Төрөхүүдийн үнэн төрх

4572Айж байна. Уг нь энэ ертөнцөд хүн болж төрсний нэгэн гавьяа нь үр удмаа үлдээхэд оршдог. Гэвч хоёрдогч “этгээдээс” шалтгаалаад эмэгтэйчүүд төрөхөөс эмээх боллоо. Жирэмслэнгүүтээ л харьяаллынхаа дагуу дүүргийнхээ амаржих газарт “нүхээ” малтаж, танил талаа царайчилна.

“Төрөхөд их мөнгө хэрэгтэй болно” гээд улсаас өгдөг жирэмсний 40 (таван сартайгаас) мянган төгрөгөө өөрөөсөө ч харамлан, хурааж буй эмэгтэйтэй бишгүй таарч байв. Залуусын хэлдгээр манай төрөх эмнэлгүүдийн эмч нар үнэхээр “даам гарчихсан” улс бололтой.

Гар цайлгах мөнгө өгч, авалцдаг нь ч хөг өнгөрч гэхэд эх баригч нарын увайгүй, биеэ тоосон зангаас болж, эх, хүүхдүүд сүүлийн жилүүдэд амь бие, эрүүл мэндээрээ хохирох явдал гаарчихлаа. Хариуцлага хүлээдэг тогтолцоо нь дэндүү “уян хатан” учраас төрөх эмнэлгүүдэд бугшсан идээ бээр өнөө хэр шахагдахгүй байгаа хэрэг.

Төрөхүүдийн үнэн төрхБөмбөрцөг дээр секунд тутамд 10 мянга орчим хүүхэд мэндэлдэг гэсэн тоо бий. Хөгжингүй, эсвэл хөгжил буурай орны төрөх эмнэлгүүд харилцан адилгүй учир хүүхдүүдийг өөр өөр орчин, ялгаатай нөхцөл байдал угтах нь ойлгомжтой.

Гэхдээ аль ч орны амаржих газруудын эмч нар манайхан шиг дээдсийг өргөж, ядуусыг нүд үзүүрлэдэггүй. Тэд ямар ч нөхцөлд хүнээ л боддог. Харин манайхан ингэж ажиллаж чадахгүй байгаа учраас эх, хүүхдийн эндэгдэл буурахгүй, өсөлтийн мурий “цойлоод” байгаа юм шүү дээ.

Жил бүр улсын хэмжээнд 60-80 мянган эмэгтэй амаржиж, тэр хэрээр төрөх эмнэлгүүдийн ачаалал их байгааг ойлгож байна. Гэлээ гээд солилцох хуудсаа бариад, өвдөөд очсон эмэгтэйд “Гарах гээд байхад ямар ядаргаатай юм бэ” гэж хэлдэг эмч байх уу. Бүр ажлын цагаар шүү.

“Хувийн эмнэлэгт хүүхдийнхээ зүрхний бичлэгийг хийлгээд ир” гээд загнаад хөөж явуулсан тохиолдол энэ сарын 5-нд “Өргөө” амаржих (хуучнаар I) газарт гарсан байна. 23 настай, анхны хүүхдээ төрүүлэхээр очсон А эмчийн хэлсэн хувийн эмнэлэгт 30 мянган төгрөгөөр ЭХО-д харуулчихаад буцаж явтал ус нь гарчихаж. Түүний төрөх сүүлийн хугацаа наймдугаар сарын 5. Уг нь хугацаандаа л өвдөөд очсон юм билээ.

Дүүргүүдийн жирэмсний хяналтын эмч нар төрөх хугацаа нь болсон ээжүүдэд солилцох хуудас өгдөг. Эмч нар ямар нэгэн юм шаардахгүйгээр ийм бичигтэй тулгар эхийг шууд хүлээж авах ёстой. Хэрвээ хүүхдийн байрлал буруу, эсвэл бусад шалтгаанаар хэт авиан шинжилгээ хийлгэж болох ч лав хувийн эмнэлэг рүү явуулахгүй байсан биз.

Гудамжинд ус нь гарчихсан А эмч дээрээ эргээд очтол “Хүүхэд бүтэлттэй, усанд нь бохир орсон” гээд орой нь хийсвэрт оруулсан байгаа юм. Эмчийн буруугаас болж эрүүл саруул эмэгтэй хийсвэр хагалгаа хийлгэн, хүүхэд нь амьсгалын дутагдалтай төржээ.

“Уушгины дутагдалд ч орж магадгүй” хэмээгээд хүүхдийг нь 2-3 хоног сэхээнд байлгаж, долоо хоногийн дараа буюу өнгөрсөн баасан гаригт эмнэлгээс гаргасан аж. Энэ хугацаанд эмч нар хүүхдийг сүү орлуулагчаар хооллож байсан учир эмнэлгээс гарсныхаа дараа хөхөө голчихсон тухай А-гийн эгч бидэнд ярив. Тэр ааштай эмчийг гадагшаа гарна гэх зуур эх, хүүхэд эндчих шахжээ. “Өргөө” амаржих газрынхан яасан хаширдаггүй хүмүүс вэ.

Төрөхүүдийн үнэн төрх

Бас энэ сарын 5-нд гурав дахь хүүхдээ тээж байсан 38 настай эмэгтэй цус алдаад харьяаллынхаа дагуу тус амаржих газарт очсон байна. Гэтэл “Сүхбаатар дүүргийнхэн саяхнаас “Хүрээ” (III төрөх) амаржих газарт төрдөг болсон. Тийшээ яв” гээд халгаагаагүй аж. Хүүхэд нь зулбаж байхад эмч хүн мөн л юм бол яаралтай арга хэмжээ авч болно доо. Гэтэл тэгээгүй.

Бүсгүй арайхийн III төрөхөд очтол “Нэгэнт гарчихсан юм бол одоо яах вэ дээ. Даваа гаригт ирж, амбулаториор үзүүл” гэсэн байгаа юм. Ураг зулбасны дараа яаралтай хагалгаа хийж, эхийн амийг аврах ёстойг ДЭМБ зөвлөсөн байдаг. Гэтэл “Хүрээ” амаржих газрын эмч нэртэй “жижүүрүүд” иймхэн зүйл огт мэддэггүй бололтой. Хөөрхий эмэгтэй хувийн эмнэлэг бараадсан талаар эгч нь халаглаж байсан.

Өнгөрсөн онд 60 мянга гаруй эмэгтэй жирэмсний болон төрөх явцдаа хүндрэлтэй “нүүр” тулжээ. Тэдний 54.2 хувь нь төрөхийн хүндрэлээс болоод ямар нэг хэмжээгээр эрүүл мэндээрээ хохирсон байх юм. Яг төдөн хувь нь эмч, эмнэлгийн буруугаас болсон гэсэн статистик байхгүй ч тэд их, бага хэмжээгээр “хувь нэмэр” оруулсан нь гарцаагүй.

Төрөхүүдийн үнэн төрх

Техник технологи, харилцаа холбоо сайн хөгжсөн өнөө үед 300 гаруй эмэгтэй (2015 онд) эмнэлгийн тусламж авч чадалгүй гэртээ төрсөн нь эндсэн эхийн тоог нэмэгдүүлэх хангалттай шалтгаан. Хүндрэлтэй төрсөн эх нийслэлийн амаржих газруудад хамгийн олон бүртгэгдсэнийг инфографикт харуулсан.

Хэтрүүлбэл, энэ нь эмч нар хайнга, хэнэггүй, хүнд сурталтай, тулгар ээжүүдийг “Төрөх болоогүй байна” гээд гэр рүү нь буцаадгийн “үр дүн”.

“Эмч нарын буруугаас болоод эх, хүүхэд эрүүл мэнд, амиараа хохирч болно” гэсэн заалт хуульд тусгаагүй байлтай. Гэтэл манай эрүүл мэндийн байгууллагынхан алдаа гаргасан  ч “санамсаргүй” гэсэн үгээр халхавчлан, цалингийнхаа хувиар торгуулах төдийхнөөр аргалж дөнгөдөг. Тэгвэл “санамсаргүй” үйлдсэн гэх баримтуудыг сөхье л дөө.

2010 онд нийслэлийн II төрөх (хуучнаар)-д нэгэн эх ариун цэврийн өрөөний суултуурт хүүхдээ төрүүлсэн (“Эмч ээ, би төрлөө. Туслаарай, хүүхэд минь гарлаа” гээд орилоод байхад “Байж бай. Эмч нар ирээгүй байна” гэж тээршаасаар ийм явдал болгосон), 2013 онд Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн сувилагч дөнгөж  төрсөн нярайг буцлам халуун усанд түлсэн, III амаржих газарт гурав дахь хүүхдээ хийсвэрээр төрүүлсэн Х-гийн хэвлийд хоёр метр орчим урт самбай хийгээд мартчихсан, мөн оны наймдугаар сард I амаржихад хоёр дахь хүүхдээ төрүүлсэн 25-хан настай бүсгүйн саванд бохир оруулснаар аминд нь хүрсэн, Сүхбаатар аймагт төрөхөөр эмнэлэгт хүргэгдсэн эхийн умдагных нь ясыг хугалснаас болж, алхаж, гишгэхээ больсон, I амаржихын сувилагч дөнгөж төрсөн нярайг ширээн дээрээс унагааж, магнай хэсгээр нь паар мөргүүлсэн, мөн тус амаржихад нярайлахаар очсон эхийг “Төрөх болоогүй байна” гэх шалтгаанаар гэр рүү нь буцаасны улмаас хүүхэд нь бүтэж, нас барсныг бид мартаагүй.

Төрөхүүдийн үнэн төрх

Ийм байж Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг шаардан, өдий болтол тэмцсээр байгаа нь ямар гээч эмгэнэл вэ.

Мөн 2015 оны арваннэгдүгээр сард “Өргөө” амаржихад анхны хүүхдээ төрүүлэхээр очсон эх хүүхэдтэйгээ эндчихсэн. Эмч нар “Ор байхгүй, төрөх болоогүй” гэх алдарт “мааниа” уншиж, түүнийг буцааснаар хүүхэд нь хэвлийдээ бүтэж, 27-хон настай бүсгүй хорвоог орхисон шүү дээ. Шүүхийн шинжилгээгээр эмч нарын буруугаас болсон нь батлагдсаны дараа тус эмнэлгийн удирдлагууд талийгаачийн ар гэрийнхнээс уучлалт гуйгаад энэ асуудал намжсан.

Тэгвэл 2015 оны арваннэгдүгээр сард “Амгалан” (II төрөх) амаржих газарт хүндрэлтэй төрсөн эхэд шингэн сэлбэхдээ эмч нар цусны бүлгийг нь андуурснаас амийг нь авч одох шахсан гашуун үнэн байна. Бүгдээрээ биш ч энэ мэт мэдлэггүй, шогийн зантай эмч нараас болоод хүний амийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр торгох төдийхнөөр үнэлчихэж болохгүй байх аа.

2014 онд 25, өнгөрсөн жил 21 эх эндсэн байна. Тиймээс 2015 оны арванхоёрдугаар сарын 3-нд Эрүүгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан 15.1 дэх заалтаа хэвээр үлдээгээч, гуйя. Тус заалтад “Эмч, эмнэлгийн мэргэжилтэн хүний эрүүл мэнд, аминд санаатай хохирол учруулсан тохиолдолд эмчлэх эрхийг нь 1-3 жилээр хасах, 20-80 сая төгрөгөөр торгох, эсвэл 2-8 жилийн хорих ял ногдуулна” гэжээ.

ЭХ СУРВАЛЖ”Өнөөдөр” сонин

URL:

Сэтгэгдэл бичих