Г.Уянга: Монголчууд хавханд орсон хөлөө тас хазаж хаяад явахгүй бол болохгүй нь дээ

527-1471833801832faa57-b0df-430f-a981-0bd7acc9cf42УИХ-ын гишүүн асан, Тусгаар тогтнол эв нэгдлийн намын дарга Г.Уянгатай ярилцлаа.

-Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд парламентдаа хамгийн идэвхтэй ажилласан гишүүдийн нэг нь та байсан. Одоо ямар ажил дээр түлхүү анхаарал хандуулж байна вэ?
-Сонгууль дуусмагц наадам залгадаг, энэ жилийн тухайд АСЕМ, олимп гээд монголчуудын амсхийдэг богинохон хугацаа сонирхолтой үргэлжилж байна шүү дээ. Энэ хугацаанд амжиж хэсэгхэн амарлаа. Одоо орон нутгийн сонгуулийн бэлтгэл рүү ороод явж байна.
-Орон нутгийн сонгуульд амжилт үзүүлнэ гэж бодож байна уу?
-Та үзүүлэхгүй гэж бодож байна уу.
-Би тийм утгаар асуугаагүй л дээ…
-Тийм утгаар асуусан байсан ч би гомдох гээгүй. Сонгууль бол ард түмний саналаар биш технологийн тоглоом болж хувирсан учраас харин ч та их зөв асуулаа. Хэчнээн хүн саналаа өгөөд таны саналаар асуудал шийдэгддэггүй гэдгийг монголчууд сайтар ойлсож авлаа шүү дээ. Харин олимпийг сонирхон үзэж байгаа манай ард түмэн авлига, луйвар булхай гэгч чухам юу болохыг зүрх сэтгэлээрээ мэдэрч байгаа байлгүй дээ.
Юу болж өнгөрснийг олимп бидэнд харуулаад ч байх шиг.
Ялагдсан нь байтугай “ялсан” нь шоконд орсон, тэр бүү хэл сонгогчид хүртэл “Бид МАН-ыг бүр ингэтэл үнэмлэхүй саналаар сонгочихсон юм байх даа…” гэж гайхсан. Энэ шокны учир шалтгааныг маш зөвөөр тодруулж тайлах ёстой. АН болон бусад намууд, бие даагчид хамтраад үүнийг .тодруулахаар ажлын хэсэг байгуулан ажиллаж эхлээд байгаа. Гэхдээ заргалдахын тулд биш, туршлагажих, дараа дараагийн сонгуульд сонгогчдын саналыг хамгаалахын тулд заавал учрыг олох ёстой гэсэн бодолтой явна.
- “Ялагдаж чадахгүй…” энэ тэр гээд л эхлэх байх даа?
-Учрыг нь олж тайлах ёстой. Энэ бол “ялагдаж чадахгүй гоншгонох”-оос хамаагүй өөр зүйл. Ер нь бол бид оггхон ч гоншгоноогүй. Харин ч би МАН үнэмлэхүй олонхи болж, дангаараа ирэх дөрвөн жил засаглах болсныг нэг талаас зөв гэж бодож байгаа. Одоо МАН-д амласнаа биелүүлэхэд саад болох юм алга, улс төрийн “тун таатай орчин” нь бүрдлээ. Гэвч өнгөрсөн cap гаруйхны үйл явцыг харвал эдийн засгийн нөхцөл байдал одооноос хямралын хурц шатандаа орчихлоо.
Хүндрэлээс гарах, амлалтаа биелүүлэх хоёрыг зэрэг хэрэгжүүлэх шаардлагатай боллоо доо, МАН. Энэ хоёрыг зэрэг шаардах эрх бидэнд бүрэн дүүрэн байна. Өөрсдөө бид л ингэж чадна гэж амлаа биз дээ.
-Та сонгуулийн дараахь мэдэгдэлдээ, “…Монголын сонгууль Монголын хилээс гарсанд харамсаж байна…” гэж байсан. Энэ яг юу гэсэн үг вэ?
-Сонгуулийн, ерөөс ардчиллын мөн чанар, утга учир нь ард түмний олонхийн саналаар төр засаг байгуулагдах. Гэтэл тэгсэнгүй. Тэгвэл хэний хүслээр байгуулагдав аа. АН-ынхан ч, дарга нар нь ч эрх барьж байгаа гэж андуурч байснаа одоо ойлгож эхэлж байх шиг байна лээ. Сөрж тэмцсэн би яахав дээ, залуу хүн, улстөрч хүн. Энэ улс орон, газар шороогоо гэсэн хүн харин ч элбэгхэн дайсантай болдог түүхтэй.
Ийм юм үзэх ёстой, мэдэж л байсан. Тэмцээд нэг ялагдаа л биз. Энэ удаагийнх ялагдал биш урт замын унаж босдог үргэлжлэлийн л нэг хэсэг юм. Угаасаа би ингэж л амьдарч ирсэн. Харин юу санасан есөн хүслийг нь биелүүлж, хамаг байдгаа барьчихаад золионд явсан хүмүүс хөөрхий. Түүх давтагдана, эхнийх нь инээдэм, удаахь нь эмгэнэл гэдэг байх аа. Энэ удаад инээдэм нь боллоо, удахгүй эмгэнэл нь болох байх даа.
Гурван жилийн өмнө Засгийн газар солигдох үеэр удирдлага яагаад гадагшаа алдагдсан талаар хэлж л байсан. Ер нь хэн ч гадаадынхны гар хөл болоод энэ улсыг самарчихъя гэж бодож санаатайгаар ийм үйлдэл хийхгүй гэж боддог байлаа, сувдаглаж, өөрийн өчүүхэн шуналдаа захирагдаж, түүнийгээ өөрөө өөртөө зөвтгөж элдвээр тайлбарласаар, нэгл мэдэхэд гарахын аргагүй хавханд орчихсон байдаг даа гэж бодож байлаа. Харин одоо бол их өөр болчихлоо. Чонон сүлдтэй энэ тэр гэж цээжээ дэлддэг бол одоо тэр хавханд орсон хөлөө тас хазаж хаяад явахгүй бол болохгүй болж байна даа.
МАНАН-гийн толгой л ийм болголоо. Тэд зөвхөн өөрсдийгөө биш улс орноо хавх дөнгөнд оруулчихаад байна. Одоо зарим нь үүнийгээ ойлгоцгоох биз. Гэвч тэдний үүнийгээ ойлгосон үнэ цэнээр Монголоо бид худалдаж болохгүй биз дээ. Одой тэр хавхны эзэн гинжнээсээ татаж эхлээд байгааг бид “монгол стэнд бай”-аас хамгийн түрүүнд мэдэх болно доо.
-Сонгуулийн дараа харин үсээ хусуулсан таны зураг шуугиан тариад амжсан. Сониучирхан асуухад яагаад үсээ хусуулах болов?
-Нэгэнт зав чөлөөтэй хэсэг хугацаа олдсоных, толгойгоо сэргээж, үсээ сайхан ургуулъюу гэснийх. Эрүүл мэнд, гоо сайхандаа анхаарч байгаа л нэг хэлбэр гэх үү дээ. Сүүлийн жилүүдэд үс их унаад шингэрээд байсан юм. Үс яах вэ, ургачихна. Улс орон нь дампуурлаа зарлах эсэхээ хэлэлцэж байхад Уянгын үсээ засуулсан уу, хусуулсан уу гэдэг л нийгмийн хамгийн чухал сэдвүүдийн нэг болчих юм даа.
 Инээдтэй, эмгэнэлтэй. Технологи яг л ингэж хэрэгждэг юм. Ард түмнийг нь фэйсбүүкээр донтуулаад түүгээр дамжуулаад юу хүссэнээ хийж болдог, бас ар хударгаар нь юуг нь ч булааж авч болдог нэгэнт ойлгомжтой болсон технологи Монголд ил тод хэрэгжиж байна даа, хөөрхий.
-Тусгаар тогтнол эв нэгдлийн намын даргаар ажиллаж байна. Намаа санхүүжүүлэх, үйл ажиллагааг нь тогтворжуулахаас эхлээд эмэгтэй хүн нам удирдаж явна гэдэг амаргүй байх. Шантрах зүйл гарах юм уу?
-Эр хүн удирдана уу, эм хүн удирдана уу хамаагүй, Монголын ямар ч намд “хутга тулгадаг” нэг л асуудал бий. Тэр нь санхүүжилт. 90 жилийн түүхтэй гэж бахархдаг эрх баригч МАН-д ч, дөрвөн сарын өмнө шинээр төрсөн ТТЭНН-д адилхан асуудал. Ялгаа нь МАН энэ асуудлыг албан тушаал зарж шийддэгт л байгаа юм даа.
Харин шинэ тутам үүссэн намууд энэ асуудлаа МАН- тай адилхан албан тушаалын ломбард ажиллуулж байгаад, дараа нь төрд гарч тасвөөр нугалж төлдөг, орд газар зарж байгаад шийдчихнэ гэж уралдаад байгаа нь эмгэнэлтэй юм. Бид үүний араас явалгүй яаж амжилт олж болох вэ гэж толгойгоо гашилгаж сууна. Надад гүн бат суусан итгэл үнэмшил бол “Сэтгэлийг нь эзэмдэж чадваас бие нь хаа холдох вэ” гэдэг Хубилай хааны сургаал.
Үүнийг л хэрэгжүүлэхэд бүх ухаан, авьяас, чадлаа дайчилна даа. Тэр сэтгэлийг юугаар эзэмдэх вэ гэдэг гол асуудал намуудад байх ёстой юм, уул нь. Тийм асуудлыг тоодог нам байтугай төр ч алга. Нөгөө замаар бол та бид 26 жил явж үзлээ. Үр дүнг нь ч бас бүгдээрээ жигдхэн сайхан хүртэцгээж байна. МАНАН-гийн замаар явсан нам дараагийн МАНАН л болно. Луу яагаад үхдэггүй вэ гэхээр лууг дарсан баатар луу болчихдог гэж европ домог байдаг. Түүн шиг байж болохгүй л дээ. 1990 оны хувьсгалыг эхлүүлсэн АН харин одоо яг тэр луу болчихсон байна. Харин хоёр луу байдаггүй, тэгэхээр хоёр толгойтой луутай л болчихож.
-Та анх сэтгүүлч гэдгээрээ олонд танигдсан. Харин дөрвөн жилийн өмнө улстөрч Г.Уянга болон Их хуралд ирсэн. Одоо харин ямар Г.Уянга байх вэ?
-Аль аль нь хэвээрээ л байна. Улс төр бол зөвхөн парламентад байж л хийдэг эд биш шүү дээ. Сэтгүүлч гэдэг энгийн тодотголдоо би дуртай. Энэ миний мэргэжил, хэрэв намайг энэ тодорхойлолт одоо болтол дагаж байгаа бол би муугүй сэтгүүлч байж, тийм үү. Аль ч түвшинд очсон мэргэжлээрээ цоллуулдаг хүн цөөн.
Улстөрч гэдэг бол бас л мэргэжил юм, Макс Веберийн тодорхойлолт шүү, минийх биш. Намайг улстөрч гэж хэлж байгаа бол бас дажгүй л сонсогдож байна. Насаараа улс төр хийгээд, насаараа шахам парламентад суучихаад улстөрч болж чадаагүй хүн олон л байдаг. Хэдий хүсэвч хүн бүхэн улстөрч болж бас чаддаггүй юм. Яагаад гэвэл үзэл санаагүй улстөрч бол зүгээр л алиа салбадай. Харин үзэл санаа, зорилгынхоо төлөө элдэв бэрхшээлийг сөрж, унаж босож явах сайхан.
-Сэтгүүлчээ хийх үү, намаа удирдсан улстөрч Г.Уянга байх юм уу. Эсхүл бүр өөр болох юм болов уу?
-Намайг өөр болоосой, улс төрөөс гарчихаасай гэж хүсдэг хүн цөөнгүй байдаг биз. Ирж яваа цаг, хүссэн ч эс хүссэн ч ачааны хүнд бидний үеийнхний нуруунд ирж байна. Ард түмний сэтгэл зүрхэнд биелсэн улстөрч байна гэдэг сайхан. Харин өөрийгөө энэ салбарт байгаа гэж бодох боловч мөн чанартаа явчихсан, эсвэл хэзээ ч тэр зүрхэнд хүрэх чадалгүй хүмүүс олон байна аа. Ард түмнийхээ сэтгэлд оршиж, тэдэндээ үгүйлэгдэж, түмнийхээ дунд сэтгэл дүүрэн алхах эрхтэй байна гэдэг үгүйлшгүй сайхан зүйл шүү дээ.
-Сонгуулийн өмнө Монголын улстөрчдийг эрэмбэлэхэд та дээгүүр яваа харагдаж байсан. Олон хүн таныг төрд ирэх байх гэж харсан. Сонгуулийн үеэр ямар алдаа гарсан юм бол?
-Би хэзээ ч рейтингийн төлөө ажиллаж байгаагүй ээ. Миний хэлсэн үг, хийсэн үйлдэл бүхэн улс орон, олон түмнийхээ төлөө гэсэн хоёргүй чин сэтгэл минь байсан. Ард олон намайг сонгосоон, саналаа өгсөн, би олон түмэндээ эргэлзэхгүй байна. Сонгогдоогүй нь өөр шалтгаантай. Сонгуулийн үеийнх биш, түүнээс өмнөх “үй олон алдаа”-наас болсон юм. Хамгийн түрүүнд парламентад байхдаа МАНАН бүлэглэлийн толгойтой тэрсэлдсэн. Тэдний арганд ороогүй, дарга сайд болоогүй. Би чинь авлигатай тэмцэнэ гэдгийг сонгуулийн уриа төдийгөөр ашиглаагүй, ажил хэрэг болгож бодитой тэмцсэн.
Энэ нь хэсэг хүмүүсийн таалалд нийцээгүй. Авлигачдыг өршөөхгүй гэж үзэлцсэн. Бас шинэ нам толгойлсон нь намайг их хуралд оруулахгүй байх том шалтгаануудын нэг. ТТЭНН парламентад суудалтай болох нь Еренхийлөгчийн сонгуулийн тохироог будлиантуулна гэж сандарсан. Оюу толгойн асуудпыг хөндөж парламентад хөндөлсөж 130 саяыг нэхсэн, Засгийн газрыг энэ шалтгаанаар өргөн барьсан, Каплагийн 30 тэрбумыг нэхсэн, Пэйнтерт 7.1 тэрбумыг өгөхгүй гэсэн, хагас тэрбумыг өгсөн С.Баярцогтыг огцруулахаар зүтгэсэн, Ерөнхийлөгчийг бас Монголбанкны ерөнхийлөгчийг огцруулах асуудлыг тасралтгүй тавьсан, Монголбанкны ерөнхийлөгчийн талаарх баримтууд, Ноён уулыг хамгаалах тууштай ажиллагаа, улстөрчдийн гадаад дотоод дахь хөрөнгүүдийг ил болгосон, долоон байшингийн баримт, шинэ улс төрийн хүчнийг толгойлсон… энэ бүхэн шалтгаан нь байсан. Бусад нь бол шалтаг төдий л зүйл. Арганд ордоггүй Уянга шиг хүн парламентад байх нь тэдэнд аянга байсных.
-Сонгуулийн үеэр хамгийн их шуугиан тарьсан зүйл бол УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгтэй холбоотой бичлэг. Таныг 200 саяар тэр бичлэгийг зарсан гэх янз бүрийн зүйлс яригдаж байлаа. Та болохоор гар утсаа алдсан гэж байсан. Яг юу болсон юм бол
-Бичлэгтэй холбоотой асуудал бол дээр хэлсэн шалтгаануудыг цайруулах гэсэн шалтаг төдий л зүйл.
Уянгаад эдэнтэй хувааж идсэн, хуйвалдсан гэх мэт дэгээдэж гогдох өчүүхэн төдий үзүүр байдаггүй нь тэдэнд дэндүү аюултай л даа. Тэнд цэвэр хүн байлгахыг хүсдэггүй юм. Тийм учраас тэр нэг бичлэгийг сайхан өлгийдөж авах шиг боллоо. Нэгэнт та асуусан болохоор би анх удаа танай сонинд юу болсон талаар дэлгэрэнгүй ярья. Тэр бичлэг тамхины тухай хууль батлагдсаны дараа БОХХААБХ-ны даргын өрөөнд болсон явдал. МАН, АН хоёр хамтарч засаглаж байх үеийнх гэдэг чинь 2014, 2015 оных. Гишүүд хэсэг бүлгээрээ нэгнийхээ өрөөнд цугларч ярилцах тохиолдол олон л байдаг.
 Ялангуяа манай эмэгтэй гишүүд бүлгийн ажлын төлөвлөгөө ярилцах, хэн нэг нь санаачилж байгаа хуулиа танилцуулах, хууль хамтарч санаачлахын тулд гарын үсгийг нь авахаар лоббидох, бие биедээ баяр хүргэх, төрсөн өдрөөрөө хамт хуушуурдах, зүгээр л үдийн хоолоо хамтдаа өрөөндөө идэх тохиолдол олон л байдаг. Тэр бол тийм л тохиолдлуудын нэг байсан. Цугларсан гишүүд намайг дуудсан. Эрдэнэчимэг гишүүн бичлэг дээр хэлсэн үгээ өмнө нь хэлчихсэн юм. Эрдэнэчимэг гишүүн өөрийнхөө хүсэлтээр бичлэгт зориулж давтан хэлж байгаа юм. Мартсан үгийг нь сануулж байгаа эрэгтэй гишүүний үгээс түүнийг мэдэж болно.
Хамгийн гол нь Эрдэнэчимэг гишүүний өөрийнх нь утсанд байсан. Харин яаж алдагдсан нь сонин. Бичлэг дээр Л.Эрдэнэчимэг, Г.Уянга, бас нэг эрэгтэй гишүүний инээж байгаа дууг үлдээгээд бусдынхыг дарсан байна. Би зарсан бол ядаж өөрийнхөө дууг арилгах ёстой доо. Шалгуулахаар Прокурорт хандсан. УМБГ-ын Эрүүгийн гэмт хэргийн тасгийн Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс үүнийг шалгаж байгаа. Бичлэгийг монтажлаад, зарим хүний дуу, дүрсийг дарж, титрээр орлуулж байгаад “шударгаар” олон нийтэд тараасан “шударга ёсны төлөө тэмцэгч” залуучууд шударга байж учгийг үнэн зөвөөр тайлахад тусална биз ээ.
Улс төрийн учир шалтгааныг нь би бүрэн мэдэж байна. Гагцхүү үнэн мөнийг бодитоор олон түмэндээ тайлж энэ асуудлаас нэрээ цэвэрлэж авах чухал байна. Би чинь хаа байсан Сонгинохайрханд байгаа найз нөхрөө байтугай өөрийнхөө өрсөлдөгчийн эсрэг хүртэл тийм юм хийж зүрхлэхгүй л хүн байгаа юм, уул нь. Мэдэх нэг нь мэднэ.
-УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэг та хоёрын хооронд зөрчил үүссэн үү?
-Бидний хооронд асуудал байхгүй. Бичлэг надаас гараагүйг гишүүн мэдэж байгаа. Харин бичлэг хаанаас алдагдаад хэн түүнийг худалдаж улс төрийн зорилгоор ашиглав гэдгийг мэдэх хүсэл надад бүр ч их байна. Магадгүй бичлэгт холбогдсон бусад хүнд энэ нь төдий л ач холбогдолтой биш байх. Нэг хэсэг нь илчлэгдээгүй, нөгөө хэсэг нь ч одоо өнгөрсөн гээд ач холбогдол өгөхгүй байх. Миний хувьд тийм биш. Сандарсандаа намайг урдаа бамбай болгож бариад сарампай болтол шүршүүлж бултлаа шүү дээ. Миний хулгайд алдсан гар утас тийм боломжийг олгочихож.
Аан тийм, rap утасны тухайд би гар утсаа алдсан нь үнэн. Гэхдээ миний алдсан утсанд ямар ч бичлэг байхгүй. Тэр утас хоёрхон cap миний өмч байгаад цагаан сараар хулгайд алдчихсан. 2015 оны арванхоёрдугаар сарын 30-нд шинэ жилээр дүү нар маань худалдаж аваад надад бэлэг болгон өгсөн юм. Харин шинийн таванд золголтын үеэр алдчихсан. Би нэрэлхээд цагдаа сэргийлэх гэхээ больё гэж байтал манай туслахууд цагдаад бүртгүүлчихсэн нь надад ингэж тус болох юм гэж санасангүй. Дүү нарынхаа сэтгэлийг бодоод авч өгсөн утсыг нь алдсанаа хэлэхгүй байхаар шийдэж, өөрөө яг адилханыг худалдаад авчихсан юм.
Шинийн таван 2016 оны хоёрдугаар сарын 12 байсан, Л.Эрдэнэчимэг гишүүний төрсөн өдөр хоёрдугаар сарын 18-нд болдог. Чуулган завсарлах үеэр таардаг болохоор бид чуулган эхэлж байж “нөхөж” тэмдэглэдэг л дээ. Тиймээс Эрдэнэчимэг гишүүний төрсөн өдрийн бичлэг миний алдагдсан утсанд байх ямар ч боломжгүй. Бичлэг миний утсанд байхгүйг тэнд байсан хүн бүхэн мэдэж байгаа. Бичлэг байжээ гэж намайг гөрдөөд фантаазалбал түүнийг iphone 6s утаснаас гаргаж авсан, эсвэл миний утсыг хакердсан тэр суут хүнийг Apple компани, эсвэл АНУ-ын Холбооны мөрдөх товчоо ажилд урьж оруулах байх даа.
Надаас худалдаж авсан эсэхээ “шударга” залуучууд болон Н.Учрал гишүүн бүгд холбогдох газар нь хэлнэ биз дээ.
-Энэ явдал Л.Эрдэнэчимэг гишүүн та хоёрт том сургамж үлдээсэн байх даа?
-Сургамжсаад байх юу байхав дээ. Мөн чанар нь улс төр гэдгийг дээр хэлсэн. Таван толгойг гаднынханд өгөхгүй гэсэн Х.Баттулга тэргүүтэй хүмүүсийг үсгүй хусах гэхдээ шалтаг болгож байгаа юм. Таван толгойн тогтоолыг Л.Эрдэнэчимэг гишүүн санаачилж 44 гишүүнээр гарын үсэг зуруулсан. Намаа хүртэл эрсдэлд оруулж, намын дарга, их хурлын даргаа хүртэл үүний төлөө зайлуулж байгаа нь энэ сонгууль намуудын хоорондын биш бүлэглэл хоорондын тулаан болсон гэдгийг баталж байгаа биз.
Одоо “том төслөө хөдөлгөх” нэрээр сайхан зарж идэцгээнэ биз. Миний л хувьд энүүхнээс болоод ууж идэхээ болиод л хүнээ байна гэж юу байхав. Бид хоёрын хэн хэн нь хаа явсан газраа байнга өөрийгөө цэнээд байдаг хүлэгдчихсэн хүмүүс биш. Ажиллахдаа ажилласан шиг ажиллаж, хөгжилдөхдөө тэр орчиндоо л байдаг хүмүүс. Тэрийг олз болгодог хүмүүс байсныг мэдсэнгүй нь л алдаа болж. Хойшид л анхаарчихъя.
-Шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнийг та хэрхэн харж байгаа вэ. Мэргэжлийн Засгийн газар байгуулахаас эхлээд дэд сайдын орон тоо гэхчилэн олны эсэргүүцэлтэй тулсан үйлдлүүд багагүй гарах болж?
-Алиа хошин томилгоог баалж шоолоод, өмнөөс нь ичиж зовоод байх шаардлагагүй ээ, өөрийгөө шоолж, өөрөөсөө ичиж байгаа л гэсэн үг. Монголын төрийн, Монголын, бидний л байж байгаа царай. МАН, ер нь аль ч нам мэргэжлийн Засгийн газар байгуулж чадахгүй. Тийм нөхцөл Монголд байхгүй болоод олоон жил болж байна. Ер нь мэргэжлийн Засгийн газар гэдгийг хүмүүс ихэд хялбарчлаад Эрүүл мэндийн сайдаар эмч хүн, Батлан хамгаалахын сайдаар генерал хүн тавина гэж ойлгоод байх шиг. БСШУЯ-ны сайд тэгвэл багш хүн байх уу. Багш хүн байвал химийнх үү, физикийнх үү, эрдэмтэн байх уу. Анагаахын салбар олон төрөл мэргэжлийн эмч нартай. Аль нь сайд болох мэргэжил гэж.
Социализмын үед боловсон хүчний нөөц, тогтвортой ажиллах боломж, шат дараалан сурган дэвшүүлэх нарийн шалгуурын дүнд мэргэжлийн хүмүүс анхан шатнаас дэвшсээр салбар удирдаж байсан, гэхдээ заримдаа яамдын тоо 40 гарч байсан. Гэхдээ тэднийг Улс төрийн товчоо буюу цэвэр улс төрийн байгууллага Намын төв хороо гэдэг аппаратаар дамжуулан удирдаж байсан. Товчооны долоон гишүүн Монголын бүх мэргэжлийг эзэмшсэн супер баатрууд байгаагүй.
Тиймээс улс төрийн удирдлага л байна, харин ард түмэнд таалагдах гэж өөрсдөө ч ойлгоогүй амлалт авдаг МАН-ын хэр хэмжээ тэр юм биз дээ. Ядаж энэ үгийг улс төрийн эргэлтэд оруулсан Баабараас “Энэ яг юу гэсэн үг юм бэ” гээд асуучихгүй. Г эхдээ энэ томилгооны дараа олон нийт нэг л зүйлийг ойлгож авмаар байна. Өнөөх 90 жилийн түүхтэй, боловсон хүчнээр хахаж цацаж байдаг гэгддэг МАН-ын тухай дурсамж ойлголтоо тархинаасаа авч хаяад өнөөгийн бодит МАН-аа харцгаа.
Шүүмжлээд байдаг АН-аас огтхон ч ялгаагүй гэдгийг. Хэрэв ард олны хүсэлд нийцүүлье гэвэл Ц.Нямдорж Хууль зүйн сайд, Д.Цогтбаатар Гадаад хэргийн сайд, Ч.Улаан Сангийн сайд гэх мэт байж болох л доо. Даанч тийм юм байхгүй л дээ.
Хоёрт, сонгуулийн мөнгөө яаж босгосныг нь бүгд мэдэж байгаа шүү дээ. Ийм намаас “мэргэжлийн Засгийн газар”-тай төстэй томилгоо ч нэхэж болохгүй. Одоо тэр хүмүүс намдаа өгсөн мөнгөө албан тушаалаараа дамжуулан олж авна. Ийм л нэг чөтгөрийн тойрогт Монголын төр орчихоод байна. Намын дарга нарт ч зовлонтой л байгаа. Гэхдээ нэг ийм тойрогт орчихвол тэр тойрог эргүүлгээрээ улам л гүн рүү нь татна уу гэхээс орсон хүн тэндээс өөрийнхөө хүслээр гарна гэж байхгүй л дээ.
Эсвэл гарах нөхцөлийг нь гаднаас бүрдүүлж өгөх ёстой. Тэр нь энэ чөтгөрийн тойргийг хүчээр таслах. Зөвхөн хувьсгалаар л үүнийг зогсооно гэж би хэлдэг дээ. Би бол тайван замын хувьсгал буюу Үндсэн хуулийн өөрчлөлтийг санал болгосоор байсан, одоо ч энэ байр сууриндаа хатуу хэвээрээ.
Цэвэр улс төрийн бодлого талаас нь харвал, үүнийг бодлого гэж хэлж болдог бол шүү дээ, энэ томилгоо өнгөрсөн биш ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгуулийн мөнгийг босгох операци. Үүнээс нь болоод МАН-аар дүүрэн гомдогсод, харин намын удирдлагад нь өчигдрийн өөхнөөс өнөөдрийн уушги дээр болсон. Өөр хаанаас мөнгө босгох юм, хямралдаа идэгдсэн энэ хүмүүс. Энэ нь нөгөө дээр хэлсэн хавхыг улам л чангалаад байна гэсэн үг. Манайх ч нэг иймэрхүү л улс болчихпоо доо.
-Эдийн засгийн амаргүй цаг үеийг монголчууд туулахаар байна. Монголбанк бодлогын хүүгээ нэмснээр иргэдийн амьдралд ямар өөрчлөлт гарах вэ. Хэрэгтэй, хэрэггүй гээд янз бүрийн яриа байна л даа?
-Арилжааны банкуудын зээлийн хүүг Монголбанкны бодлогын хүү тодорхойлж байгаа учраас зээлийн хүү улам өндөрсөнө. Энэ бол санхүүгийн утгаараа банкууд зээл олгохгүй л гэсэн үг. Харин мөнгөө төв банкны үнэт цаас болгож хувиргана. Бодлого талаасаа зах зээлд нийлүүлж буй зээлийг бодлогын хүүгээр дамжуулж хязгаарлаад төгрөгийн нийлүүлэлтийг багасгаж, энэ хомсдолоор боомилж зах зээл дэх төгрөг долларын харьцааг ойртуулж ханшийн уналтыг зогсоох гэдэг уламжлалт арга. Гэхдээ бодлогын хүү өөрөө 15 хувийн инфляци. Нөгөө талаас Монголбанк валютын нөөцөө гөвчихсөн. Эд нар л дөнгөж сая үүнийг мэдэгчийн дүр эсгээд байгаа болохоос аль эртийн гөвчихсөн юм шүү дээ. Төгрөгийн нийлүүлэлтийг яаж ч буулгасан доллар нь байхгүй бол яаж инфляци зогсох юм бэ. Сангийн сайд, Төв банкны ерөнхийлөгч хоёр үүнийгээ тайлбарлаасай.
Одоо л МАН-ынхан нийтээрээ нус нулимстайгаа холилдоод санхүүгийн уутыг эргүүлээд гөвчихсөн байж гэж гоншгонолдож гэнэ. Би бүр гурван жилийн өмнө асуудлыг сөхөж, Төв банкны Еренхийлөгчийг огцруулах шаардлага тавьчихаад байхад МАН-ын бүлгийнхэн хуруугаа ч хөдөлгөөгүй. Үйлийн үрээ эдэлнэ ээ гэж энэ байх. Эсвэл ингүүлэх л гэж байлгаад байсан юм уу.
Яг энэ шийдвэрийн дараа Монголд эдийн засгийн хямрал бодит байдал болох дүр зураг харагдаж байна. Хэдий улиг болсон ч давтахаас яахав, 1929 оны хямрал яг ингэж эхэлсэн. Хямралын шалтгаан энгийн. Зах зээлд эргэж байгаа мөнгөний гуравны нэгийг шууд татахаар эдийн засгийн цусны эргэлт зогсоод шоконд орчихдог. Ингээд нуралт, сүйрэл эхэлнэ дээ. Бас 1998 оны Азийн санхүүгийн хямралтай төстэй хам шинж бий болсон.
Барилгын салбарт асар их мөнгө түгжчихсэн, зах зээлд мөнгө нийлүүлэхгүй бол энэ их барилгын фонд эдийн засгийг татаад унагачихна. Яг үүнтэй зэрэгцээд Рио Тинто, Сентерра мэт нь ёстой увайгүй шулна. Энэ бол дөнгөж сая өнгөрсөн сонгуулиар хийсэн бидний сонголт. М.Фрийдманы “Хувь заяаны сонголт” гэж нэрлэсэн ном бол яг үүний тухай л даа. 1929 оны хямралыг шинжилсэн өгүүлэлд нь яг энэ талаар бичсэн байдаг. Энэ чинь хүн бүхний мэддэг зүй тогтол биз дээ.
Дээр нь Засгийн газар ОУВС-гийн заавраар хөдөлж эхэллээ. Манай Засгийн газрын авч хэрэгжүүлж байгаа энэ бүх алхам бол “Stand by” хөтөлбөрийн стандарт. Харахад Засгийн газар “Стэнд бай” хөтөлбөрийг ОУВС-тай хамтарч хэрэгжүүлэх талаар ярилцсан байна. “Ингэх байсан юм бол МАН-ыг сонгох хэрэггүй байсан. МАН л хямралаас гаргана гэж амласан, бид ч найдсан учраас 65-ыг сонгосон” гээд л эхэлнэ биз дээ. Гэтэл бүх эрх мэдлээ ОУВС-д тавиад туучихвал МАН баларна. “Стэнд бай”-д оруулахыг хэн ч чадна. Тиймээс өөрсдөө ОУВС-гийн дүрд тоглох хувилбарыг сонгож, тэгмэгц ОУВС-ийн суурин төлөөлөгч ирж учир зүггүй Сангийн сайдыг магтаж байна.
Хүүхэлдэй тоглуулагч хүүхэлдэйгээ өхөөрдөж байгаа нь тэр. Хямрал хурцадвал харин тэд Монголын Засгийн газар өөрсдөө бие дааж ажилласан учраас энэ хэдэн хоньчин буруу ажиллаад зуданд нэрвэгдчихлээ гээд сууж байх биз. Харин ард түмэн “мэргэжлийн бус” учраас Б.Чойжилсүрэн, Ж.Эрдэнэбат хоёрын гэдсийг дүүртэл хараагаад үлдэнэ. Ерөнхийлөгчийн сонгуулиар бараг л тэр хоёр лүд бармыг зольж солино гэсээр ялна гэж тооцож байгаа биз.
-Ерөнхий сайдын хэмнэлтийн эхний алхмууд сайшаах үйлдэл мөн биз. Та парламентад үүнийг л ярьдаг байсан санагдана?
-Хэмнэлтийг бол буруу хийж байгаа, одоо ард түмэн гэдсээ тасартал бүсээ чангална, харин нөгөө бүсээ тасартал таргалагсад байж л байна. Дарга нарын цалинг хасна гэхээр л баярлалдаж байгаа хүмүүс хэмнэлтийн дүн, түүний төсөв, санхүүд нөлөөлөх нөлөөллийг тооцож үзэх хэрэгтэй. Дарга нарын мууг үзэхээр алгаа ташиж байх зуур хүүхдүүдийн чинь мөнгийг суйлчихсан нь эхний молиго. Зөвхөн дарга нарыг хохироох гэж арга хэмжээ авдаг гэж бодож байна уу. Давхар санаа нь АН-ын эрх барьж байсан хугацаанд шигдсэн хачиг хувалзуудаас салъя гэж байгаа ч биз.
Үүнээс эрт гарч болох байсан. Зөндөө л ярьсан, тэнд авч хэлэлцээгүй юмыг энд одоо яриад ч яах билээ, өнгөрсөн борооны хойноос цув юүдэн гэгчээр. Ер нь бол бүх юм зүй тогтлоороо болдгоороо л болж байгаа юм. Үүнийг хэн ч зогсоож дийлэхгүй, ялангуяа өнөөдөр. Энэ Засгийн газар бол түрүүчийн АН-ын Засгийн газрын үргэлжлэл, цаад эздийнхээ юу хүссэнийг хийж өгч байна. Ч.Сайханбилэгийн Сангийн сайд, Ерөнхий сайд л болсон. Тиймээс яг адилхан золиосонд явна. Харин тэр цагт энэ улсыг яах вэ гэдгийг бодож байх нь хариуцлагатай улс төрийн алхам.
-МАН-ынхан “Оюу толгой”, “Таван толгой” тэргүүтэй томоохон төслүүдийг хөдөлгөхөөр ханцуй шамлан орж буй юм билээ. Таны хувьд “Оюу толгой”-н тал дээр нэлээдгүй шүүмжлэлтэй ханддаг байсан. Таны байр суурь хаана байгаа бол?
-Ханцуйг ч яах вэ дандаа л шамлаж байдаг юм. Харин халаасанд нь цаадуулынх нь гар дүрээстэй байхад хэчнээн шамлаад яах билээ. Байхгүй мөнгөний сургаар үймэлдэхээ больё.
Эхлээд байгаагаа авч сурах хэрэгтэй гэдгийг л олон жил ярилаа даа.“Том төслүүдээ хөдөпгөнө” гэдэг нэг сайхан нэр томьёотой болж авлаа шүү. Хөдөлгөх тусам л мөнгө нь гадагшаа урсаж, бидэнд дусал нь оногдож, өр нь нэмэгдэх болж дээ. Оюу толгойн талаар миний байр суурь хэвээрээ л байгаа.
-Ам.долларын ханшийн өсөлт, монгол төгрөгийн үнэгүйдэлт гээд эмзэглэхээр зүйлс их л байиа. Эдийн засгийн хямралаас гарах ямар гарц байна гэж харж байгаа вэ?
-Улс төрийн хямралаас гарахгүйгээр бид эдийн засгаа зөв удирдаж чадахааргүй болчихлоо. Одоо “Стэнд бай” руу оръё, эсвэл дампуурлаа зарлая гэсээр өөрсдөө “бай бай” болох гэж байх шив дээ. МАН тэнгэрээс гэнэт бууж ирсэн аврагч биш. Энэ бүхнийг хамтран хийлцсэн нүгэлтэн. Өнөөдөр өнгөрсөн дөрөвхөн жилд улс орон баларчихаж гэж матрын нулимс унагах хэрэггүй. Хэрэв идэж уусан, буруу ажилласан булай бүхэн өнгөрсөн дөрвөн жилд болсон юм бол МАН-д үүнийг хийлгэхгүй байх хангалттай хүч байсныг хэн ч мартаагүй шүү, тэр ч байтугай дэр нэгтгэж байсан хүмүүс шүү дээ.
Хувааж идэхдээ дүрийг эсгэж чив чимээгүй байчихаад одоо гаслаж байгаа нь зүгээр л хошигнож байгаа байлгүй дээ. МАН-ын оролцоотойгоор төсвийн хуулиуд батлагдсан, тэдний оролцоотой “Цагаан суварга” хувьд очсон, Оюу толгойн гэрээ улам дордсон, Гацууртын ордын гэрээ байгуулагдсан. Хэрэв улс дампуурлаа зарлахдаа тулсан бол нэг зоосны хоёр тал шиг МАН бас буруутай гэдгийг МАН биш юмаа гэхэд ард олон мартаагүй шүү.
Өнөөдөр бол “Яаж гарах вэ” гэж биш “Тэгээд дараа нь яах гэж байгаа юм бэ?” гэж асуух цаг. Бид одоо эндээс юу ч гэж хэлээд нэмэргүй, галт тэрэг хөдөлчихсөн. Юу ч болсон Ерөнхийлөгч солигдоодохог. Түүний дараа юу ч болоо билээ.
“Төвийг сахина” гэх мэт хийрхэл нь зогсоод бүс нутгийн эдийн засгийн интеграцийг судлаад гарцаа олж харвал дээр байх. Хэн нэг хувь хүн ийм тийм гэхээс илүүтэй судалгааны байгууллагууддаа найдвал дээр. Хямрал үүсэх шалтгаанууд төстэй ч түүнийг даван туулах арга зам нь улс үндэстэн бүрт өөр өөр юм билээ.
Дан либерал номлолоор эдийн засгийн, санхүүгийн бодлогоор ч сэхэхгүй. Улс төр эдийн засгийн бодлогоо сайтар уялдуулж, их ажиллаж байж л гарвал гарна. Бид өөрсдөө дотроо зөвөөр учраа ололцохгүй бол учрыг маань олоод л өгөх байх шүү.
Э.Энхболд
Эх сурвалж: “Өдрийн сонин”
УИХ-ын гишүүн Г.Уянгын албан ёсны зөвшөөрөлтэйгээр нийтлэв.

URL:

Сэтгэгдэл бичих