Хүн төрөлхтөн Нарны аймагт ХАМГИЙН ОЙР, АМЬДРАЛ БАЙХ магадлалтай ГАРАГ нээлээ

13Эрдэмтэд өчигдөр манай нарны аймагт хамгийн ойр орших одны ордоос дэлхийтэй ойролцоо хэмжээтэй, амьдрал байх магадлалтай гараг илрүүлснээ зарлалаа.

Проксима Центавр (Proxima Centauri) нэртэй оддын ордод байрлах “Proxima b” гараг нь нарны аймгаас 4.2 гэрлийн жилийн зайтай.

“Proxima b” өөрийн одыг тойрч эргэх радиус нь “амьдрал орших боломжтой” хэмжээнд байгаа нь эрдэмтдийн анхаарлыг татжээ. Өөрөөр хэлбэл тэнд шингэн ус оршин байх бүрэн боломжтой.

Тиймээс “Proxima b дээр амьдрал хайх нь дараачийн алхам” гэж уг нээлтийг хийсэн багийн ахлагч Лондон хотын Хатан хаан Мэрийн Их сургуулийн судлаач Гиллем Англада-Эскуде мэдэгдэлдээ дурджээ.

Эрдэмтэд Проксима Центаврын ойролцоох гарагуудыг 15 жилийн өмнөөс судалж эхэлсэн байна. Ингэхдээ Европын Сансрын Агентлагийн Чили дэх ажиглалтын төвөөс судалж байжээ.

Proxima b гарагийн хувьд манай дэлхийгээс 1.3 дахин илүү жинтэй, чулуурхаг бүтэцтэй. Одноосоо 7.5 сая километр зайнд эргэж, нэг бүтэн тойрохдоо манай дэлхийн хэмжүүрээр 11.1 хоногийг зарцуулдаг. Бас Proxima b нь нэг талаараа од руугаа зөвхөн хардаг (сар шиг) тул нэг хагаст нь үргэлж өдөр, нөгөө хагаст нь үргэлж шөнө болж байдаг.

Харьцуулбал дэлхий нарнаас 150 сая километр зайнд эргэдэг. Гэвч Proxima b гарагийн од нь нарнаас сэрүүн температуртай тул манай дэлхийн нар хүртлэх зайнаас ойр байсан ч амьдрал байх нөхцөлтэй гэнэ.

Гэхдээ одноос нь ирэх хортой туяа нь Proxima b гараг дээр амьдрал үүсэх боломжийг хаах боломжтойг ч эрдэмтэд үгүйсгэхгүй байна. Энэ нь түүний агаар мандлын бүтцээс шалтгаална. Өөр нэг үзүүлэлт нь Proxima b манай дэлхийгээс “хөгшин” гараг тул амьдрал үүсэх хангалттай хугацаа байсан гэсэн үг юм.

Мөн Проксима Центаврын “амьдрах хугацаа” манай нарны аймгаас урт тул нар унтарсны дараа ч хэдэн тэрбум жил орших чадвартай.

Одоо эрдэмтэд хэрхэн Proxima b гарагт хүрэх талаар ярилцаж эхэлжээ.  Боломжит хувилбар нь өнгөрсөн дөрөвдүгээр сард эрдэмтдийн багийн эхлүүлсэн Breakthrough Starshot төсөл юм. Уг төслийн зорилго нь амьдрах боломжтой гараг илрүүлэхээр гэрлийн хурдны 20 хувийн хурдаар сансарт илгээгдэх бяцхан нано хөлгүүдийг бүтээх.

Нано хөлгүүдийг хүчирхэг лазерийн тусламжтай сансарт илгээнэ. $100 саяын санхүүжилттэй уг төслийг Оросын тэрбумтан Юрий Милнер ивээн тэтгэж, Британий нэрт эрдэмтэн Стефэн Хокинг оролцож байгаа юм.

Тэд Proxima b гараг руу гарцаагүй камераар тоноглогдсон нано хөлөг илгээнэ гэдгээ дээрх нээлтийн дараа мэдэгдсэн байна. Уг ажлыг ирэх 20 жилийн дотор эхлүүлж чадна гэж үзэж байгаа гэнэ. Харин нэгэнт хөөрсөн хөлөг маань Proxima b гарагт 20 жил аялж хүрэх юм. Proxima b гарагт хүрсний дараа буулгасан гэрэл зургаа дэлхий рүү илгээхэд доод тал нь 4.24 жил шаардна. Энэ бүгдийг тооцвол хүн төрөлхтөн ойролцоогоор 2060 онд Proxima b гарагийн гадарга дээр ус урсаж, амьдрал цэцэглэж буй эсэхийг нүдээр харах болно.

 

Эх сурвалж: Space.Com


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.