Алуурчид уу, дамлагчид уу!

201309insider-threats-how-to-protect-againstЭрдэнэс Тавантолгой”-н  нэгж хувьцааны нэрлэсэн үнийн асуудал хийгээд  компанийн хувьцаа олон улсын бирж дээр гарч, үнэд хүрч чадах уу,  үнэд хүрлээ гэхэд Монголчуудад үнэхээр ашиг нь ирэх үү гэдэг асуудлаар  эдийн засагчдын байр суурь янз бүр байсаар өдийг хүрч байгаа. Ер нь бол тус компанийн хувьцааны тодорхой хувийг гадаад дотоодын бирж дээр зарж мөнгө босгоно гэсэн засгийн бодлого эхнээсээ алдаа дутагдаж олон байна гэх шүүмжийг дагуулж ирсээн. Тухайлбал,  эдийн засагч Н.Дашзэвэг  “Дотоод мэдээллийн /инсайдерын/ хууль байхгүй учраас гадны хөрөнгө оруулалтын банкууд мэдээллийг  дамлан зарна, бас хувьцааны үнийг их хямд үнэлэх болно” гэж байв. Энэ нь тухайн үед  Голдман Сакс, Дойче зэрэг банкуудыг хэлээд байсан хэрэг л дээ.

Уг нь  15 сая ширхэг хувьцааны тодорхой хувийг  Монгол, Лондон, Хонконгийн Хөрөнгийн биржид гурвалсан аргаар бүртгүүлэхээр, хувьцаа арилжаалах компанийг Их Британид бүртгэлтэй байлгахаар засгаас эхэлж шийдвэрлэсэн нь Дойче,  Голдман Сакс, БиЭнПи Париба,  Маквэари  банкуудын үнэт зөвлөгөөнүү байсныг эргэн сануулъя. Түүнчлэн цаашид IPO  хийгдлээ гэхэд ч гадныхны үнэт зөвлөгөөг бид авч таарна. Тэрчлэн insider гэж чухам юуг хэлээд байгаа талаар Голдман Сакс, Дойче банкуудын үйл ажиллагаатай холбоотойгоор мэдээллийг сануулан хүргэе.

Найман оны арваннэгдүгээр  сард буюу дэлхийн санхүүгийн хямрал эхэлсэнийг улс орнууд албан ёсоор хүлээн зөвшөөрсөнөөс нэг сарын дараа хойд хөршийн төрийн тэргүүн Д.Медведев дэргэдээ тусгай зөвлөл байгуулсан нь, хямралыг газар авахуулахгүй байхад чиглэхээс гадна зохиомол дампуурал өдөөхөөс, мөнгө угаахаас сэргийлэх, инсайдерын мэдээлэлд хяналт тавихад чиглэсэн үйл ажиллагааг явуулах зорилготой байсан.  Инсайдерын мэдээлэл гэдэг нь анхаарал хандуулах зайлшгүй шаардлагатай асуудал гэдэг нь эндээс  харагдаж буй биз. Тэрчлэн  инсайдер гэж яг юуг хэлээд байгааг тодорхой болгох үүднээс  Судлаач Д.Ганхуяг эрхмийн хэлсэнээс иш татан хүргэчихье.

“insider гэдэг нь нийтэд ил биш, мэдээлэл авах боломжтой ямар нэг бүлгийн гишүүнийг хэлдэг. Инсайдерийн мэдээлэл гэвэл зөвхөн энэ бүлэгт байх мэдээлэл, инсайдерийн худалдаа гэвэл нөгөө нөхөр өөрийнхөө бүлэгт хэлэлгүй мэдээллээ худалдаж ашиг олно гэсэн үг л дээ. Инсайдерийн худалдааг дотоод нууц мэдээллээ ажил хэрэгч хүмүүс, томоохон хувь нийлүүлэгч, компанийн захирлууд голдуу хийх бөгөөд мэдээж хэрэг хууль бус байна” гэсэн  байдаг.

Тэгвэл дэлхийд данслагдсан их нөөцтэй ордоор барьцаалан олон улсын бирж дээр IPO хийх гэж буй Эрдэнэс Тавантолгой компанид зөвлөж ирсэн Дойче, Голдман Сакс банкууд ийм хууль бус худалдаатай нэр ус нь  холбогдчихсон. Ер нь л болж бүтэхгүй олон мэдээнд нэрс нь хоршиж явна.  АНУ-ын Холбооны шүүхэд дуудагдсан   17 банкны хоёр нь  энэ хоёр банк.

Моргейжийн  зээлийн залилагч гэх муу нэртэй  Голдман Сакс банкны тухайд саар мэдээлэл цөөнгүй. Голдман Саксыг  2008 оны хямралын буруутан гэж ид чичилж байхад өмөөрч байсан тэрбумтны мэдээллийг тус банк дамласан байдаг. “Berkshire Hathaway”-ын тэргүүн хөрөнгө оруулагч тэрбумтан Warren Buffet  “дэлхийн эдийн засгийн хямралын буруутан  нь “Голдман сакс” биш   манай улс бүхэлдээ хямралд орсон. Тиймээс тогтолцоог  нь шүүмжлэх хэрэгтэй” хэмээж байлаа. Гэтэл Warren Buffet  “Голдман сакс”-д хулхидуулчихсан.  Warren Buffet –ийн 5.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын талаарх мэдээлэл тус банкнаас алдагдсан бөгөөд инсайдерийн худалдаа эрхэлсэн буруутнаар  банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн асан Ражат Гапта тодорсон.  Тэрбээр “Галлоен” группийн  тэрбумтан Ража Ражаратнамд орлогын нууц мэдээлэл дамжуулсан бөгөөд тэнд нь “Procter & Gamble” компанийн талаарх  мэдээлэл байсан гэгддэг. Голдман Саксын тэргүүн  Лойд Бланкфейн түүний эсрэг мэдүүлгийг шүүхийн танхимд өгсөн нь банкныхаа нэр хүндийг бүрэн унагахаас болгоомжилсон алхам байв уу хэмээн  ажиглагчид харж байсан билээ.

Ийм маягаар яригдаж ирсэн тус банк чанаргүй зээлүүдэд санаатайгаар баталгаа гарган Америкийн банк, санхүүгийн салбарт дампуурлыг авчирж 2008 оны хямралыг дуудсан гэгдэн  улсынхаа Үнэт цаас, арилжааны хороонд  буруутгагдаад зогсохгүй  Санхүүгийн зохицуулах хороо нь тус банкны эсрэг эрүүгийн хэрэг үүсгэж байсан.  Түүгээр зогсохгүй Валют арилжааны будилаантай тогтолцоог ашиглан  Грекийн өрийн хэмжээг нэмэгдүүлсэн гэгдэн Дойче банктай зэрэгцэн одоо Европын өрийн хямралд ч буруутгагдаж байгаа юм.

Дойче банкны тухайд  Өмнөд Солонгосын хөрөнгийн захаас  40.5 сая ам.долларыг хууль бусаар хууль бусаар шамшигдуулах гэж оролдсон хэмээн буруутгагдаад зогсохгүй  дотоод мэдээллээ “insider-уудаар дамжуулан алдахаас илүүтэй,  өөрийн ажилтнууддаа бусад банкны мэдээллүүдийг хулгайлах чиглэлийг өгдөг гэгддэг. Тодруулбал, тэгж тагнуулын аргаар олж авсан мэдээлэл нь тус банкинд  ашигтай хөрөнгө оруулалтын гэрээнүүдийг үзэглэх боломжуудыг олгож ирсэн талаар Америкийн хэвлэлүүдэд бичиж ирсэн. Гэхдээ хөрөнгө оруулахад хамгийн тохиромжтой бүс нутгийн судалгаа гэхчлэн  нууц мэдээллүүдийг  Дойче банкны ажилтнууд өөрсдөө инсайдерийн худалдаа хийн дамласан хэрэг 2000 оноос хойш гурван удаа гарч байсан гэгддэг. Зөвхөн Дойче банк бус Германы бусад банкуудын ард улсын эрх ашигт ашигтай  нууц мэдээллийн  баазыг өргөжүүлэх зорилготой тусгай алба тагнуулын шугамаар ажиллагаа гүйцэтгэж байдаг гэх.  Тэрчлэн Европ дахиныг нэрвээд байгаа өрийн хямралтай холбоотойгоор “Дойче банк”-ийг Грекийн өрийн   хэмжээг үнэн зөвөөр мэдээлэхээс татгалзсан гэсэн үндэслэлээр буруутгаж  байгаа нь анхаарал татсан асуудал.

Өөрийн улсын төр засагтаа тустай хөрөнгө оруулалтуудыг хийдэг банк Европыг хорлосон үндэслэлээр шалгагдаж байгаа нь холбооны гол улс Германы бодлого байх магадлал мэдээж өндөр. Хэдийгээр дэлхийн эдийн засаг 147 аварга корпорацийн мэдэлд байна гэсэн судалгааг хийсэн Щвейцарийн эрдэмтэд, корпорациудад  улстөрийн эрх мэдэл байхгүй гэсэн дүгнэлтийг бас хийсэн ч, энэ нь  хамгийн зөв дүгнэлт биш. Ерөөс улс орнуудын Засгийн газар,  корпораци,  үндэстэн дамнасан байгууллагууд өөр хоорондоо нягт уялдаатай байдаг гэдэг нь эдийн засгийн хөлсний алуурчин байсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн Жон Перкинсийн Хитмений өчил номонд гардаг билээ.

Тэр үүднээс нь   харвал эхэнд өгүүлсэн инсайдерийн худалдаа гэдэг ойлголтоос бүр илүү ноцтой зүйл яригдах ёстой болно. Зөвхөн хоёр корпорацийн хооронд мэдээлэл дамлагдах төдийхөн бус. Ихээхэн том асуудал гарч ирнэ. Монголын Засгийн газарт үнэтэй зөвлөгөө өгч байгаа банкуудтай холбоотой чимэггүй мэдээ  эрхгүй болгоомжлолыг дагуулж байгаа учраас энэ талаар өгүүлж байгаа юм.

Тэрчлэн Жон Перкинсийн “Хитмений өчил” номыг охин Г.Ундралын хамт орчуулсан А.Ганбаатар эрхэм  “…Хитменүүдийг хэзээ ч Америкийн төрийн ямар нэгэн байгууллага, тухайлбал Үндэсний аюулгүй байдлын зөвлөл /NSC/, эсвэл Тагнуулын төв байгууллага /CIA/ өөрийн нэрэн доор ажиллуулдаггүй. Харин тэд сонголтыг нь хийж, бэлтгэж, дараа нь тэд өөрсдийн эрхшээл доорхи хувийн консалтингийн компани юм уу, аль эсвэл аль нэгэн банк, санхүүгийн ба төрийн бус байгууллагад шилжүүлэн ажиллуулдаг болохыг Перкинсийн амьд түүх гэрчилнэ. Тэдний үйл ажиллагааны эцсийн үр дүнд тухайн улсын авлигад автсан цөөхөн гэр бүл хагартлаа баяжиж, харин тэр улсын ард түмэн модоо барин үгүйрэл хоосрол, ажилгүйдэл, ядуурлын намагт улам гүн шигддэг ажээ. Хэрэг бишдвэл хувийн компани, сайн дурын байгууллага л буруутахаас, хэргийн эзэн жинхэнэ захиалагч цаад эзэд нэр цэвэр сугарч үлддэг бүхэл бүтэн систем ажээ” хэмээн өгүүлсэн байдаг.

Харин номын зохиогч Жон Перкинс “…корпораци, банкууд болон засгийн газар /корпоратократ/ дэлхийн глобал их гүрэн байгуулах зорилгодоо хүрэхийн тулд санхүүгийн болон улстөрийн хүчээ боловсрол, бизнес, радио телевизийн зүг хандуулдаг. Эдгээр нь худал хуурмаг аюултай үзэл бодлынх нь давуу байдлыг бататгаж өгөх зэвсэг нь болдог. Энэ нь дэлхийн соёл иргэншлийг байнга нэмэлт шатахуун, баялаг шаардаж байдаг глобальчлалын аварга машин болгон хувиргаж эцэст нь энэ машин нь бүхнийг, биднийг өөрсдийг нь ч хүртэл залгих болно.

Корпорацчилал бол хуйвалдаан биш юм, гэхдээ түүний гишүүд нь нэгдмэл хүсэл зорилготой. Түүний нэг гол зорилго нь системийг тасралтгүй шинэчилж, хүчирхэгжүүлэх явдал юм.,, Энэ системийг хөдөлгөж байгаагийн ачаар надтай ижил төрлийн хүмүүс зүйрлэшгүй орлоготой байдаг байв. Хэрэв бид төлөвлөгөөгөө биелүүлж чадахгүй бол бидний араас шакалууд орно. Тэд бол биднээс илүү муу үйлийн бохир ажлын мэргэжилтнүүд юм. Хэрэв тэд бас дийлэхгүй бол цэрэг дайны ажиллагаа болон хувирна…” гэж өгүүлжээ.  Мөн тэрбээр эдийн засгийн алуурчид янз бүрийн нууц нэрээр Монсанто, Женерал Электрик, Наик, Женерал Моторс, Уолл Март болон дэлхийн хэмжээний том том корпорациудын байранд холхиж байгааг, мөн дэлхийн газрын баялгийг сорж авахаар, боолчлолыг хадгалж үлдэхээр програмчлагдсан эдийн засгийн аварга машиныг хэрхэн ашиглаж байгааг хангалттай олон хүн ойлгож чадах юм бол энэ систем хүлээн зөвшөөрөгдөж чадахаа болино… хэмээн өгүүлсэн байдаг. Мөн Америкийн нэр хүндтэй корпорациуд азийн улсууд дахь эрчимжүүлсэн ашиглалттай үйлдвэрүүдийгөөрийн мэдэлд авч, нутгийн иргэд нь бага цалинтай хүчир хүчир ажилд зүтгэдэг талаар ч өгүүлсэн байгаа юм.

Тэгэхээр манай тухайд энэ мэт сэрэмжлүүлгийг авч чадах хэмжээний цаг үед орд газруудаа эргэлтэд оруулах гэж байгаа нь нэг талаас давуу тал. Манайд хэрэгжих гэж буй бүхий л төсөл хөтөлбөрүүдэд засгийнхаа сонирхлыг тээсэн томоохон банкууд, компаниуд орж ирж байгааг үгүйсгэх аргагүй юм. Улмаар Оюутолгой нь ч, Тавантолгой нь ч урьдчилгаа төлбөр нэртэй их өрийг ирээдүйн Монголчуудад үлдээж байгаа талаар яригддаг ч улстөрчдөд тэр нь сонин биш янзтай. Тэрчлэн Оюутолгойн хөрөнгийн оруулалтын гэрээнд зөвлөхөөр ажиллан Монголын талд 34 хувийг зөвлөсөн Голдман сакс банк Тавантолгой дээр дахин  зөвлөхөөр орж ирсэн байдаг нь анхаарал татах шалтгаануудын нэг байсан билээ.

Эх сурвалж: Э.Болор, Шуурхай.мн


URL:

Сэтгэгдэл бичих