Зам дээр бүхэл өдөржин гацна

Машинтай  хэн нэгэн нь гол  зам руу орох гээд зог­­сож байв. Түүний араас мөн л хэн нэгэн нь машинаа ухас ухас хийл­гэн  гол  зам руу орохоор тэ­мүүлнэ. Гол  замаар машинууд  хурдны за­маар яваа мэт салхи шуу­гиу­лан  давхилдана. Эх­ний машин зам руу хам­раа шургуулах  санаатай  оролдовч  түүнийг пуужин мэт довтолгох  машинууд хамж явчих гээд  хэцүү.

Энэ үед арын тэрэг бай­даг чадлаараа сиг­наа­лаа орилуулан эхний  тэр­­гийг зам руу шахан  тэв­дүүлнэ. Тэгээд зог­сох­гүй жолооч нь  бү­хээг­нээ­сээ цээжээ цухуйлган “Ма­лаа наад ямбийгаа аваад зайлаач” хэмээн байдаг чадлаараа бахирах аж. Эхний тэрэгний жолооч бүсгүй сандран  мэгдэж “дүүрсэн хэрэг” гэж бодов уу гол зам руу год хийн орж явчихлаа. Тормож чих­­ран, сигнал хадан арай л мөргөлдчихсөнгүй хө­дөлгөөн цааш үр­гэлж­лэв. Нөгөө араас нь хаш­ги­ран зүхэж байсан эр  шууд орох зүрх нь  хүр­сэн­гүй бололтой дохио­гоо өгөн гол замын ха­жууд мөн л зогсов.  Хэрвээ тэр эр шууд орж явчихсан бол гарцаа байхгүй хар хурдаараа ирж яваа том тэргэнд хамуулах бай­лаа. Түүний араас бас дахиад л сигнаал хан­ги­наж хэн нэгэн нь “наад ямбийгаа” хэмээн бахирч байгаа нь дуулдах аж. Гол замаар яваа хэн нь ч нөгөө эрд  зам тавьж өгөхийг үл бодно. Яагаад гэвэл төв замаар довтол­гогч жолоочид  бас хэн  ч зам тавьж өгсөн удаа байх­­­­­­гүй билээ.

Бүгд яаруу чухал ажилтай, юун зам тавихтай манатай. Жаа­хан л сэрэмж алдвал түү­ний урдуур хэн нэгэн тас дайран орж  утаагаараа булах учир тэд амь өрсөх тулаан хийж байгаа мэт зам дээр алалдана. Тэд хажуугаараа яваа бусад жолооч нарыг өстөн мэт ад үзнэ. Энэ бүхний үр дүнд зам дээр гацан бүтэн өдөржин зүхлээ бар­саар өнжинө.

Ж.САНДАГДОРЖ

udriinsonin


URL:

Сэтгэгдэл бичих