банкнаас Монголбанкинд уг векселийн төлбөрийг төлөх хугацаа хэтэрч, Хөгжлийн банкны удирдлагын зүгээс ямар нэгэн арга хэмжээ авахгүй байсаар Монголбанкинд 177.0 тэрбум төгрөгийн үндсэн төлбөрийн дээр 1.9 тэрбум төгрөгийн алдангийг төлж барагдуулсан. Энэ мөнгөн хөрөнгө эргэж хаанаас төлөгдөх нь тодорхойгүй байгаа гэх мэт зөрчлүүд олноор бий аж. Хөгжлийн банкинд хийсэн гүйцэтгэлийн аудитаар тус банкны үйл ажиллагаанд мөрдөх шаардлагатай дүрэм журам батлагдаагүйг дүгнэсэн байна.

Аудитын газрын шалгалтын актыг хэрэгжүүлээгүй

Мөн Үндэсний аудитын газраас гаргасан урьдчилсан дүгнэлтэд Хөгжлийн банкны хууль зөрчсөн асуудлуудын талаар тодорхой дүгнэж, баримтаар тайлагнасан боловч Хөгжлийн банкны удирдлагууд Үндэсний аудитын газрын /ҮАГ/ дарга, ерөнхий аудиторт нөлөөлөн, аудитын тайлан гаргасан аудиторуудад дарамт шахалт үзүүлж, улмаар аудитын урьдчилсан дүгнэлтэд тодорхой дурдсан зөрчлүүдийг бүгдийг нь хасуулж, аудитын эцсийн дүгнэлтийг өөрчлөн гаргуулж байсан тухайг ажилтнууд нь хэлж байв.

Мөн аудитын шалгалтын дагуу илэрсэн зөрчлүүдийг арилгуулахаар ҮАГ-ын 2014 оны арванхоёрдугаар сарын 05-ны өдрийн актууд гарсан бөгөөд тэдгээр актуудад заасан албан шаардлагын хэрэгжилтийг 2015 оны гуравдугаар сарын 31-ний дотор хангуулахыг банкинд үүрэг болгосон боловч сүүлд нь эдгээр актуудыг тодорхойгүй шалтгаанаар анх гаргасан үеийн он сартайгаар өөрчлөн гаргасан бөгөөд өнөөг хүртэл дээрх актыг хэрэгжүүлээгүй аж. Аудитын газрын шалгалт хийх чиглэлийг УИХ-ын ажлын хэсгээс тогтоож байсан юм.
Эцэст нь хэлэхэд тухайн үед Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх төсөл хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих хянан шалгагчийг хуулийн дагуу томилон ажиллуулах ёстой ч санхүүжүүлсэн төслүүдэд зохих хяналтыг тавихгүй байгаа зэргээс хамаарч зээлийн эргэн төлөлтүүд нь хугацаандаа хийгдэхгүй байсан гэх зэрэг олон зөрчил байжээ. Юутай ч тус банкны ТУЗ-ийг бүрэн бүрэлдэхүүнээр нь өөрчилж байж өнгөрсөн хугацаанд гарч байсан дээрх ноцтой зөрчлүүдийн худал үнэнийг нь дэнслээд зогсохгүй хууль гэж байдаг бол татвар төлөгчдийн мөнгө, тэр их зээл, бондын мөнгөөр юу хийсэн бэ гэдийг тайлагнах цаг нь одоо л болж байна.

Эх сурвалж:


URL:

Сэтгэгдэл бичих