Төрийг дампууруулсан 30 саяын цалин

at259di5a0b5gpljfqcl8frelМонголд хамгийн өндөр цалинг хэн авдаг вэ? Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүд үү. Эсвэл бүхний өмнө цалингаа ил яриулж, муугаар хэлүүлдэг шүүгч үү. Хариулт нь, тэд биш. Тэдний цалингийн хэмжээ хоёр, гурван сая төгрөгөөр л тоологдоно. Сарын 250 мянган төгрөгөөр хөдөлмөрөө үнэлүүлж байгаа хүний хажууд бол тэдний цалин өндөр. Гэхдээ тэднээс өндөр цалин, хангамж авч, төрийн хөрөнгөөр тансаглаж суудаг хүмүүс байна. Үүнийг Засгийн газрын шийдвэрээс харж болно. Засгийн газрын энэ долоо хоногийн хуралдаанаас төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал болон бусад удирдлагын нэг сарын цалин хөлс нь

5-10 сая төгрөг бол 30 хувь

10-30 сая төгрөг бол 50 хувь

30 сая  төгрөгнөөс дээш бол 60 хувь бууруулах шийдвэрийг гаргав.

Өөрөөр хэлбэл, Монголд 30, 40 сая төгрөгийн цалин авдаг албан тушаалтан бий гэсэн үг. Цалингаасаа илүүчилж, сар бүр 300 мянган төгрөг төлдөг, өдрийн бодол, шөнийн зүүд болсон 25 жилийн хугацаатай байрны зээлийг маань нэг сарын хугацаанд цалин хэмээн авдаг албан тушаалтнууд цөөн биш байх нь.

“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч захирал сарын 10 мянган еврогийн цалин авдаг гэдгийг мэдээллийн хэрэгслүүд мэдээлэв. Мөн нэмж улирал тутам 60 мянган еврогийн урамшуулал авдаг тухай мэдээлжээ. Тэгэхээр тухайн албан тушаалтан сард 30 орчим сая төгрөгийн цалин авдаг гэсэн үг. Таны таван жилийн цалин, миний 25 жилийн хугацаатай байрны зээл. Хэдэн сарын өмнө Эрдэнэс Тавантолгойн удирдах албан тушаалтнуудын цалин ил болж, олны нүдийг орой дээр нь гаргаж байсан. Талхны мөнгөнийхөө төлөө үхэн хатан зүтгэж байгаа нийгмийн олонход Эрдэнэс Тавантолгой компанийн гүйцэтгэх захирлын сарын 12 сая төгрөгийн цалин “аймаар” харагдах нь мэдээж. Харин одоо “Эрдэнэт” үйлдвэрийн орлогчийн 30 сая төгрөгийн цалин биднийг ухаан алдуулах дөхлөө.

Сангийн сайд Б.Чойжилсүрэн Монгол Улсын нийгэм, эдийн засгийн талаар мэдээлэл хийхдээ эхний долоон сарын байдлаар төсвийн алдагдал 2 их наяд төгрөгт хүрээд буйг дуулгасан. Төсвийн хуулинд зааснаар алдагдал ДНБ-ий 4 хувиас буюу 974.9 тэрбум төгрөгөөс хэтэрч болохгүй ч энэ хэмжээг аль хэдийнэ даваад явчихсан. Ямар нэг арга хэмжээ авахгүй л бол төсвийн алдагдал орлоготой дүйцэх хэмжээнд хүрч, дампуурсан гэдгээ ард түмэндээ дуулгахаас өөр замгүй гэв. Гэтэл тэр орлого нь мөн л 1.8 их наяд төгрөгийн тасралттай. Жил ирэх тусам төсвийн алдагдал нэмэгдэж, их наядаар тоологдох болсны нэг шалтгаан нь татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй, үрэлгэн зарлагадаж байгаатай шууд холбоотой хэмээн тодорхойлжээ. Энэ үрэлгэн зарлагад сарын 30, 40 сая төгрөгийн цалин авч байгаа албан тушаалтнууд багтаж байгааг надаар хэлүүлэх юун. Цалинжуулж байгаа нэрээр нэг хүнд сарын 30, 40 сая төгрөг өгчихөөд дампуурлаа зарлахдаа тулж буй төрийг, ийм шийдвэр гаргасан хүмүүсийг өрөвдсөндөө хэлэх ч үг алга.

Сарын 20, 30 сая төгрөгийн цалин авдаг албан тушаалтнуудыг олонд ил болгох хэрэгтэй. Тэд ямар албан тушаал хашиж, юу хийж бүтээдэг болохоороо хэдэн арван саяын цалин авдгийг олон нийт харах ёстой. Мөн сарын 300 мянган төгрөгийн цалингаасаа төлдөг татвараар хэн тансаглаж байгааг бид мэдэх эрхтэй.

Монгол Улсын төсвийн орлогын ихэнх хувийг бүрдүүлдэг, төсвийг тэжээдэг гэх чамин халхавчийн цаана юу байгааг бид хармаар байна. Энэ үг Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэс Тавантолгой, Төмөр зам зэрэг төрийн өмчит, оролцоотой томоохон байгууллагуудад илүү хамаатай.

В.Хэрлэн

shuud.mn


URL:

Tags:

Нэр: zochin Огноо: 23 August 2016

sariin 30 saya tugrugiin tsalintai ajillaj bsan alban tushaaltnuudtai ajliin ur dungiin tootsoo hiij hariutslaga tootsoh heregtei

Сэтгэгдэл бичих