Паспортаар нь барьцаалах шалтгааны цаана…

524csfncsmm3tciohu4mhh6pp6_bГадаад паспорт яаралтай гаргах үйлчилгээг долдугаар сарын 25-наас зогсоосон. Үүнээс болж оюутан залуус, бизнес эрхлэгчид, яаралтай эмчлүүлэх шаардлагатай өвчтөнүүд гээд алба, амины ажлаа амжуулах гэсэн олон хүн хилийн дээс алхахад хүндрэл үүсээд байна.

Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар (УБОӨЕГ) гадаад паспорт захиалахаар очсон хүмүүст хоёр долоо хоногийн дараа дахин ирж, паспорт захиалах цаг өгч бүртгэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, яаралтайгаар паспорт авахаар очсон хүмүүс тухайн өдөртөө бус хэд хоногийн дараа захиалах дугаар авч буй гэсэн үг.

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт энэ сарын 4-нд УБОӨЕГ-т очин үйл ажиллагаатай нь танилцахдаа “Гадаад паспорт хэвлэх нөөц харьцангуй багассан. Удахгүй хэвийн байдалд шилжин ажиллах юм байна” гэж ярьсан.

Гэвч үүнээс хойш 10 гаруй хоног өнгөрсөн ч УБОӨЕГ-ын үйл ажиллагаа хэвийн болох нь бүү хэл, хэрүүл маргааны цэг болжээ.

Гадаад паспорт захиалах гэсэн хүмүүсийн хөлд дарагдан, ачаалал ихтэй ажиллаж буй тус төвд өнгөрөгч пүрэв гаригт очин, нөхцөл байдлын талаар сурвалжилсан юм. УБОӨЕГ-ын үйлчилгээний I байрны хоёрдугаар давхарт гадаад паспорт захиалах гэсэн хүмүүс дүүрэн байлаа.

“Шөнөжингөө машинтай явсаар 08.00 цагт ирсэн хэдий ч 570 дахь дугаар таарлаа. Бид гэр бүлээрээ Бээжин явах гэж байгаа юм. Тэгээд охиндоо гадаад паспорт авахаар иртэл 15 хоногийн дараа захиалах цаг өглөө. Өмнө нь яаралтайгаар гаргаад өгчихдөг байсан учраас Хэнтий аймгаас зорьж ирсэн. Одоо яагаад захиалга авахгүй байгааг ойлгохгүй юм. Охиноо орхиод явалтай биш. Хүлээнэ гэхээр төлөвлөсөн ажил нурах гээд байдаг. Хэнд хандахаа мэдэхгүй байна” гэсэн бол өөр нэг охин “Есдүгээр сарын 1 гэхэд сургуульдаа очих ёстой. Гэтэл паспорт маань есдүгээр сарын 6-нд гарна гэнэ. Дундговь аймаг руугаа буцаад явах уу, хүлээх үү гэсэн асуудалтай тулгарчихлаа” гэлээ.

Шинэхэн улаан паспортаа аваад гарч буй нэг эмэгтэйтэй таарч хэзээ захиалгаа өгсөн талаар лавлахад “Долдугаар сарын 26-ны 04.00 цагт УБОӨЕГ-т ирж, дугаарласан. Өглөө 08.30-д ажилтнууд нь ирж дугаар тараахад 150 орчим хүний дараа миний нэр бичигдсэн. Уг нь миний урд 80 орчим л хүн зогсож байсан юм. Арын хаалгаар хүн нэмээд бичдэг юм уу, ямар учиртайг нь ойлгоогүй. Би АНУ руу яаралтай явах ажилтай байсан ч паспорт маань өнөөдөр л гарлаа” гэж Сүхбаатар дүүргийн XVI хороонд амьдардаг тэрбээр хэлсэн юм.

Энэ мэт улаан паспортаа авч чадахгүй гацсан олон хүн хэнд хандахаа мэдэхгүй дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гээч л болоод байна. Тиймээс бид УБОӨЕГ-ын Иргэний бүртгэлийн газрын дарга Д.Энхцэцэгтэй уулзан, ийм байдал юунаас болж үүссэн, хэзээ хэвийн болох талаар асуухад “Иргэдийн гадаадад зорчих, аялах тоо 2015, 2016 онд өмнөх жилүүдийнхээс эрс өссөн. Өмнөх таван жилд 120-130 мянган иргэн гадаадад зорчихоор паспорт захиалдаг байсан.

Гэтэл энэ оны долдугаар сарын байдлаар 122 мянган иргэнд гадаад паспорт олгоод байна. Энэ нь бүтэн жилд олгодог паспортаа эхний долоон сард өгчихсөн гэсэн үг. Долдугаар сарын 11-нээс өмнө 1000-1500 иргэн гадаад паспорт захиалсныг гүйцээн олгож байна. Өнөөдөр (наймдугаар сарын 11) ирсэн хүмүүст наймдугаар сарын 26-ны дугаар олгож байгаа. Бүтэн жилийн бэлдцийн нөөц дууссан учраас Германаас захиалсан. Бэлдцээ дор хаяж хоёр сарын өмнө захиалдаг” гэлээ.

Гэтэл Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав 2016 оны долдугаар сарын 1-нд ХБНГУ-ын “Гизэкэ Девирент” компаниас 160 мянган бэлдэц захиалах эрхийг хуучнаар УБЕГ, ГХЯ-д олгосон байдаг. Харин тус газрынхан долдугаар сарын 5, 6-нд Германд очиж, гэрээ хийж, бэлдцээ захиалсан. Энэ нь цаг хугацааны хувьд маш тулгуу хандсан гэсэн үг. Тиймээс тус улсаас эхний ээлжинд буюу наймдугаар сарын

8-нд 4500 бэлдэц л манай улсад нийлүүлжээ. Үлдсэн нь хэзээ ирэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Өмнө нь манай улс “Гизэкэ Девирент” компани руу 5-6 сарын өмнө бэлдэц авах захиалгаа өгдөг байсан бөгөөд ямар нэг асуудал гарч байгаагүй аж. Ирсэн бэлэн бэлдцийг “Титан-интернэшнл” ХХК “жинхэнэ” паспорт болгон иргэдэд хүргэж буй.

Өдөрт 500-1200 паспорт гаргах хүчин чадалтай тус үйлдвэр одоогийн байдлаар ердөө 60-300-г л хэвлэж буйгаа хэлсэн. Гэтэл гадаад паспорт авах гэсэн хүмүүс өдөрт 1000-аараа УОӨБЕГ-т дугаарлаж байх юм. Эрэлт ийм их байхад нийлүүлэлтээ хангахгүй, иргэдийг чирэгдүүлж, төрийн үйлчилгээг саатуулж байгаагийн цаад шалтгаан юу вэ.

2015 оны өдий үед ч гадаад руу зорчих монголчуудын урсгал их байсныг УБЕГ-ын удирдлагууд хэлдэг. Энэ жил ч мөн тийм байдал үүсэх нь ойлгомжтой атал бэлдцээ яагаад эрт захиалж болсонгүй вэ. “Сонгуультай жил байлаа. Манай бүртгэлийн байгууллагын ажилтнууд сонгогчдын нэрсийн жагсаалт гарган, 29-нд бүрэн бүрэлдэхүүнээрээ ажилласан. Бэлдэц захиалах мөнгөний асуудал ч гарсан” гэж Д.Энхцэцэг дарга ярьсан.

Сонгуулиас болоод ажил цалгарддаг, ард иргэд хохирдог сонгодог жишээ энэ байлтай. Нөгөөтэйгүүр манай улсад бичиг баримт шинэчлэх нэрээр үйл ажиллагаагаа хэвийн явуулж буй нэг компанийг нөгөөгөөр нь шахан гаргуулдаг жишиг тогтсон гэхэд хилсдэхгүй. Нэг хэсэг жолооны үнэмлэх шинэчлэх асуудал нэлээд хэл ам дагуулж, бэлдэц нь тасарсныг уншигчид санаж байгаа болов уу.

Хуучин шар үнэмлэхийг энэ ондоо багтан сольж дуусгах шаардлага тавиад буй. Иргэний үнэмлэхийг “ухаалаг” болгосны гавьяа ч одоо хэр гараагүй л байна шүү дээ. Хурууны хээгээр бүх л мэдээллийг нь харах боломжтой тул цахим үнэмлэхээ биедээ авч явах шаардлагагүй гэсэн нь үлгэр болсон. Үүн дээр нэмээд Монгол Улсын Е серийн буюу энгийн гадаад паспортыг чиптэй болгон шинэчлэхээр ярьж эхэлсэн билээ. 2011 онд манай улс дипломат, албан паспортыг чиптэй болгосон.

“Одоогоор энгийн паспортыг цахим болгох шаардлага байхгүй, манай иргэдийн одоо ашиглаж буй улаан паспорт INFACIO технологиор үйлдвэрлэсэн, Олон улсын иргэний агаарын нисэхийн байгууллага (ICAO)-ын ISO DOC-9303 стандартын дагуу хийгддэг учраас чиптэй дүйцэх хэмжээний нууцлалтай” гэж мэргэжлийн хүмүүс нь хэлдэг юм билээ. Энэ тухай манай сонин өмнө нь нийтэлж байсныг уншигчид санаж буй биз ээ.

ГХЯ-ны Консулын газрын захирал Б.Болд “Арабын нэгдсэн Эмират улсын Гадаад хэргийн яамнаас тухайн улсын виз мэдүүлж байгаа болон улсад нь нэвтрэхээр төлөвлөж буй бүх иргэн цахим паспорттай байхыг шаардаж буйгаа 2015 оны сүүлчээр бидэнд мэдэгдэж, ноот ирүүлсэн. Ийм шаардлага албан ёсоор мэдүүлсэн өөр улс одоогоор байхгүй” гэсэн байдаг. Тэгвэл энгийн паспортыг цахимжуулах нь хэнд ашигтай вэ гэсэн хардлага яалт ч үгүй төрөөд байгаа юм. Иргэдийнхээ бичиг баримтаар оролдож суухаас өөр хийх ажил төр, засгийн удирдлагуудад баймаар л санагдана.

Гадаад паспорт хэвлэх ажилд Унгарын нэг компани “хошуу дүрээд” эхэлжээ. ХБНГУ-ын “Гизэкэ Девирент” компани манай улсын гадаад паспортын бэлдэц нэг бүрийг 2.54 еврогоор үйлдвэрлэдэг байхад Унгарын компани 10.15 еврогоор үйлдвэрлэх сураг дуулдаж буй. Үнийн зөрүү болох 915.000 евро буюу 2.3 тэрбум төгрөгийг (Германы талд төлж байгаагаас гурав дахин их мөнгө) Унгарын компанид жил бүр төлж байх тооцоо гарч байна.

Үүгээр зогсохгүй Унгарын компанитай хамтарч буй “Мигасон” компани нэг паспорт хэвлэхэд 5.6 евро буюу 14.000 төгрөг зарцуулах тухай мэдэгдсэн бол одоо үйлдвэрлэл явуулж буй “Титан-интернэшнл” ХХК нэг бүрийг нь 3.48 евро буюу 8700 төгрөгөөр гаргаж байгаа юм. Үнийн зөрүү болох 5300 төгрөгийг та бид халааcнаасаа гаргана гэсэн үг.

Талхны мөнгөө яая гэж буй иргэдээ ингэж “дээрэмдэх” сонирхол төрд байгаа нь харамсалтай. Илүү чанартай бол нүдээ аниад өнгөрч болох ч тийм биш. Унгарын компани нь гадаадын аль ч улсын паспорт экспортолж байсан туршлагагүй төдийгүй, IN­FACIO технологийг ч нэвтрүүлээгүй аж. Тэгсэн хэрнээ манайхтай хийх гэрээ нь “DAP Берлин” (даатгал, баталгаагүй буюу нийлүүлэх үеийн эрсдэлийг бүрэн хариуцахгүй) гэсэн нөхцөлтэй гэнэ.

УБОӨЕГ-аас “CIP Улаанбаатар” (даатгал, баталгаатай буюу үйлдвэрлэхээс эхлээд бүх эрсдэлийг хариуцна) болгох санал тавихад паспорт бүрийн үнэ дээр 1.1 евро нэмэхийг шаардсан аж. Манай улсад гадаад паспортын бэлдэц нийлүүлж буй, дэлхийд алдартай “Гизэкэ Девирент” компани “CIP Улаанбаатар” нөхцөлтэйгөөр ажиллаж буйг онцолъё.

Үйл ажиллагаа нь хэвийн явагдаж буй аль нэг албан байгууллагыг ялихгүй асуудлаар “барьцаалж” эрх мэдлээр далайлган, доголдолд оруулах гэж улайрдаг хэн нэгний шуналаас болж иргэд хохирдог олон жишээний нэг нь энэ бололтой.

Цаг хугацаа алдахаас эхлээд эрүүл мэндээрээ ч дэнчин тавьж буй иргэдийн хохиролтой холбоотой хариуцлагыг хэн хүлээж, хэрхэн барагдуулах ёстой вэ. Гадаад паспорт яаралтай гаргах үйлчилгээг яаралтай шийдвэрлэхгүй бол ядарсан иргэд хүлээж тэвчихгүй болсныг мэргэжлийн гэх тодотголтой Засгийн газар анхааралдаа авна уу.


URL:

Нэр: Цой Огноо: 16 August 2016

Мэргэжэлийн гэдгийг нь ажилдаа дадлага туршлагатай тухайн мэргэжилээр их дээд сургууль тегссен хун байх юм байна гэж ойлгож байтал харин эсэргээрээ мэргэшсэн хулгайчдын засгийн газар гэж ойлгох болж байх шиг байна тиймуу МАН-хаан. Ингээд новш оргиод байдаг шуу эд. Дэлхий дээр хамгийн нууцлалтай унэмлэхтэй улсаараа Моррока гэж уншсан юм байна. Та нар битгий менге хийх гээд елен нудлээд байгаарай МАН-хаан

Сэтгэгдэл бичих