Нефтийн компаниудтай хуйвалдсан хэргээр АТГ-т шалгагдаж явсан Б.Лхагвааг ШӨХТГ-Т эргүүлэн авчирлаа

2266

Засгийн газар бүрэлдэн байгуулагдснаасаа хойш хуралдах болгондоо томилгоо хийж байгаа. Тэгвэл өчигдрийн хуралдаанаар Гаалийн ерөнхий газрын дэд даргаар Ё.Бат-Эрдэнийг томилж, ШӨХТГ-ын дарга Д.Мөнхтөрийг үүрэгт ажлаас нь   чөлөөлж, Б.Лхагвааг тус газрын даргаар томилж, за мөн Эрдэнэс-Монгол ХК-ийн ТУЗ-ийн гишүүдийг томилж, тус компанийн ТУЗ-ийн хараат бус гишүүдийг нээлттэй сонгон шалгаруулалтаар тодруулахаар боллоо гэх албан мэдээллийг хэвлэлийн албанаас нь өгөөд байгаа юм. Тэгэхээр эндээс анхаарал татаж байгаа томилгоо бол ШӨХТГ-ын даргынх юм. Учир нь тус газрын экс дарга Б.Лхагваа нь хуулийн байгууллагад шалгагдаж байна гэх мэдээллийг өнгөрсөн жилүүдэд уншигч танд хүрч байсан болов уу. Албан мэдээллээс үзэхэд шүүхийн шийдвэрийг үндэслэн түүнийг даргаар томилж байна гэж байгаа ч, МАН эхнээсээ нэр бүтэн үйлдэл цэвэр, ажилдаа мэргэшсэн чадварлаг хүмүүсээ төрийн албанд авчрана гэсэн амлалт зорилгоо хол хаясан гэдгээ энэ мэтээр баталгаажуулж байгаа л харагдана.

Эргэн сануулахад, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ/-ын дарга асан Б.Лхагваа болон тус газрын зөвлөлийн гишүүн асан зургаан хүнийг Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас шалгаж байгаа талаарх мэдээлэл 2012 оны 10 дугаар сард анх гарч байсан юм. Тэднийг нефтийн компанийн удирдлагуудад оноосон шийтгэврийг албан тушаалаа урвуулан ашиглаж, хуйвалдах замаар цуцалсан гэх шалтгаанаар эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байсан.  Мөн оны нэгдүгээр сард ШӨХТГ-аас нефть импортлогчдыг үгсэн хуйвалдаж шатахууны үнийг литр тутамд 200-300 төгрөгөөр нэмснийг тогтоон, нийт 17 тэрбум төгрөгөөр торгох шийдвэр гарсан ч ШӨХТГ-ын дарга асан Б.Лхагва үүрэгт ажлаа авмагцаа энэхүү шийдвэрийг хүчингүй болгосон байдаг.

АТГ-т Б.Лхагвагаас гадна зөвлөлийн орон тооны гишүүн С.Ганбаатар, хуучнаар ХХААЯ-ны Стратеги төлөвлөлт бодлогын газрын орлогч Б.Алтанцэцэг, Сангийн яамны Санхүү эдийн засгийн бодлогын дарга Б.Батбаяр, ЭБЭХЯ-ны Түлшний бодлогын дарга А.Эрдэнэпүрэв, Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн үндэсний холбооны гүйцэтгэх захирал М.Ганжолоо нар шалгагдаж байгаа талаарх мэдээлэл байсан билээ.

Эх сурвалж: Шуурхай.мн


URL:

Сэтгэгдэл бичих