Голомт банкны эдийн засагч 17 хүнээс 74 удаагийн үйлдлээр 1.4 тэрбум төгрөг залилжээ

залилан(1)2014 оноос эхэлсэн энэ хэргийг Голомт банкны Өмнөговь аймаг дахь салбарын харилцааны менежер эдийн засагчаар ажиллаж байсан Б.Ууганбаяр үйлдсэн. Хэрэг мандсаны дараа салбарт нь аудитын том шалгалт орсон агаад түүнийг тэр дор нь ажлаас халсан. Б.Ууганбаяр нь өөрийн ажлын давуу байдлаа ашиглан бусдын итгэлийг олж авч тендерийн баталгаа болгон мөнгө байршуулж, богино хугацаанд өндөр хувийн хүүтэй өсгөж өгнө гэж хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар 2014 оны 7-р сарас эхлэн нийтдээ 17 хувь хүнээс 74 удаагийн үйлдлээр 1 тэрбум 469 сая төгрөг залилсан нь санаанд багтамгүй их мөнгө юм. Тэрээр энэ мэт аргаар 20-300 сая төгрөгийг залилсан байжээ. Хэрэгтэн энэ тухайгаа “…А.Б-О-оос 80 сая, П.Б-ээс 10, Т.М-ээс 31,3, Ч.А-аас 50 сая , О.А-ээс 158 сая, Д.З-аас 65,  Н.О-ээс 130 сая төгрөг гэх мэтээр зээлж аваад өгөөгүй нь үнэн. Эдгээр хүмүүсээс зээлсэн гэрээ хийж авсан тул залилан мэхэлсэн гэж үзэхгүй байна. Мөн Ганцэцэг, Майцэцэг нар нь бусдаас бага хүүтэй мөнгө зээлж надад өндөр хүүтэйгээр зээлж дундаас нь хүүгийн ашиг авдаг байсан. Үүнийг мөн шалгуулах хүсэлтэй байна.  Майцэцэгийн хувьд 10 хоногт 15 хувийг, 15 хоногт 20 хувийн хүү тооцож хүүг нь төлдөг байсан. Ганцэцэгийн хувьд 3 хоногт 5 хувийн, 5 хоногт 7 хувийн, 7 хоногт 8 хувийн, 10 хоногт 10 хувийн хүү гэх мэт байдлаар хүүг нь тооцож өгдөг байсан.  Майцэцэгт мөнгө зээлдүүлсэн гэх Ганцэцэг нь бас худалдааны төлөөлөгчийн ажил хийж байхдаа албаны мөнгийг авч хүүлдэг байсан. Үүнийг бас шалгуулах хүсэлтэй байна. Мөнгө зээлэхдээ албаны мөнгө байгаа юм, сарын сүүлд тушаах юм. Тэр хүртэл чамд зээлүүлье гэдэг байсан” гэж мэдүүлжээ. Үүнээс үзэхэд хохирогчдын дунд “банкны хүүхэн” гэж алдаршсан Б.Ууганбаярт мөнгө зээлдүүлэн дундаас нь ашиг олдог сүлжээ хүртэл үүссэн байжээ. Зээлүүлсэн мөнгөнд нь өндөр хүү төлдөг хүүхнийг ихэнхи нь танихгүй, Голомт банкных гэхээс өөр зүйл мэддэггүй байсан гэнэ. Түүнээс гадна Б.Ууганбаяр нь албан тушаалаа ашиглан харилцагчдын дансны мэдээлллийг харж мөнгөтэй хүнийг “онилдог”  байсан гэх нөхцөл байдал тогтоогджээ. Энэ тухай  84 сая төгрөгөө өгөөд алдсан гэх  Голомт банкны харилцагч Т нь “…та дансандаа хий дэмий мөнгө байлгаж байхаар надад хүүтэй мөнгө зээлүүлэхгүй юу гэж санал хэлсэн. Ууганбаяр нь банкинд ажилладаг давуу эрхээрээ миний дансны мэдээллийг авсан юм шиг байгаа юм” гэж мэдүүлснээс харагддаг. 1.4 тэрбумын төгрөг эргэлдсэн, өндөр хүү өгдөг санхүүгийн “пирамид”-ын сүлжээ жил гаруй оршин тогтноод нуржээ. Олон хүмүүсээс асар их мөнгө зээлэн эргэлдүүлж байсан Голомтын эдийн засагчын дампуурал болон баривчлагаа нь Өмнөговь аймгийн төвдөө л сенсааци дүүрэн  явдал болсон. Энэ тухай нэгэн гэрч “…Би Майцэцэгээс юу болсон юм, яасан юм гэсэн чинь Ууганбаяр надаас 150 сая төгрөг авсан. Би хүнээс зээл авсан байсан. Тэгтэл одоо тэр хүн нь надаас нэхээд байна гэсэн утгатай зүйл ярьсан. Тэгэхээр нь би уурлаад юу мөнгө юм бэ гэсэн чинь чамд хамаагүй би өөрөө мэдэж байгаа гэсэн. Тэгэхээр нь би Майцэцэгээс дахиад юу болоод байгаа юм бэ гэсэн чинь мөнгө л авсан гэснээс өөр зүйл хэлээгүй. Тэр үед Ууганбаяр уйлаад эхэлсэн. Тэгсэн чинь Ганцэцэг, Аптанчимэг, Заяасүрэн нар Ууганбаяртай юм яриад ирье гэж хэлээд Ууганбаярыг машинд суулгаад аваад явсан… Ууганбаяр нь уйлчихсан хацар нь хөхөрчихсөн байдалтай хоорондоо мөнгө төгрөг яриад хэрүүл хийгээд байж байсан…би нүүрээ яасан гэсэн чинь уйлаад дугарахгүй байсан…хажуунаас Ганцэцэг нь Майцэцэг зодсон гэсэн… тэдний нарын нэг нь тал руу салхинд гаръя тэгвэл жаахан тайвшраад юм хэлж магадгүй гээд мод үржүүлэхийн хойшоо Алтанчимэг, Майцэцэг, Ганчимэг, Заяа эгч, Ууганбаяр бид нар гарсан… удалгүй Ууганбаярыг хорьчихсон” гэжээ. 1.4 тэрбумын хэргээс болж Гололмтын салбарын хоёр ч ажилтан ажлаасаа халагдаж нэг гэр бүл салж хэд хэдэн хүн хашаа байшин, байраа зарж өөр хоорондын өр төлбөрөө даржээ. Бүр Б.Ууганбаярыг баригддаг өдөр нь хүртэл хамт ажилладаг эмэгтэй нь ахынхаа 35 сая төгрөгийг өгөөд алдсан аж. \үргэлжлэл бий\

NUUTS.mn

URL:

Сэтгэгдэл бичих