ИТАЛИЙН НЭГ ХОТ ГАЗРЫН ХӨРСНӨӨС АРЧИГДАХ ШАХАВ

olloo_mn_1472088091_italy

-Италичууд бүхэлдээ шокийн байдалтай байна-

Италийн төв хэсэгт өчигдөр орон нутгийн дагаар 03.30 цагт 6.2 магнитудын хүчтэй газар хөдөллөө. Гэнэтийн энэхүү байгалийн гамшигт үзэгдлийн улмаас Аматрис гэх жижиг хот сүйрлийн ирмэгт тулав. Хотын олон тооны байшин барилга нурж сүйдсэнээс гадна эрдэнэт хүний амь үрэгдэж, тосгоны тал хувь нь сүйдлээ гэх мэдэгдлийг хотын дарга нь дэлхий дахинаа зарлалаа.

Хотын дарга, хотын иргэд гээд Итали бүхэлдээ шоконд оржээ. 20 орчим секундын хүчтэй чичиргээнд нэг тосгоны тал нь иргэдийн нүдэн дээр сүйдсэн тул тухайн бүс нутгийн иргэд шоконд орохоос ч аргагүй. Дугаар шилжих мөчид авсан хамгийн сүүлийн мэдээллээр газар хөдлөлтийн гамшгийн улмаас аыиа алдсан хүний тоо 13 болж нэмэгдсэн байв. Гэхдээ хохирогчдын тоо цаашид ч нэмэгдэж магадгүй байна. Зөвхөн Аматрис хот ч бус. Газар хөдлөлтийн голомтын ойролцоо байрлах бүх л уулын хотуудад ийм дүр зураг ажиглагджээ.

Тосгоны иргэд гудамжинд гарч, цахилгаан тасарч, зам харилцаа сүйдсэн байна. Аматрис хотын захирагч Сергио Пироззи хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Хот үгүй болсон. Иргэд нурсан барилгын дор оршуулагдчихлаа” хэмээн халаглан ярьжээ.

Аматрис хот Италидаа нэлээд алдартай. Уулархаг бүс нугагт орших байгалийн үзэсгэлэн бүрдсэн энэ хотод уулын цэвэр агаараар амьсгалахаар зуны дунд сард ромчууд олноороо ирдэг аж. Гэвч зуны аялал жуулчлалын оргил үед ийнхүү байгалийн гамшигт үзэгдэл болсон байна.

Газар хөдлөлтийн голомт Умбриа мужийн Норсиа хотоос ойролцоогоор 10 км-ын зайд байсан бөгөөд гүн нь 10 км-т байсан тухай АНУ-ын Геологийн судалгааны хүрээлэнгээс мэдээлсэн. Хохиролын хэмжээг тооцоолоход эдүгээ эрт байгаа ч, Умбриа, Лазио, Марче гэсэн гурван бүс нутаг хамгийн их хохирол амсчээ.

Байшин барилга нурж, харилцаа холбоо тасарсан учир төсөөлж байгаагаас ч илүү олон хүн амь үрэгдсэн байх магадлалтай гэнэ. Газар хөдлөлт оршин суугчдыг унтаж байх үед болж, иргэд бүгд гудамжинд гүйн гарсан байна.

Улмаар үүр хаяарч эхэлмэгц бульдозер, экскаватор машинуудыг ашиглан хаагдсан замуудыг нээж, нурсан барилга дороос амьд хүн хайх эрлийн ажиллагааг эхлүүлжээ. Гэвч харамсалтай нь нуранги дор амьд хүн байх магаддал тун бага аж.

Марче бүс нутгийн Пескара дел Тронто дахь байшингийн нуранги дороос ахимаг насны хосуудын цогцос олдсон бол Аматрис хотын барилгын нуранги дороос ч мөн хоёр цогцос олджээ. Хотын эмнэлгийн барилга ч нурж, өвчтөнгүүд нь ч гудамжинд гарсан тухай орон нутгийн мэдээллийн агентлагууд дамжуулж байна. Уулын Аккумоли хотод ч хүний амь эрсэджээ.

Газар хөдлөлтийн голомттой ойролдоо байрлах Аккумоли хотын захирагч Стефано Петрусси нөхцөл байдал төсөөлснөөс ч муу байна хэмээн хэвлэлд ярьсан байв. Тэрбээр “Үүр хаяармагц бид эхлээд нөхцөл байдалд дүн шинжилгээ хийсэн. Байшин барилга нурж байдал төсөөлснөөс ч илүү аймшигтай байлаа. Хүмүүс барилгын нурангид дарагдсан. Амьд үлдсэн байх найдвар тун бага байна” гэсэн байна. Энэ бүс нутагт гэр бүлийн дөрвөн хүн байшингийнхаа нуранги дор үүрд нойрссоны хоёр нь бага насны хүүхэд байжээ.

Харин Норсиа хотын хувьд хохирлын хэмжээ харьцангуй бага байгаа юм байна. Тэнд одоогоор хүний амь эрсэдсэн гэсэн мэдээлэл байхгүй байгааг хотын захирагч нь мэдээлжээ. Норсиа хотын хувьд аялал жуулчлалаараа алдартай бөгөөд түүхэн дурсгалт барилгууд олон байдаг юм.

Умбриа мужийн Сисели хотын иргэн Лина “Маш хүчтэй чичиргээн мэдрэгдсэн. Бид өрөөн дотроо ортойгоо явж байсан” хэмээн ярьсан байна.

Ерөнхий сайд Матью Рензигийн хэвлэлийн албанаас мэдээлснээр тус улсын Засгийн газар иргэний нийгмийн байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, мэдээлэл солилцож байгаа гэнэ. Газар хөдлөлт болсноос хойш гурван цагийн дараа түлхэлт мөн болжээ. Түлхэлтийн хүч нь 5.5 магнитуд байсан аж. Газар хөдлөлтийн голомтоос 150 орчим км зайд орших Ромд ч чичиргээн мэдрэгдэж, шөнө дунд унтаж байсан оршин суугчид бүгд сэрсэн гэсэн мэдээлэл байна. Гэхдээ азаар хүний амь эрсэдсэн мэдээлэл алга.

Италид өмнө нь долоон жилийн өмнө өчигдрийнх шиг маш хүчтэй газар хөдлөлт болж байв. 2009 оны дөрөвдүгээр сарын 6-нд Л’акила хотын ойролцоо 6.3 магнитудын хүчтэй газар хөдөлж, дэд бүтэц сүйрч байсан юм. Тухайн үед 300 гаруй хүн амиа алдаж, мянга орчим хүн гэмтэж бэртжээ.

Харин зургаан эрдэмтэн, Засгийн газрын нэг алба хаагч газар хөдлөлт, болзошгүй аюулын тухай буруу зөвлөмж өгсний улмаас чанга дэглэмтэй хорих ангид зургаан жилийн өнгөрүүлэх ял сонсч байсан удаатай.

Мөн 2012 оны тавдугаар сард Ромагна бүс нутгийн Эмилиагийн хойд хэсэгт газар хөдөлж, 23 хүн харамсалтайгаар амиа алдаж, 1400 гаруй хүн орох оронгүй болон гудамжинд гарч байв.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих