Дасгалжуулагч Б.Баяраа: Үзэгчид 100 хувь бидний талд байсан
Бразилын Рио де Жанейро хотноо болж буй 31 дэх удаагийн зуны олимпийн наадам хаалтаа хийлээ. Хүн төрөлхтөний эв нэгдлийн бэлгэдэл гэгддэг энэ удаагийн олимпийн сүүлийн өдөр чөлөөт бөхийн барилдааны сүүлчийн найдвар хэмээгдэж байсан Г.Мандахнаран хүрэл медалийн төлөө барилдсан ч, харамсалтайгаар ялагдсан билээ.
Улмаар манай дасгалжуулагчид болох Ц.Цогтбаяр, Б.Баяраа нар чөлөөт бөхийн дэвжээнд хувцсаа тайлан шидэлсэн нь дэлхийн хэвлэлийн анхаарлыг татаад буй. Тэгвэл “Франц пресс” агентлагийн сайтад энэ талаар “Эрэгтэй чөлөөт бөхийн 65 кг-ийн жингийн хүрэл медалийн төлөөх барилдааны үр дүнг эсэргүүцсэн Монголын шүүгчид хувцсаа тайлж, зөвхөн дотуур хувцастайгаа үлдсэн. Өмнө нь ийм өвөрмөц байдлаар эсэргүүцэл илэрхийлсэн тохиолдол маш ховор.
Хүрэл медалийн төлөөх барилдааны сүүлчийн хэдэн секундад Г.Мандахнаран тойрч зугтаж, өрсөлдөгчөө үл хүндэтгэн дүрэм зөрчсөн учир тэмцээнийг орхисон хэмээн үзэж, өрсөлдөгч Ихтиёр Наврузовд нэг оноог өгснөөр хүрэл медалийнхаа үзүүрээс атгаад алдсан. Гэвч энэ байдалд уурласан Г.Мандахнарангийн хоёр дасгалжуулагч бүх хувцсаа тайлж шидэж эхэлсэн бөгөөд тэдний нэг нь өмдөө хүртэл тайлж, дотуур хувцастайгаа үлдсэн байв. Харин үүний дараа тэднийг хамгаалалтынхан дэвжээнээс буулгасан. Тэдний нэг дасгалжуулагч Б.Баяраа “Үүнийг эсэргүүцэж байна. Шүүлт асуудалтай байлаа.
Мандахнаран 7:6 харьцаатайгаар ялчихаад байхад өрсөлдөгч тамирчинд ялалт өгчихлөө. Тэд сүүлийн оноог өгсөн нь ч чөлөөт бөхийн түүхэнд анхны тохиолдол. Шүүгчид шударга байсангүй. Тэд Узбекистанд үйлчилсэн. Гурван сая монголчууд зөвхөн энэ хүрэл медалийг хүлээж байлаа. Гэвч медалиа булаалгачихлаа. Үзэгчид 100 хувь бидний талд байсан” хэмээн хэвлэлийнхэнд ярьж, эсэргүүцлээ илэрхийлсэн байна.
URL: