Ээлжит бус чуулган хуралдаж, цэцэрлэг элсэлтээ авч, эдийн засагчид чуулсан долоо хоног байв

Өнгөрч буй долоо хоногийн хувьд улс төрийн хүрээнд олон үйл явдал өрнөлтэй долоо хоног болон өнгөрч байна. Наадам, АСЕМ-ээс хойш ээлжит бус чуулган зарлана хэмээн мэдэгдэж байсан ч яг хэзээ гэдэг нь тодорхойгүй байсан юм. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулах захирамжийг УИХ-ын дарга М.Энхболд гаргаж, улмаар энэ сарын 25-нд буюу өнгөрч буй пүрэв гаригт ээлжит бус чуулганыг эхлүүлж, өчигдөр хуралдууллаа. Чуулганаар 23 асуудлыг хэлэлцэхээр шийдвэрлэсэн бөгөөд хамгийн гол анхаарал татаж байгаа сэдвүүд нь эдийн засгийн нөхцөл байдал, төсвийн тодотгол, мөн ирэх 4 жил Засгийн газар ямар мөрийн хөтөлбөртэй байх нь анхаарал татаж байв.

Төсвийн тодотголоор хэмнэлт хийж, зардал танахаар болов

Эдийн засаг амь тавьж, булшлагдахад бэлэн болсон энэ үед эрх баригчид болон Мэргэжлийн засгийн газрынхан эдийн засагчид хүнд хэцүү байдалд орсон эдийн засгаа аврахаар сэтгэл зүтгэл нийлэн хөдөлж эхэллээ.  Улс эх орны Төсөв санхүү хүндрэлтэй байгаа учир зарлагаа багасгаж, хэмнэлт хийх горимд шилжихээс өөр аргагүй гэдгийг Засгийн тэргүүлэгч болоод салбарын сайдууд нь үзэж буй. Тиймээс халамж үйлчилгээг хасч танах, төрийн албан хаагчдыг тодорхой хувиар буюу тоогоор бууруулж, чөлөөлөх, хүүхдийн мөнгийг 60 хувьд өгөх, оюутны 70 мянга, гадаадад сурах тэтгэлэгийг 2019 он хүртэл зогсоох зэрэг шийдвэрүүдийг тус тус гаргалаа. Тиймээс 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг УИХ-д өргөн барьсан байгаа юм. Уг хуулийг дагалдан Нийгмийн даатгалын сангийн тухай, Хүний хөгжил сангийн тухай хуулиуд ч өөрчлөгдөх болоод байна.

Тэгвэл Засгийн газраас өргөн мэдүүлсэн уг хуулийн төсөлд Монгол Улсын иргэн бүртэй холбоотой өөрчлөлтүүд орохоор болоод байна. Малчны тэтгэврийн насыг таван жилээр урагшлуулна, төрийн албан хаагчид тэтгэвэрт гарахдаа 36 сарын цалинтай тэнцэх тэтгэмж авахгүй зэргээр бүсээ чангалж, эдийн засгаа сэргээх ажлыг эрчимжүүлж эхэллээ.

Төсвийн хүндрэлээр эдийн засагчид хэлэлцүүлэг өрнүүлэв

Эдийн засагчид болон эдийн засгийн ухаанаар дагнасан эрдэмтэн судлаачид  Монголын эдийн засгийн өнөөгийн байдал, хүндрэл, гарц шийдэл сэдэвт хэлэлцүүлэгийг хийлээ.

Эдийн засаг элгээрээ хэвтэж, ямар ч сэхэл авахгүй хэмжээнд хүрсэн, мөн төсвийн алдагдал 2,1 их наядад хүрсэн энэ цаг үед ямар арга хэмжээ авах, төсвийн хүндрэлээс цаашид яаж гарахуу, энэ байдлаас хэрхэн ангижрах уу, мөн эдийн засгийг эрүүлжүүлэх, эрүүл төсвийн тодотгол хийх талаар эрдэмтэд хэлэлцүүлэг хийж гарц гаргалгааг гарахаар нэгдэж илтгэл тавьсан юм. Хэлэлцүүлэгт Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Ж.Үнэнбат, Төсөвтэй холбоотой хүндрэл бэрхшээлийн талаар эдийн засагч Н.Энхбаяр, Макро эдийн засгийн нөхцөл байдлын талаар Б.Түвшинтөгс, Олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах хэрэгцээ, шаардлагын талаар эдийн засагч Ч.Хашчулуун  нар оролцож тодорхой үр дүнгийн талаар нээлттэй ярицлаа.

20 гаруй мянган төрийн албан хаагч цомхтголд орно

УИХ-ын ээлжит бус чуулганаар “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Сангийн сайд “Улсын хэмжээнд 179300 төрийн албан хаагч ажиллаж байна. Төрийн албан хаагчдын тоо 2012 оноос 40000 хүнээр нэмэгджээ. Эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан 20 орчим мянган төрийн албан хаагчийг цомхотгоно” гэлээ. Тэрбээр цомхотгосон хүмүүсийг ажилгүй орхихгүй. Тэднийг ажилтай болгох хөтөлбөрийг хэрэгжүүлж, 2017 оны төсөвт тусгана гэв.

Сайд нарын 48,3 хувь нь ХОМ-ээ мэдүүлжээ

Шинэ сайд нар хуулийн хугацаанд хөрөнгө орлогоо мэдүүлэх ёстой. Тэгвэл

наймдугаар сарын 23-ны байдлаар Засгийн газрын гишүүдийн 48.3 хувь нь 2015 оны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргаж бүртгүүлсэн байна. Иймээс Авлигатай тэмцэх газар Засгийн газрын гишүүн, дэд сайд нарт хуулийн хугацаанд багтаан мэдүүлгээ гаргах талаар зөвлөмж, чиглэл хүргүүлж, хяналт тавин ажиллаж эхэлжээ.

Цэцэрлэгийн бүртгэл эхэлж, сугалаа суглав

Жилийн жилд цэцэрлэгийн бүртгэл асуудал дагуулдаг. Нийслэлд цэцэрлэгийн хүрэлцээ муутайгаас болж сургуулийн өмнөх боловсролын насны хүүхдүүд суурь хүмүүжил олж авч чадахгүй байгаа нь дэндүү харамсалтай. Энэ жил цэцэрлэгүүд 22-ноос эхлэн бүртгэлээ эхлүүлсэн бөгөөд зарим дүүрэгт хүүхдүүдээ сугалгаараа бүртгэхээс өөр аргагүй байдалд хүрчихээд байгаа юм.

Харин энэ элсэлтийн тасалбар буюу сугалгааг эцэг эхчүүд нь хүлээн зөвшөөрөхгүй бөөн хэл ам хийсэн ч харьяа яам болоод Нийслэлийн боловсролын газраас гаргасан шийдвэрийг дагахаас өөр гарцгүй болсон юм. Нийслэлд нийт 70 гаруй цэцэрлэг бүртгэлээ сугалаа хэлбэрээр өчигдөр явуулав. Насны ангилалаар нь ялгаж, нэг ангийн багтаамжинд нийцүүлж нэг цэцэрлэг 10-40 хүүхдийг сугалсан байна

“Рио”-гоос манай тамирчид бүгд ирлээ

“Бразил улсын Рио Де Жанейро хотноо зохиогдсон зуны XXXI олимпийн их наадам өнгөрсөн долоо хоногт өндөрлөв.

Эх орныхоо нэрийг дуурсгаж, алтан соёмбот далбааг намируулж, төрийн дуулалаа эгшиглүүлэхээр явсан манай баг тамирчид, багш дасгуулагчид эх орондоо ирлээ. Хэдий гаргасан амжилт багатай ч жүдо бөх мөнгөн медаль, боксоор хүрэл медальтай мөн дээгүүр байр эзэлсэн үзүүлэлтэй ирцгээсэн нь бахархам. Өчигдөр өглөө гэхэд олимпийн наадмын боксын эрэгтэйчүүдийн 60 кг-д хүрэл медаль хүртсэн Доржнямбуугийн Отгондалай, чөлөөт бөхийн хүрэл медалиа бусдад луйвардуулсан Ганзоригийн Мандахнаран нар багш дасгуулагчдын хамтаар ирцгээлээ.

Харин мөнгөн медалийн эзэн жүдоч Доржсүрэнгийн Сумъяа нь долоо хоногийн өмнө эх орондоо бусадтайгаа хамт ирсэн байсан юм.

Дашрамд сонирхуулахад, Монголын чөлөөт бөхийн холбооны удирдлага багша нар хуралдаад Д.Сумъяагаа Хөдөлмөрийн баатарт тодорхойлохоор болсон сурагтаa.

Г.Маралмаа давж заалдав

Дөрвөн настай охиныг үхтэл нь зодож улмаар үхэлд хүргэсэн гэх төрсөн эцэг Т.Цогт болон хойд эх Г.Маралмаа нарыг шүүх анхан шатны шүүх хурал болсон билээ. Шүүх хурлаас төрсөн эцгийг нь цагаатгаж, Г.Маралмаад 23 жилийн хорих ял оноосон юм. Өөрөөр хэлбэл, эмэгтэйчүүдийн хорих ангид чанга дэглэмд 23 жилийн ял эдэлнэ гэсэн үг. Ийнхүү энэ хэрэгт хоёр хүн буруудаж, цагдан хоригдож байсан бөгөөд нэг нь цагаадаж, нөгөө нь ялагдсан учраас шүүхийн шийдвэрт ард түмэн эсэргүүцсэн хэвээрээ байгаа. Харин өөрт нь оноосон ялыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн хойд эх Г.Маралмаа давж заалдах шатны шүүхэд гомдлоо гаргав. Одоогоор шүүх хурлын тов гараагүй байна.

Зуслангийн замд зам тээврийн ноцтой осол гарч хоёр хүн амиа алдав

Нийслэл, орон нутагт зам тээврийн ноцтой осол гарсаар байна. Өнгөрсөн долоо хоногт Шаргаморьт зуслангийн чиглэлд автын ноцтой осол гарч хоёр хүний амь эрсдэж, хоёр хүн хүнд бэртэл авч ГССҮТ-ийн Сэхээний тасагт хэвтэн эмчлүүлж байна.

Тодруулбал,энэ сарын 19-ний өглөө 07.00 цагийн орчимд Шаргаморьт чиглэлийн зуслангийн замд  “Subaru” маркийн автомашины жолооч Т урсгал сөрж “Toyoto Allion” маркийн автомашинтай мөргөлдсөнөөс уг осол болжээ. Улмаар Т газар дээрээ нас барж, мөргүүлсэн машины жолооч Ө нь ГССҮТөвд хүргэгдэн очоод амьсгал хураасан. Мөн хоёр хүн гэмтсэн бөгөөд энэхүү ноцтой ослын хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж эхэллээ. Хэргийн газрын үзлэгээр осолдсон хоёр машин 150 км цагийн хурдтай явж байсан байна.

Тиймээс жолооч нарыг замын хөдөлгөөнд оролцохдоо хурдаа сааруулж явахыг Замын цагдаагийн газраас анхааруулж байна.

О.Сайхан

 


URL:

Сэтгэгдэл бичих